Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 151/шш2024/00237

 

 

 

 

 

2024 03 20

151/ШШ2024/00237

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч:  Ф ХХК-ийн

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,919,272,924 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,919,272,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ф ХХК нь Т ХХК-тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баяжуулах үйлдвэрийн газар шороо талбай бэлтгэлийн ажил гүйцэтгэх ************ тоот гэрээний үүргийн биелэлтийг хангуулж үлдэгдэл төлбөр болох 1,919,272,924 /нэг тэрбум есөн зуун арван есөн сая хоёр зуун далан хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

3. Зохигчын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай "Ф" ХХК, түүнийг төлөөлж Захирал Д-ын Н, нөгөө талаас хариуцагч ******** регистрийн дугаартай "Т" ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Ц бид дор дурьдсан нөхцлөөр харилцан тохиролцож байгуулав. 1.1. Энэхүү гэрээгээр "Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Т ХХК-д холбогдох "Гэрээний үүргийн биелэлт 1,919,272,924 төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг талууд эвлэрэн хэлэлцэх замаар дуусгавар болгох харилцааг зохицуулна. 1.2. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож 1,919,272,924 төгрөгийг хариуцагч "Т ХХК нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч "Ф" ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна. 2.1. Талууд энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид уг асуудлаар дахин маргаан гаргахгүй, харилцан хүндэтгэлтэй хандах болно. 2.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зөрчихгүй болно. 3.1. Хариуцагч "Т ХХК нь энэхүү гэрээний 1.2-д заасан 1,919,272,924.0 /нэг тэрбум есөн зуун арван есөн сая хоёр зуун далан хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулна. 3.2. Нэхэмжлэгч "Ф" ХХК нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1,919,272,924 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гэрээний алданги, нэмэлт төлбөр, компанид учирсан хохирол, хууль зүйн туслалцааны төлбөр, шүүхийн зардал зэрэг нэхэмжлэхгүйгээр харилцан тохиролцов. 4.1. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. 4.2. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шүүхэд, талууд тус бүр нэг нэг хувийг хадгалах ба эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна. 4.3. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга, тэмдгээ дарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ф ХХК-ийн дүрмийн хуулбар, Т ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ****** дугаар албан бичгийн хуулбар, Х банк ХК-ийн гүйцэтгэлийн баталгаа, нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ********* дугаар нүүрс баяжуулах, коксын үйлдвэрийн газрын шороо, талбай бэлтгэлийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *********** гэрээний хугацаа сунгалтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шороо, талбай бэлтгэлийн ажлын даалгаврын хуулбар, Ф ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ********** дугаар комиссын дүгнэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаар ажил хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ********* дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбар, хавсралт, Авто замын барилгын ажлын төсвийн хуулбар, хавсралт Т аймаг, С сум, Т компанийн нүүрс баяжуулах, коксын үйлдвэрийн газар шороо, талбайн бэлтгэл хайрган авто замын ажлын төсвийн хуулбар, хүсэлт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ф ХХК болон Т ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нүүрс баяжуулах, коксын үйлдвэрийн газар шороо, талбай бэлтгэлийн ажил гүйцэтгэх ********** дугаар гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч нь уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,919,272,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,919,272,924 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ф ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,754,315 төгрөгөөс 4,877,157.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 4,877,157.5 төгрөг, хариуцагч Т ХХК-иас 4,877,157.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1,919,272,924 /нэг тэрбум есөн зуун арван есөн сая хоёр зуун далан хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ф ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,754,315 төгрөгөөс 4,877,157.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************* тоот данснаас 4,877,157.5 төгрөг, хариуцагч Т ХХК-иас 4,877,157.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА