Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00325

 

 

 

 

                        2024       04         10

   151/ШШ2024/00325

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*********г” ХХК

/Улаанбаатар хот, ****** дүүрэг, ******* дугаар хороо, ********т ****** тоот/-ийн

Хариуцагч: “Т****************ш” ХХК

/Төв аймаг, ***** сум, ******** дүгээр баг, *****, ********** баруун тал/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхдөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х*********г” ХХК нь хариуцагч “Т****************ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч компани нь барилгын засвар, засал чимэглэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани билээ. 2021 оны 11 дүгээр сард "Т****************ш ХХК нь "өвлийн их ачааллаас өмнө 1 дүгээр шугамын сорох, үлээлгийн 2 насосыг маш яаралтай засварлах" гэх санал тавьсны дагуу 4 дүгээр үйлдвэрийн 1 дүгээр шугамын сорох, үлээлгийн насосын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 8,000,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцсон болно. Тухайн үедээ тус компанитай бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд шалтгаан нь "эхлээд яаралтай ажлаа дуусгаадах" гэсэн тул шууд бичгийн гэрээ хийлгүйгээр ажлаа хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлыг маань 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн 4 дүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэг, засварын мастер Х.Тэрбиш нар хүлээн авч акт үйлдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч компани нь бидний хийсэн засварын ажлын хөлс болох 8,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Бидний хийсэн ажлын үр дүнг хүлээн авч, Компанийн үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа атал ажлын хөлсөө өгөхгүй байгаад нэхэмжлэгч компанийн зүгээс гомдолтой байна. Иймд “Т****************ш” ХХК-ийн 4 дүгээр үйлдвэрийн 1 дүгээр шугамын сорох, үлээлгийн насосын засварын ажлын хөлс болох 8,000,000 төгрөгийг “Т****************ш” ХХК-иас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үлээлгийн насосын баримт, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23/50 дугаар “Х*********г” ХХК-ийн “Т****************ш” ХХК-д гаргасан хүсэлт, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Х*********г” ХХК нь хариуцагч “Т****************ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талууд эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан болно.

3. Талуудын эвлэрлийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх)-г харилцан тохиролцон бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэг. Гэрээний агуулга.

1.1. Энэхүү гэрээгээр "Х*********г" ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т****************ш” ХХК-д холбогдох "Гүйцэтгэсэн ажлын хөлс болох 8,000,000 /Найман сая/ төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг талууд эвлэрэн хэлэлцэх замаар дуусгавар болгох харилцааг зохицуулна.

1.2. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг хариуцагч "Т****************ш ХХК нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч "Х*********г" ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна.

Хоёр. Талуудын үүрэг.

2.1. Талууд энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид уг асуудлаар дахин маргаан гаргахгүй, харилцан хүндэтгэлтэй хандах болно.

2.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зөрчихгүй.

Гурав. Эвлэрлийн нөхцөл.

3.1. Хариуцагч "Т****************ш ХХК нь энэхүү гэрээний 1.2-д заасан 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Нэхэмжлэгчийн Голомт банк дахь 1*****4241 тоот дансанд төлж барагдуулна.

3.2. Нэхэмжлэгч "Х*********г" ХХК нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд компанид учирсан хохирол, хууль зүйн туслалцааны төлбөр зэрэг нэмэлт төлбөр нэхэмжлэхгүйгээр харилцан тохиролцов.

Дөрөв. Бусад зүйл.

4.1. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

4.2. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шүүхэд, талууд тус бүр нэг нэг хувийг хадгалах ба эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна.

4.3. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга, тэмгээ дарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар “Х*********г” ХХК нь өөрийн бараа, материалаар хариуцагч “Т****************ш” ХХК-ийн 1 дүгээр шугамын сорох, үлээлгийн 2 насосыг засварлан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үйл баримтын талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасан.

5. Нэхэмжлэгч “Х*********г” ХХК нь Л.Мөнхдөлд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг төлөөлж оролцсон, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Т****************ш” ХХК үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцэх ба итгэмжлэлээр олгосон эрхэд хамаарна.

7. Хариуцагч “Т****************ш” ХХК нь С.Мөнхтуяад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж оролцсон, 6,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нийцэх ба 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/412 дугаар албан бичгээр өгсөн эрхэд хамаарч байна.

8. Талуудын шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.

9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Х*********г” ХХК-ийн хариуцагч “Т****************ш” ХХК-д холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т****************ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х*********г” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч “Х*********г” ХХК-ийн хариуцагч “Т****************ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч “Т****************ш” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Х*********г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т****************ш” ХХК-иас 140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*********г” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