Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/257

 

  2022             3              3                                           2022/ДШМ/257                                  

 

      З.Эт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/3016 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр З.Эт холбогдох эрүүгийн 2103002010268 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

             Шүүгдэгч З.Э нь 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнийн 23 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замын уулзвар дээр “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв”-ийн эзэмшлийн УАЗ-2202 загварын 27-61 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг /зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад/, 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино”, 4.8-д “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Трое” загварын 06-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөж хохирогч З.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: З.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт хохирогч З.Бы Тroi загварын 06-46 УБ улсын дугаартай мотоциклын тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг нотолсон байна” гэж заасныг зөрчсөн байх тул хохирогч З.Бы унаж явсан тээврийн хэрэгсэл хэний өмчлөлийн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй эд зүйл болохыг нотлон тогтоох шаардлагатай байна. Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэлд: “...Тухайн осол хэрэг нь автомашин, мотоцикл 2 мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд ослын газарт УАЗ-2206 загварын 2761464 дугаартай автомашин уулзварын баруун хойд хэсэгт баруун тийш харсан байрлалтай Тroi 06-46 УБ улсын дугаартай мотоцикп уулзварын баруун талын явган хүний гарц тэмдэглэлийн урд хэсэгт баруун урагш харж унасан байрлалтай байна' гэсэн дүгнэлт /хх 4/, Гэрэл зургийн үзүүлэлтэд хохирогч З.Бы унаж явсан мотоциклын тээврийн хэрэгслийн дугаар, арлын дугаар харагдахгүй байдалтай /хх 6-1/, хохирогч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед мотоциклын дугаарыг биедээ авч явж байсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд мөрдөгчийн тэмдэглэлээр хэргийн газарт Тroi загварын 06-46 УБ улсын дугаартай мотоцикл байсан гэх боловч гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлгээр улсын дугааргүй мотоцикл байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Дээр дурдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ”, Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч З.Бы унаж явсан тээврийн хэрэгсэл хэний өмчлөлийн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй, эд зүйл болохыг нотлон тогтоох шаардлагатай байна гэжээ. Хохирогч З.Б мөрдөн байцаалтын шатанд “... 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хороололд байрлах ажпын байрнаасаа “Трое” маркийн 06-46 УБ улсын дугаартай мотоцикл жолоодоод ганцаараа “Сансар”-аас уруудаад “Зүүн 4 зам”-ын голд явж байгаад тухайн уулзварт дөхөж байхад ногоон гэрэл ассан, би зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр чигээрээ уулзварт ороход ертөнцийн зүгээр зүүн талаас улаан гэрлээр “Фургон” автомашин зүүн талаас мөргөсөн. Би мотоциклоос шидэгдэж байгаагаа мэдсэн, унаснаа мэдээгүй ухаан алдсан байсан” /хх 23-24/ гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 5 дугаар сард н.Батмөнх гэх хүнээс уг мотоциклийг худалдан авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа” гэж тус тус мэдүүлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бөхбаярын гаргасан мөрдөгчийн магадлагаатай холбогдуулан шүүх хуралдаанд оруулсан бөгөөд шүүгчийн “З.Бы унаж явсан тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх бэ?” гэсэн асуултанд мөрдөгч Б.Бөхбаяр нь “н.Батмөнх гэх хүнтэй хэргийг шалгаж байх хугацаандаа нэг удаа холбогдож, уг тээврийн хэрэгсэл нь хэнийх болох талаар асуухад, “тэрээр бусдад зарсан, нэрээ шилжүүлж амжаагүй, хөдөө газар ажилладаг учир очиж мэдүүлэг өгөх боломжгүй” гэснийг тайлбарлаж хэлсэн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоосон. Тухайлбал, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 9747 дугаартай дүгнэлтэд “...З.Бы эзэмшлийн 06-46 УБ улсын дугаартай мотоциклд 1.272.000 төгрөгийн шууд, 1.531.500 төгрөгийн нийт хохирол учирсан” /хх 86-88/ гэжээ. Түүнчлэн, Баянзүрх дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 131 дугаартай албан бичигт “...тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн “Тroe” маркийн 06-46 УБ улсын дугаартай мотоциклийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэх боломжгүй, их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй” гэснийг дурдаж, хариу ирүүлсэн /хх 63/-аас гадна шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчийн зүгээс 06-46 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг гаргаж өгч, хэрэгт хавсаргуулсан болно. Хохирогч З.Б нь улсын дугааргүй /мотоцикл/ тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх үйлдэл нь уг осол гарах шууд шалтгаан нөхцөл болоогүй. Энэ нь зөрчлийн шинжтэй бөгөөд яллагдагч З.Эт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12-т зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэжээ. Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар хангалттай шалгасан бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мөн нотолсон бөгөөд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэрэгт нэмэлт яг ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой зааж өгөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд яллагдагч З.Эт холбогдох 2103002010268 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/3016 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          Шүүгдэгч З.Э нь 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнийн 23 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замын уулзвар дээр “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв”-ийн эзэмшлийн УАЗ-2202 загварын 27-61 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг /зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад/, 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино”, 4.8-д “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Трое” загварын 06-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөж хохирогч З.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч З.Эийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

 

Түүнчлэн, шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэлгүй, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцолгүйгээр  нотлох баримт, баримт мэдээллийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч З.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/3016 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