Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 174

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хатанбаатарт холбогдох эрүүгийн 201701000070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч: С.Хатанбаатар

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Сумъяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Майбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин баг 3 дугаар хороолол 12 дугаар байрны 107 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Үст овгийн Сумъяагийн Хатанбаатар /Регистрийн дугаар ФБ99120116/.

Шүүгдэгч С.Хатанбаатарыг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 62 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2016 оны зунаас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг, Уурхайчин баг 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 107 тоот гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: С.Хатанбаатар 2016 оны зун Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байх зуслангийн байрныхаа ойролцоо замын хажуугаас “зэрлэг олсны ургамал” түүж бэлтгэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг, Уурхайчин 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 107 тоот гэртээ болон биедээ хадгалсан ба уг ургамал нь НҮБ-ийн 1971

оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 62 грамм жинтэй болох нь тогтоогдсон.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

   - Шүүгдэгч С.Хатанбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэгт орсондоо харамсаж байна. Булганы лагерийн хажуугаас ургамал түүгээд цүнхэндээ хийгээд мартсан байсан. Юутюбээс гадаадын нэг дуучны клипэнд энэ ургамалыг магтаж дуулдаг. Каннабис гэж ярьдаг юм билээ. Тэгээд тэр ургамал замын хажууд ургасан байхаар нь түүж цүнхэндээ хийгээд мартсан байсан. Хэрэглэж үзээгүй. Анх удаа баригдах өдөр орцонд хэрэглэх гэж үзээд болоогүй. Хор уршигийг нь мэддэггүй байсан. Одоо маш сайн мэдэж авсан гэх мэдүүлэг,

- Мансууруулах эм сэтгэцэнд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-17 талд/

- 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Олон төрлийн мансууруулах бодис /MOR, MET, COC, AMP, THC/ хүний шээснээс илрүүлэх тест тэмдэглэл, хүний биенээс шээс авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 талд/

 - 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Биед үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24 талд/

 - 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-51 талд/

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 54 талд/

- 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 55-57 талд /

- 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3141 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн Х.Энхманлай, О.Галтмөндөр, Б.Дүүрэнбуян, С.Хатанбаатар нарын гэх шээснүүд нь 20-25 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэхгүй.

2. шинжилгээнд ирүүлсэн “1100-3213 дугаартай гомдол мэдээллийн эд мөрийн баримт” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл савны хамт 22 грамм, “1100-3213 дугаартай гомдол мэдээллийн эд мөрийн баримт” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл уутны хамт 40 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3. Дээрх хуванцар савтай болон гялгар ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 72-77 тал/

- 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3769 дугаартай

1.Шинжилгээнд ирүүлсэн ”Х.Энхманлай 2017.04.11” гэж хаягласан шээс, “Б.Дүүрэнбуян 2017.04.11” гэж хаягласан шээс, “О.Галтмөндөр 2017.04.11” гэж хаягласан шээс, “С.Хатанбаатар 2017.04.11” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн ”Х.Энхманлай 2017.04.11” гэж хаягласан шээс, “Б.Дүүрэнбуян 2017.04.11” гэж хаягласан шээс, “О.Галтмөндөр 2017.04.11” гэж хаягласан шээс, “С.Хатанбаатар 2017.04.11” гэж хаягласан шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 78-83 талд/

- Сэтгэц гэм судлалын дүгнэлт /1-р хх-ийн 887-102 талд /

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 158 талд/

-Ял шийтгэлийн лавлагаа /1-р хх-ийн 176 талд/,

-Насанд хүрээгүй сэжигтэн Б.Дүүрэнбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр...2 литр пиво аваад 5-23 дугаар байрны 8 давхарт гарч пиво уугаад сууж байхад С.Хатанбаатар цүнхнээсээ цагаан өнгийн эмийн савтай зүйл гаргаж ирээд надад өвс байна гээд бид нарт үзүүлсэн юм. Тэгээд бид 4 хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон бөгөөд яаж хэрэглэхээ мэдэхгүй болохоор дэвтэрийн цаасанд ороож татахаар болоод дэвтэрийн цаасанд ороосон чинь болохгүй байхаар хэрэглэхээ болиод уг байрнаас гарах гэж байхад цагдаа нар орж ирээд биднийг барьсан гэх мэдүүлэг /1-р хх 132 тал/

-Насанд хүрээгүй сэжигтэн Х.Энхманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2017 оны 03 дугаар 13-ны өдөр ...2 литр пиво аваад 5-23 дугаар байрны 8 давхарт гарч пиво уугаад сууж байхад С.Хатанбаатар цүнхнээсээ цагаан өнгийн эмийн савтай зүйл гаргаж ирээд надад өвс байна гээд бид нарт үзүүлсэн юм. Тэгээд бид 4 хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон бөгөөд яаж хэрэглэхээ мэдэхгүй болохоор хэрэглэхээ болиод уг байрнаас гарах гэж байхад цагдаа нар орж ирээд биднийг барьсан гэх мэдүүлэг /1-р хх 140 тал/

-Сэжигтэн О.Галтмөндөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...2 литр пиво аваад 5-23 дугаар байрны 8 давхарт гарч пиво уугаад сууж байхад С.Хатанбаатар цүнхнээсээ цагаан өнгийн эмийн савтай зүйл гаргаж ирээд надад өвс байна гээд бид нарт үзүүлсэн юм. Тэгээд бид 4 хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон бөгөөд яаж хэрэглэхээ мэдэхгүй болохоор хэрэглэхээ болиод уг байрнаас гарах гэж байхад цагдаа нар орж ирээд биднийг барьсан гэх мэдүүлэг /1-р хх 146 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд  шүүгдэгч С.Хатанбаатарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Хатанбаатар нь 2016 оны зун Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байх зуслангийн байрныхаа ойролцоо замын хажуугаас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 62 грамм жинтэй ургамал түүж бэлтгэн, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг,Уурхайчин 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 107 тоот гэртээ болон биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 192 дугаал зүйлийн 192.1-д заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ...бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн...хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан санаатай үйлдсэн гэмт хэрэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Хатанбаатарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь иргэний бичиг баримтаар тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй байхдаа анх удаа хэрэг үйлдсэн, үйлдсэн

гэмт хэргийн нийгмийн аюулыг ойлгож ухамсарлан гэмшиж байгаа, түүний хувийн байдал

болон хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай бөгөөд төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд гай зовлон учруулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар буюу Нэгдсэн үндэстний байгууллагын баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж ойлгоно.

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын дээрхи шинж байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй боловч дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзсэн болно.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай цэнхэр өнгийн гялгар ууттай 40 грамм, цагаан өнгийн хуванцар савтай 22 грамм, нийт 62 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамалыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тэмдэглэх нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Үст овгийн Сумъяагийн Хатанбаатарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Хатанбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д заасныг баримтлан С.Хатанбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар шүүгдэгч С.Хатанбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасныг баримтлан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд С.Хатанбаатарыг хараа хяналтдаа

байлгахыг эцэг Ж.Сумъяа, эх Д.Жаргалмаа нарт даалгаж хариуцуулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эрүүгийн 201701000070 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай цэнхэр өнгийн гялгар ууттай 40 грамм, цагаан өнгийн хуванцар савтай 22 грамм, нийт 62 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис/ургамал/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Хатанбатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хатанбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