| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/0078/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/92 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/92
2026 02 06 2026/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,
улсын яллагч ****
шүүгдэгч ****нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч ****холбогдох эрүүгийн 2525000000088 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, ****** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
****нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 04-05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн ****тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр хохирогч ****үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар шар өнгийн иштэй хутгаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, нүүрэн хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн бугалганд шарх, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогчийн хагалгааны зардал мөнгийг төлнө.” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө 04-05 цагийн үед нөхөр ****нь **** гэх нэг залуугийн хамт согтуу орж ирсэн. Согтуу орж ирээд надтай хэрүүл маргаан хийж эхлэсэн. Ингэхдээ гэртээ Зоригоо гэх залуутай нэг шил архи хувааж уусан. Уг архийг дууссаны дараа ****нь намайг элдэв янзаар хэлээд надтай хэрүүл маргаан хийж намайг зодож, гэрийн шүүгээний шургуулгад байсан шар өнгийн иштэй хутгаар миний зүүн гарын булчингийн ар хэсэгт хутгалчихаад гараад зугтаачихсан. Зоригоо гэх залуу араас нь гараад явчихсан Ингээд би гэртээ ганцаараа цусаа тогтоож байж байгаад өдөр тийш нь цагдаад мэдэгдсэн. ...Миний нөхөр **** нь намайг урьд өмнө нь зодож, цохиж байсан зүйл байхгүй, хааяа архи уусан үедээ хэрүүл маргаан хийгээд байдаг. Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 8, 10 дугаар хуудас/,
Яллагдагч ****мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад Зоригоо гэх залуутай тааралдаж хоёрдугаар микрт байх нэг буудалд очиж архи уугаад нэлээн орой болтол тэндээ байсан. Тэгээд шөнө дунд буудлаасаа гараад манай гэрт очих үед эхнэр ****ганцаараа унтаж байсан. Зоригоо бид хоёр авч ирсэн нэг шил архиа манай гэрт уугаад сууж байгаад би эхнэр Оюун-Эрдэнэтэй маргалдаж түүнийг зодож, цохиж, хутгаар гар луу нь хатгасан юм. Тэгээд би ** хамт гараад явчихсан. Тэндээсээ гарч яваад найз ***ы гэрт очиж хоносон юм. ...Эхнэр бид хоёр гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. ...Тухайн үед эхнэр ****бид хоёр байсан. Зоригоо бид хоёрыг маргалдаж байхад гараад явчихсан... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 193 дугаартай “***** биед зүүн бугалганд шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн бугалганд үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, нүүрэнд үүссэн цус хуралт нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/,
шүүгдэгч **** иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтийг зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****нь “2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Зоригоо гэгчтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн ****тоот гэртээ ирж үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 04-05 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр хохирогч ****үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар шар өнгийн иштэй хутгаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, нүүрэн хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн бугалганд шарх, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс гадна хохирогч ****Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч ****гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Түүнчлэн "Гэр бүлийн хүчирхийлэл" гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж хуульчилжээ.
****болон хохирогч ****нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч сайн дурын үндсэн дээр хамтын амьдрал бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн ****тоотод хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, сэжигтний мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд ****нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж хуульчилсан хохирогчийн “...Миний нөхөр ****нь намайг урьд өмнө нь зодож, цохиж байсан зүйл байхгүй, хааяа архи уусан үедээ хэрүүл маргаан хийгээд байдаг...” гэсэн мэдүүлгээр энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 04-05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн ****тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр хохирогч ****үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар шар өнгийн иштэй хутгаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, нүүрэн хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн бугалганд шарх, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон,
түүний хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч ****үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч У.Мөнхбатыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч ****нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч ****нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