| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/0242/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/268 |
| Огноо | 2026-05-22 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/268
2026 05 22 2026/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2525002960155 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Н-ийн Н, Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг Баян-Агт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын автын инженер мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” компанийн туслах гүйцэтгэх “***” ХХК-д дамп оператор ажилтай, ам бүл 3, ээж болон хүүгийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн төмөр замын *** тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 981 дэх хэсэгт зааснаар 256 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дээр зүйлийн 1813. 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ “Хохирогчтой ээлж солилцох үед хойд нум хугарсан байна гэсэн чинь угаасаа ийм байсан гээд маргасан. Бид хоёр хоорондоо заамдалцан барьцалдах үедээ би хойшоо хөл алдаж хохирогч М-н тал биеэрээ хажуу тийшээ дарж унасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлсөн. Эрүүл мэндийн даатгалын зардлыг төлнө” гэв.
Хохирогч Б.Мягмардорж шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.М-н “Тэгээд би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 40 минутад ажилдаа ирж ээлжийн жолоочоос дамп хүлээж авахдаа энэ хойд талын нум хугарчихсан байна. Энийг харсан уу гэж асуухад миний урдаас чи муу пизда юу гээд байгаа юм наашаа хүрээд ир гэхээр бид хоёулаа хугарсан нумаа дампаа тойроод очсон. Тэгээд энэ тэгээд явах эд ангид чинь нөлөөлөх юм уу гэж хэлээд намайг загнаад байхаар нь би өөрт чинь хараалгаж загнуулах гэж ирээгүй би ажил хийх гэж ирсэн.Тэгсэн чинь би чамайг ажилгүй болгоно чамайг ажлаас халуулна чи миний урдаас юу гээд байгаа юм гэхээр нь би уул уурхайгаар яваад наана цаана нь олон машин тэрэг хүлээж авч байсан гэж хэлсэн чинь шууд намайг заамдаж аваад хоолой хэсэгт боосон тэгээд би удалгүй газар уначихсан миний дээр Н гэх эрэгтэй гараад суучихсан. Намайг дээрээс цамцнаас татаад сэгсчээд байж байтал би гэнэт ухаан ороод хөл татсан чинь миний хөл халуун оргиод сонин болчихсон байж байхаар нь би Н д хандаж хөөе хөл нэг сонин болчихлоо хөл өвдөөд байна. Тэгсэн миний дээр сууж байснаа боссон тэгээд би босож ирээд суутал миний зүүн хөл хажуу тал руу эргэсэн байдалтай болсон. Тэгээд манай ажлын газрын хүмүүс ирээд ажлын машинаар намайг аваад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж хөлийн рентген зураг авхуулаад гэмтлийн тасагт очсон. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хөлийн хагалгаанд орсон юм. Би тэрийг сайн мэдэхгүй намайг боосон би газар ухаан алдаад унасан нэг мэдэхэд миний дээр гараад суучихсан байсан. Бид хоёрыг тухайн үед заамдалцаад байж байхад бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байхгүй хоёулахнаа байсан. Харин хажуу талын ээлжийн хүмүүс ээлжээ хүлээлцээд байж байсан юм. Би тухайн байгууллагад ажил ороод 2 хоног ажиллаж байгаа ийм асуудалд орж хөлийн шагай хугарсан байна. Би энэ хэрэг явдлаас болж миний сэтгэл тайван биш, санхүүгийн бэрхшээл өрөнд орсон байна. Миний зүүн хөл өвдөлт их байна, хавдар ерөөсөө бууж өгөхгүй маш их зовуурь ихтэй байна. Надад хэргийн улмаас тухайн Н гэх эрэгтэй хагалгааны эмчилгээний зардал мөнгө болох 750 мянган төгрөг өгсөн, эмчилгээний зардал 600 мянган төгрөг, мөн надад цалин эмчилгээ мөнгө гэж 5 сая төгрөг өгсөн. Миний нэр дээр Тоёота приус 41 машинаа миний нэр дээр шилжүүлж өгсөн миний мэдэж байгаагаар надад машинаа 38 сая төгрөгт бодож өгсөн мөн миний хаан банкны 5096171172 дансаар 5 сая төгрөг нийт 43 сая төгрөг эмчилгээний зардал 1 жилийн цалин гэж өгсөн надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 123-124-р тал/
