Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00641

 

“ЗЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЗЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э, Т.Ц нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч Г.Э-ны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Түвшинжаргал,

Хариуцагч Т.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,

Хариуцагч: Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу харилцан тохиролцож бетон зуурмаг худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн болно. Уг хэлцлийн дагуу худалдагч тал нийлүүлсэн бетоны үнэ 49 280 000 төгрөгийг шаардах эрхтэй ба худалдан авагч Г.Э, Т.Ц нар үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2014 оны 6 сарын 30-ны өдрийн тооцоо хийлсэн актаар 2 тал хүлээн зөвшөөрсний дагуу 39 800 000 төгрөгийн авлага үүссэн. Нийт 49 280 000 төгрөгийн бетон зуурмагийг 2013 оны 5 сарын 01-нээс 2014 оны 6 сарын 25-ны хооронд нийлүүлсэн. Түүнээс 9 480 000 мөнгийг төлөөд 39 800 000 төгрөг үлдсэн. Иймд уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа. Тасралтгүй араас нь явж байсан. Захирал н.Баяр-Эрдэнэ Г.Э 2 олон удаа уулзаж байсан. 2 машин зуурмагийн үнэнд ланд 100, инфинити 2 машин өгье гээд бөхийн өргөөний зүүн хаалга хот буузны гадаа хаалганы талбай дээр дуудаж уулзаад үнэ нь өндөр байна гээд тохиролцоогүй. Дараа нь бартерын гэрээ хийнэ гээд төмөр замд уулзсан. Их олон удаа уулзахад төлөх л юм ярьдаг байсан. Энэ байраа улсын комисс ашиглалтад орж чадаагүй төлнө л гэдэг. Г.Э бас өндөр үнэтэй байр санал болгож байсан. Сүүлдээ утсаа авахаа больж холбогдохгүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягтаа байхгүй гэж татгалзсан, 2018 оны 1 сард эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Т.Ц энэ хоёр Баянгол дүүргийн хаягтай байсан ч хаягаа өөрчилсөн байсан. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэгт гэсээр хугацаа алдсан. Сүхбаатар дүүргийн хаягаар нэхэмжлэл гаргасан хайж утсаар ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. Хамгийн сүүлд 2014 оны 9 сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг хийсэн байдаг. Г.Э-аас Т.Ц руу хийгээд Т.Ц манайх руу хийсэн. 2018 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. 2014 онд байнга Т.Ц-тай уулзаж байсан. 2016 онд 2017 онд утсаар ярьж уулзаж байсан гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц нь “ЗЗ” ХХК-иас 39 800 000 төгрөгийн бетон зуурмагийн гэрээг байгуулаагүй, зуурмагийг өөртөө аваагүй. Харин Г.Э нь өөрийн өмчлөлийн 10 дугаар хороолол 35 айлын орон сууц барьсан, энэ явцад барилгадаа бетон зуурмагийг хүлээн авч хэрэглэсэн гэдэг нь нотлогдож байна. Г.Э нь жинхэнэ хариуцагч мөн. Надад Г.Э мөнгө өгөөд би захиалдаг, зуурмаг барилга дээр нь 3 удаа буусан. Г.Э өөрөө эхнэртэйгээ хүлээж авдаг байсан. Г.Э намайг зээлээр хямд материал ол гэсний дагуу зуурмагийн компанийн захирал н.Баяр-Эрдэнийн ээж н.Цэцэгээтэй сайн танилын хувьд уулзаж гуйж зээлээр зуурмаг авч өгсөн. Падан дээр миний бас Г.Э-ны гарын үсэг байгаа. 40 000 000 төгрөгийн зуурмаг авснаас хагас нь төлөгдсөн. Г.Э-д Т.Ц ямар нэгэн төлбөргүй. Г.Э барилгаас хувь өгнө гэж амалснаар нь түүний барилгад гурван жил гаруй хугацаанд 1 ч төгрөгийн хөлс авалгүй зүтгэж хүчээ зарцуулсан, үнэндээ Т.Ц-гийн хүчээр л маш хямд боссон орон сууц. Одоо бол Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 35 айлын 6 давхар орон сууц бүхэлдээ иргэн Э-ны өмч. Т.Ц-г хариуцагчаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул чөлөөлж өгнө үү. Г.Э бүрэн төлнө гээд тооцоо нийлсэн акт болон баталгааны баримт дээр гарын үсэг зурсан байдаг. 2017 оны өвөл Г.Э бөхийн өргөөний зүүн хаалганы талбай дээр н.Баяр-Эрдэнэтэй уулзаж, төлбөртөө тооцож ланд 100, инфинитив маркийн 2 авто машиныг түүний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Баянголын татвар дээр бас зуурмагны мөнгөө төлнө гэдгээ хэлж байсан, төлөхгүй гэж байгаагүй төлнө төлнө гэсээр өдий хүрсэн гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Америк нэгдсэн Улсад амьдарч байгаад ирсэн. н.