Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

  2026       06          05                                           2026/ШЦТ/290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2625003140293 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Б-ийн Э, Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводод тогооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:  /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд хохирогч С.Э цохиж, өшиглөн биед нь халдаж эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Н.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр хүний эрүүл мэндэд гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Болсон үйл явдлаа санахгүй байгаа. Бичлэг үзээд хүмүүсийг цохисноо мэдсэн. Ад 2 750 000 төгрөг, Э д 1095 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эрүүгийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.

 

Хохирогч С.Э , Н.А нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Н.А-н “2026 оны 03 сарын 02-ны өдөр бэр дүү Э  хамт Шанд багийн **** тоот гэртээ 0.5-н хэмжээтэй Tsengtao нэртэй пиво 3 лаазыг уугаад Зэст баг байх Шугар бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Ороод 2 лааз пиво захиалж уугаад бид хоёр бүжиглэж байхад Э үл таних эмэгтэй үснээс нь зулгаагаад эргэж харахын завдалгүй дахиад өөр нэг эмэгтэй үснээс зулгааж газар унагаад тал талаас зодоод байсан. Баарны хамгаалагч салгах гээд чадаагүй, цагдаа ирж салгасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

2. Хохирогч С.Э гийн “2026 оны 03 сарын 02-ны орой 20 цагийн орчимд А эгчийн гэрт бид хоёр хүний 3, 3 лааз пиво уугаад дэлгүүр хаасан байсан болохоор дахин пиво уухаар Шугар баар луу орж 4 лааз пиво аваад ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад А эгч нэг эмэгтэйтэй шүргэлцээд би салгаад, тусдаа зогсож байхад намайг үл таних эмэгтэй үснээс зулгаахаар нь би дундаас нь гарах үед А газар үл таних хүмүүстэй үсдэлцэж байсан. Би салгах гээд очиход цагаан цамцтай эмэгтэй намайг нүүр лүү түлхэж унагаан нэг удаа нүүр лүү өшиглөсөн. А эгч нөгөө хэдээс салаад баарны үүд хэсэгт зогсож байхад намайг өшиглөсөн эмэгтэй А эгчийн нүүр лүү гараараа цохиж, А эгч дээр унасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/

3. Гэрч Б.Т-н “2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай байгууллагынхан март тэмдэглэх гээд Шугар бааранд орсон. Ширээн дээр суугаад захиалга хийгээд авсан архи, дарсаа задлаад бүжиглэж байхад үл таних 2 эмэгтэй манай ажлын Т-тэй  шүргэлцээд маргалдах гэж байхад нь намхан эмэгтэй нь манай ажлын хамт сууж байсан охиныг өдөөд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь бид нар салгаж холдуулах гэсэн. Тухайн танихгүй эмэгтэйтэй хамт явсан Э  гэх эмэгтэй бас салгах гээд байсан. А нь салж өгөхгүй байсан. Тухайн байгууллагын хамгаалагч ирж салгах гэтэл салж өгөхгүй дайраад байхаар нь би А гэх эмэгтэй үснээс татаад тавьсан чинь Э  гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад би газар Э  гэх эмэгтэйтэй миний үснээс зулгаахад гарыг нь тавиулаад босох гэж байхад А ирж миний үснээс татаад хэсэг хугацааны дараа босож ирэхэд баарны гэрэл асаад бүгд салсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд ширээн дээрээ суусан. Тэр хоёр эмэгтэй хэрүүл маргаан үүсгээд байсан. Цагдаа ирээд А, Э  гэх 2 эмэгтэйг аваад явсан. Миний шүд рүү цохисон зүйл байхгүй. Өмнө нь хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

4. Гэрч У.А-н “2026 оны 03 сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай ажлынхан Шугар бааранд баяр тэмдэглэж байсан. Би араас нь очоод ширээн дээр суугаад нэг хундага виски уугаад бүжиглэж байхад манай ажлын хүмүүс үл таних хүмүүстэй маргалдаад байсан. Салгах гээд очиход ажлын газрын Т  үл таних эмэгтэй үсдүүлээд газар хэвтэж байсан. Би салгах гээд чадаагүй. Баарны хамгаалагч ирж салгасан. Баарны хамгаалагч ирээд салгасан. Баруун өвдөг, шилбэнд цус хуралт нь тухайн үед салгаж байгаад сандалд цохигдсон байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