2. Гэрч А.А-н “Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өглөөний 06 цаг 30 минутад манай ээлжийн ажилд ажлаас буугаад ээлж хүлээлцэж бид нар автобусны хажууд зогсож байхад манай ажлын газрын дампын жолооч Н шинээр орсон ажилчинтай ээлж хүлээлцэх гээд байж байтал тэр хоёр дампын хажууд дээр дээрээс давхралдаад уначихсан газар хэвтэж байхаар нь би хоорондоо тоглож байгаа юм болов уу гэж бодогдсон харин тэр хоёрыг хоорондоо маргалдсан талаар бол сайн мэдэхгүй байна. Би заамдалцсан байхыг хараагүй газар уначихсан ажилчид хүүе хаая гэхээр нь бид нар автобусны хажууд автобусандаа суух гээд байж байтал газар унасан тэгээд манай ажлын газрын дарга мастер ирсэн тэгээд бид нар автобусандаа суугаад яваад өгсөн өөр зүйл сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 45-р тал/
3. Гэрч О.Г-н “Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өглөөний 06 цаг 20 минутад манай ээлжийн ажилд ажлаас буугаад ээлж хүлээлцэж бид нар автобусны хажууд зогсож байхад манай ажлын газрын дампын жолооч Н шинээр орсон ажилчинтай ээлж хүлээлцэх гээд байж байтал тэр хоёр дампын хажууд хоорондоо маргалдаж байсан тэгээд нэг харсан тэр хоёр дээр дээрээсээ давхралдаад газар унасан байхаар нь манай ажлын газрын хүмүүс очиж тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар автобусанд суугаад яваад өгсөн. Манай ажлын газрын дарга, мастер нар очсон. Би тухайн үед тэр хоёрыг хоорондоо цохиж байхыг хараагүй харин тэр хоёр хоорондоо заамдалцсан зогсож байсан тэгээд хойшоо савалцаад цуг газар унасан байсан” гэх мэдүүлэг. /1хх-ийн 47-р тал/
4. Гэрч З.Э-н “Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө бид нар шөнийн ээлжид ажилд гарсан. Тэгээд бид нар өглөө 06 цагаас 06 цаг 30 минутын хооронд бид нар ажлаас буугаад машиндаа тойрох үзлэг хийж байх явцад тухайн үйл явдал болсон юм. Би тухайн үед дампныхаа Тэвшийг сөхсөн дампныхаа тэнхлэг дээр гарчихсан машины эрэг боолтуудыг шалгаж байхад миний машины хажууд ээлж хүлээлцэж байсан Н болон нөгөө хүний нэрийг мэдэхгүй энэ хоёр чанга чанга дуугаар хоорондоо маргалдаад эхэлсэн тэгээд би эрэг боолтоо хараад байж байхад Н өөрийн дампны кабинаас цайны саваа аваад буцаад бууж ирж байхад тэр хоёр хоорондоо заамдалцаж зууралдаад тэгээд тэр хоёр хоорондоо давхарлаад газар унасан байсан юм. Н тухайн эрэгтэйн дээр нь унасан нөгөө эрэгтэй доор нь орчихсон тэгээд нөгөө эрэгтэй ёооё хөл сонин болчихлоо гэж хэлсэн чинь Н босчихсон тэгээд нөгөө эрэгтэй бөгсөн хэсгээрээ газар суусан хөлөө бариад сууж байхаар нь манай кампани захирал ирээд машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 52-53-р тал/
5. Гэрч Э.У-н “Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө тухайн байгууллагад ээлжийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 30 минутын үед бид нар паркийн талбай дээр ээлж хүлээлцэх гээд би ковш дотроо шөнө ажилласан цаг бүртгэлээ бичээд сууж байхад миний ковшийн хажууд Н гийн ээлж хүлээлцэх Дамп нь зогсож байхад Н эсмэний жолоочтой тойрог үзлэг хийж байхад үед тэр хоёр хоорондоо заамдалцаж аваад тэгээд Н нь чигээрээ хойшоо дараад тэр хоёр газарт хоёулаа давхралдаад уначихсан байсан тэгээд Н босож ирсэн тэгэхээр би ковшноос буугаад очтол нөгөө эрэгтэйн хөл хажуу тийшээ шагай хэсгээр мултарсан юм уу тахиралдсан байсан. Тэгээд би хөл эргэсэн байсан хөл нь хугарчухуй бултарчухуй гэж хэлээд захирлыг дуудаад захирлын машинд суулгаад эмнэлгийн байгууллага руу явуулсан юм. Н тухайн эрэгтэйн дээрээс нь дараад яг хоёулаа давхралдаад унасан байсан юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 58-59-р тал/