Эрдэнэчулуун барилгад хамтарч ажиллая гэсэн, гэтэл барилгыг ямар ч бичиг баримтгүй хаяад явсан тул алдагдалд орсон. 2015 онд би газрын гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Иргэн Г.Э нь 10 дугаар хорооллын барилгаа барьж дуусгасан. “ЗЗ” ХХК-тай аман болон бичгээр гэрээ байгуулж байгаагүй. н.Эрдэнэчулуун нартай аман хэлцлээр хамтарсан. н.Билэгсайхан, н.Эрдэнэчулуун нар барилгад хөрөнгө оруулна гэсэн, зуурмагийг тэд нар олох ёстой байсан тул гэрээ байгуулснаараа хариуцна. Т.Ц-г анх би танихгүй байсан, тэр хүмүүс л танилцуулсан. “Бадмаараг өргөө” ХХК-ийн захирал н.Билэгсайхан, н.Эрдэнэчулуун нар надаас барилгад оруулна гэж 200 гаруй сая төгрөг авсан. Нийт 49 280 000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн, 9 480 000 мөнгийг Т.Ц-гаар дамжуулж төлөөд 39 800 000 төгрөг үлдсэн. Тооцооны баримтад би гарын үсгээ зурсан. Би н.Баяр-Эрдэнэтэй 2017 оны өвөл бөхийн өргөө дээр уулзсан, 2018 оны эхээр ч ажил дээр ирж уулзаж мөнгөө нэхэж дарамтлах янзтай хүмүүс дагуулж ирсэн. Тухайн байранд амьдарч байгаа хүмүүст гэрчилгээг нь гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Арматур, бетон зуурмагийн тодорхой хэсгийг “Бадмаараг өргөө” ХХК хариуцна. Бетон зуурмаг хүлээж авсан баримтууд 2014 оны баримтууд. Нэхэмжлэгч шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. 2018 оны 01 дүгээр сард шүүхэд хандсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн н.Эрдэнэчулуун нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Гар утсаар бичлэг хийснийг мэдээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Э-аас 39 800 000 төгрөгийг гаргуулж “ЗЗ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс Т.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас 356 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 6 давхар барилга барьсан нь үнэн. Тухайн үед тус барилгыг барихад "Бадмаараг өргөө" ХХК-ийн захирал Г.Билэгсайхан, гүйцэтгэх захирал С.Эрдэнэчулуун нар нь тус барилгад хөрөнгө оруулалт хийе, тухайн барилгыг ашиглалтад ороход 20, 20 хувь ашиг авахаар аман гэрээ хийж харилцан тохиролцсон. Г.Билэгсайхан, С.Эрдэнэчулуун нар нь тус барилгад зуурмаг нийлүүлэх ажлыг Ц гэдэг хүн хариуцна гэж ажил дээр авчирч танилцуулсан. Барилгын зуурмаг нийлүүлэх гэрээ хэлцлийг Т.Ц хариуцан хийсэн. "ЗЗ" ХХК гэж хаягласан толгойтой 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актын доторх бичилтийн цаг хугацааг 2014 оны 9 сарын 09-ний өдөр гэж худал бичсэн талаар мөн Г.Э нь 2014 оны 8, 9 сард бетон зуурмагны мөнгө шилжүүл гэж Т.Ц-д мөнгө шилжүүлээгүй гэж маргасаар байтал шүүгч илтээр гуйвуулж шийдвэрийн 4 дүгээр талд эдгээр мөнгийг Т.Ц-гаар дамжуулж төлсөн. Энэ талаар талууд маргаагүй болно гэж бичжээ. Тус хэрэгт авагдсан "Тооцооны үлдэгдлийн баталгаа" гэсэн баримт дээр “ЗЗ” ХХК, Г.Э-тай тус хоёр байгууллага хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлсээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 39 800 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэсэн нэхэмжлэгч талаас “ЗЗ” ХХК-ийн нягтлан бодогч Б.Алтанчимэг, төлөгч талаас иргэн Г.Э нарын гарын үсэг бүхий баримтаар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүх төлбөр тооцоо хийгдсэн түүний үлдэгдэл 39 800 000 төгрөг байжээ гэдэг нь тогтоогдоно. Шийдвэрийн 4 дүгээр талд хариуцагч Г.Э тооцоо нийлсэн актад тэмдэглэснээр 2014 оны 6 сарын 30-ны өдөр гэж огноо тавьсан мөртлөө жагсаалтын сүүлд 2014 оны 8 сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2014 оны 9 сарын 09-ний өдөр 1 500 000 төгрөг төлснийг тэмдэглэсэн байгаа нь акт энэ 2014 оны 9 сарын 09-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэж үзэхээр байна .... мөн “ЗЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн дүрмээр В.