5. Яллагдагч Б.Э ийн “Би 2026 оны 03 дугаар сарын 02-наас 03-нд шилжих Орхон Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд ажлын газрын хамт олон А , Т , Б нарын хамт орж Мартын 8-ны баяр тэмдэглэж тухайн газар үйлчлүүлсэн.. Би тэгээд баарны гадаа тамхи татчихаад ороод ирэхэд манай найз Т , Б хоёрыг хохирогч гэх 2 эмэгтэй үсэдчихсэн шалан дээр хэвтчихсэн байхаар нь би дундуур нь орж салгаж Э  гэх эмэгтэй дундуур орж босгож ирсэн тэгсэн чинь тухайн Э  гэх эмэгтэй над руу дайрч давшлаад намайг хэл хэлэхгүй үгээр доромжлоод байхаар би тухайн эмэгтэйг биеийн цээжин хэсэгт түлхэж газар унагаасан. Газар уначхаад босож ирээд над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалж Э  эмэгтэй нүүрэн тус газар нь хальт өшиглөсөн юм. Тэгээд би тухайн эмэгтэйгээс салаад байж байтал нөгөө А гэх эмэгтэй нь Э ээ өмөөрч орж ирэхээр нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар салсан юм. Манай хоёр Т , Б хоёр А, Э  хоёртой зодоон хийгээгүй. Би Аыг гараараа  хөмсөгний зүүн талд нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 79-80 дугаар хуудас/

6. Шугар баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 28-32 дугаар хуудас/

7. Орхон аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ/0726/221 дугаартай “С.Э гийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

8. Орхон аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ/0726/222 дугаартай “Н.А-н биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд хохирогч С.Э цохиж, өшиглөн биед нь халдаж эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Н.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр хүний эрүүл мэндэд гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.А-н “2 лааз пиво захиалж уугаад бид хоёр бүжиглэж байхад Э  үл таних эмэгтэй үснээс нь зулгаагаад эргэж харахын завдалгүй дахиад өөр нэг эмэгтэй үснээс зулгааж газар унагаад тал талаас зодоод байсан. Баарны хамгаалагч салгах гээд чадаагүй, цагдаа ирж салгасан” гэх мэдүүлэг, хохирогч С.Э ий “Би салгах гээд очиход цагаан цамцтай эмэгтэй намайг нүүр лүү түлхэж унагаан нэг удаа нүүр лүү өшиглөсөн. А эгч нөгөө хэдээс салаад баарны үүд хэсэгт зогсож байхад намайг өшиглөсөн эмэгтэй А эгчийн нүүр лүү гараараа цохиж, А эгч дээр унасан” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “Тухайн танихгүй эмэгтэйтэй хамт явсан Э  гэх эмэгтэй бас салгах гээд байсан. А нь салж өгөхгүй байсан. Тухайн байгууллагын хамгаалагч ирж салгах гэтэл салж өгөхгүй дайраад байхаар нь би А гэх эмэгтэй үснээс татаад тавьсан чинь Э  гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад би газар Э  гэх эмэгтэйтэй миний үснээс зулгаахад гарыг нь тавиулаад босох гэж байхад А ирж миний үснээс татаад хэсэг хугацааны дараа босож ирэхэд баарны гэрэл асаад бүгд салсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд ширээн дээрээ суусан. Тэр хоёр эмэгтэй хэрүүл маргаан үүсгээд байсан. Цагдаа ирээд А, Э  гэх 2 эмэгтэйг аваад явсан. Миний шүд рүү цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч У.А ы “Салгах гээд очиход ажлын газрын Т  үл таних эмэгтэй үсдүүлээд газар хэвтэж байсан. Би салгах гээд чадаагүй. Баарны хамгаалагч ирж салгасан. Баарны хамгаалагч ирээд салгасан, баруун өвдөг, шилбэнд цус хуралт нь тухайн үед салгаж байгаад сандалд цохигдсон байх” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э ийн “би тухайн эмэгтэйг биеийн цээжин хэсэгт түлхэж газар унагаасан. Газар уначхаад босож ирээд над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалж Э  эмэгтэй нүүрэн тус газар нь хальт өшиглөсөн юм. Тэгээд би тухайн эмэгтэйгээс салаад байж байтал нөгөө А гэх эмэгтэй нь Э ээ өмөөрч орж ирэхээр нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар салсан юм. Манай хоёр Т , Б хоёр А, Э  хоёртой зодоон хийгээгүй. Би Аыг гараараа  хөмсөгний зүүн талд нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шугар баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ/0726/221 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ/0726/222 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд хохирогч С.Э цохиж, өшиглөн биед нь халдаж эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогч Н.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э нь шууд санаатай үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э ий эрүүл мэндэд “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, нүүр, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Н.А-н эрүүл мэндэд “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүр, зүүн, шуу, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.А