6. Гэрч Б.М “06 цаг 30 минутын үед бид нар паркийн талбай дээр ээлж хүлээлцэх гээд би дамп дотор цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд байж байхад Н нь манай ажил орсон эрэгтэйтэй ээлж хүлээлцэх гээд дампын хажууд хоорондоо барилцаж заамдалцан зогсож байсан. Тэгээд би дамп дотор салоноо арчаад эргээд харахад газар нөгөө хоёр заамдалцаад дээрээс давхарлаад Н дээр нь уначихсан байж байхаар нь манай ажлын газрын операторууд машин дотроос буугаад очтол нөгөө эрэгтэй хөл болохгүй байна гэхээр нь захирлыг дуудаад захирал машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Би энэ талаар биеийн аль хэсэгт дарж унасан байсныг хараагүй нэг харахад давхралдаад унасан байсан юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 62-63-р тал/
7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 524 дугаартай “Б.М-н биед зүүн шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн шинжээчийн дүгнэлт. /1хх-ийн 72-73-р тал/
8. Яллагдагч Н.Н гийн “Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжин шөнө ***** ХХК-д дампын оператораар үүрэг гүйцэтгэж маргааш өглөө буюу 04 дүгээр сарын 02-ний өдөр ээлж хүлээлцэх явцад ажлын газрын Б.Мягмардорж гэх залуутай дампын зөв талын хойд талын дээд талын 3-р дугаар нумаас болж бид хоёр хоорондоо ам мурийсан, тэгээд бид хоёр хоорондоо заамдалцан барьцалдах үедээ би хойшоо хөл алдаж хохирогч М-н тал биеэрээ хажуу тийшээ дарж унасан юм. Тэгсэн нэг мэдсэн М-н зүүн хөл хугарч эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм. Тухайн үед бид хоёр хоёулаа л байсан харин цаанаа автобусны хажууд хэдэн ажилчид контейнерын хажууд хэдэн зогсож байсан, бид хоёрын хажуу талаар хүмүүс ээлж хүлээлцэж байсан юм. Би хохирогчоос надаас эмчилгээтэй холбоотой болон ажилгүйдлээ алдсан 1 жилийн цалин мөнгийг төлж барагдуулсан байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 173-174-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “***** ” ХХК-ийн хиймэл уулын урд талд байрлах ажлын талбайд ээлжийн жолооч Б.М-той ажил хүлээлцэх үедээ “дампын ойд нум хугарсан байна” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар Б.М-той харилцан заамдалцаж, барьцалдаж байх үедээ түүний дээр дарж унан хохирогч Б.М-н эрүүл мэндэд “зүүн шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжээр буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шийдвэрлэхээр хууль заасан учир саналгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруу, хуулийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа тул маргах зүйлгүй. Хохирол төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа учир гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н “шууд намайг заамдаж аваад хоолой хэсэгт боосон тэгээд би удалгүй газар уначихсан миний дээр Н гэх эрэгтэй гараад суучихсан. Намайг дээрээс цамцнаас татаад сэгсчээд байж байтал би гэнэт ухаан ороод хөл татсан чинь миний хөл халуун оргиод сонин болчихсон байж байхаар нь би Н д хандаж хөөе хөл нэг сонин болчихлоо хөл өвдөөд байна. Тэгсэн миний дээр сууж байснаа боссон тэгээд би босож ирээд суутал миний зүүн хөл хажуу тал руу эргэсэн байдалтай болсон.” гэх мэдүүлэг, гэрч А.