Баяр-эрдэнэ 2017 оны 3 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд захирлаар бүртгэгдсэн байгаагаас үзэхэд 2014 оны 9 сарын 09-ний өдрөөс хойш, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө энэ баталгаа баримт үйлдэгдсэн гэх үндэстэй байна гэж илт мушгин гуйвуулж тус баримтын тэргүүн огноог үгүйсгэж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Шийдвэрийн 5 дугаар талд 2017 оны өвөл “ЗЗ” ХХК-ийн захирал В.Баяр-эрдэнэтэй бөхийн өргөөний орчимд уулзаж төлбөрт автомашин шилжүүлэх тухай яригдсан гэж байгаа нь дээрх 2014 оны 9 сарын 09-ний өдрөөс хойш тооцоход Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар 2017 оны өвөл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хууль зүйн үндэслэл бүхий үйл баримт бий болсон гэх үндэслэл болж байна гэж дүгнэж байгаа нь тэр үед яригдаж нэг тал нь дүүгийнхээ машиныг зарна нөгөө тал нь машин авах тухай яригдсан яриаг илт мушгин гуйвуулж төлбөр тооцоо нэхэгдсэн болгож энэ нь нотлох баримтаар тогтоогдсон мэтээр бичиж шийдвэр гаргах үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Г.Билэгсайхан, С.Эрдэнэчулуун нар нь хоорондоо үгсэн хуйвалдаж тус барилгад хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлээд Г.Э-аас 200 сая төгрөг авч залилсан хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа мөн зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй, барилга нь нураах жагсаалтад орчихсон байсан газрыг Хонгор гэдэг хүнтэй хуйвалдаж Г.Э-д худалдаж залилсан зэрэг нь эдгээр хүмүүсийн хувийн байдлаас тогтоогдоно. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “ЗЗ” ХХК нь анх 2017 онд Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд бетон зуурмагны төлбөртэй холбоотой Г.Э-д холбогдох нэхэмжлэл гаргаж тус хэрэг нь хэрэгсэхгүй болсон, дахин Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авахаас татгалзсан тухай “ЗЗ” ХХК-ийн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан, хариуцагч тал энэ тухай авч хэлэлцэхийг шүүгчээс хүссэн атал энэ талаар шүүгч хянаж үзээгүй илт орхигдуулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа дууссан байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн дугаар 181/ШШ2018/02248 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЗЗ” ХХК нь хариуцагч Г.Э, Т.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 39 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ЗЗ” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 49 280 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хариуцагч Г.Э-ны барилгад нийлүүлж, хариуцагч Г.Э нь гэрээний дагуу 9 480 000 төгрөгийг Т.Ц-аар дамжуулж “ЗЗ” ХХК-д өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Улмаар 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 39 800 000 төгрөгт талууд тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа хийжээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр дууссан гэж үзэхээр байна. /хх-н 10-р тал/

Анхан шатны шүүх талуудыг 2017 оны өвөл бөхийн өргөөний орчимд уулзаж төлбөрт автомашин шилжүүлэх тухай яригдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн дүгнэж мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхэлсэн хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч “ЗЗ” ХХК нь 2014 оны 9 сарын 9-ний өдрөөс хойш гурван жилийн хугацаанд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч нар ямар нэгэн хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх “ЗЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн дүрмийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, дээрх баримтууд нь маргааны үйл баримт, тооцооны үлдэгдлийн баталгаатай шалтгаант холбоогүй байна.

Иймд нэхэмжлэгч “ЗЗ” ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 800 000 төгрөгийг шаардах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Э, Т.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 800 000 төгрөг гаргуулах тухай “ЗЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, Т.Ц нарт холбогдох 39 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЗЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 356 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                                Г.ДАВААДОРЖ