А-н “Н шинээр орсон ажилчинтай ээлж хүлээлцэх гээд байж байтал тэр хоёр дампын хажууд дээр дээрээс давхралдаад уначихсан газар хэвтэж байхаар нь би хоорондоо тоглож байгаа юм болов уу гэж бодогдсон харин тэр хоёрыг хоорондоо маргалдсан талаар бол сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч О.Г-н “тэр хоёр дампын хажууд хоорондоо маргалдаж байсан тэгээд нэг харсан тэр хоёр дээр дээрээсээ давхралдаад газар унасан байхаар нь манай ажлын газрын хүмүүс очиж тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар автобусанд суугаад яваад өгсөн. Манай ажлын газрын дарга, мастер нар очсон. Би тухайн үед тэр хоёрыг хоорондоо цохиж байхыг хараагүй харин тэр хоёр хоорондоо заамдалцсан зогсож байсан тэгээд хойшоо савалцаад цуг газар унасан байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Э-н “Н болон нөгөө хүний нэрийг мэдэхгүй энэ хоёр чанга чанга дуугаар хоорондоо маргалдаад эхэлсэн тэгээд би эрэг боолтоо хараад байж байхад Н өөрийн дампны кабинаас цайны саваа аваад буцаад бууж ирж байхад тэр хоёр хоорондоо заамдалцаж зууралдаад тэгээд тэр хоёр хоорондоо давхарлаад газар унасан байсан юм. Н тухайн эрэгтэйн дээр нь унасан нөгөө эрэгтэй доор нь орчихсон тэгээд нөгөө эрэгтэй ёооё хөл сонин болчихлоо гэж хэлсэн чинь Н босчихсон тэгээд нөгөө эрэгтэй бөгсөн хэсгээрээ газар суусан хөлөө бариад сууж байхаар нь манай кампани захирал ирээд машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан юм” гэх мэдүүлэг, гэрч Э.У-н “тэр хоёр хоорондоо заамдалцаж аваад тэгээд Н нь чигээрээ хойшоо дараад тэр хоёр газарт хоёулаа давхралдаад уначихсан байсан тэгээд Н босож ирсэн тэгэхээр би ковшноос буугаад очтол нөгөө эрэгтэйн хөл хажуу тийшээ шагай хэсгээр мултарсан юм уу тахиралдсан байсан. Тэгээд би хөл эргэсэн байсан хөл нь хугарчухуй бултарчухуй гэж хэлээд захирлыг дуудаад захирлын машинд суулгаад эмнэлгийн байгууллага руу явуулсан юм. Н тухайн эрэгтэйн дээрээс нь дараад яг хоёулаа давхралдаад унасан байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.М “нөгөө хоёр заамдалцаад дээрээс давхарлаад Н дээр нь уначихсан байж байхаар нь манай ажлын газрын операторууд машин дотроос буугаад очтол нөгөө эрэгтэй хөл болохгүй байна гэхээр нь захирлыг дуудаад захирал машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Би энэ талаар биеийн аль хэсэгт дарж унасан байсныг хараагүй нэг харахад давхралдаад унасан байсан юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 524 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Н.Н гийн “тэгээд бид хоёр хоорондоо заамдалцан барьцалдах үедээ би хойшоо хөл алдаж хохирогч М-н тал биеэрээ хажуу тийшээ дарж унасан юм. Тэгсэн нэг мэдсэн М-н зүүн хөл хугарч эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “***** ” ХХК-ийн хиймэл уулын урд талд байрлах ажлын талбайд ээлжийн жолооч Б.М-той ажил хүлээлцэх үедээ маргалдаж, Б.М-той харилцан заамдалцаж, барьцалдаж байх үедээ унаж Б.М-н эрүүл мэндэд “зүүн шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Н нь бусадтай маргалдаж барьцалдах үедээ хамт унаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал 47 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1 766 360 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол гэм хорыг төлсөн байдал зэргийг харгалзан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н-ийн Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н гээс 1 766 360 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сан /данс **** төрийн сан, РД: /-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.А