| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00359/и |
| Дугаар | 151/ШШ2024/00400 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2024/00400
2024 04 26 151/ШШ2024/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш****т овогт Оч*****тын Б*********а,
/Төв аймаг, ******** сум, Сант ******** дүгээр баг, ** дүгээр гудамж, ** тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Б*****а,
Гэрч: И.Лхагва,
Гэрч: П.Болормаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б*****а нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ажилд орсон тушаал архиваас шүүлгээд гаргахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар лавлагаа, 266997дугаар Очирбатын Бямбагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, гэрч И.Лхагваагийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч О.Б*****агийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. О.Б*****агийн ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.
3. О.Б*****а нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажилласан гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн техникумаас 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон 266997 дугаар Оч****н Бямбагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:
- 03. 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав.
- 04. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний оёдолчны ажлаас чөлөөлөв” гэх бичилт /хх-5/
5. Гэрч И.Лхагва, П.Болормаа нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон тушаалын хуулбар, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн О.Б*****агийн ажилласан хугацааг тооцож тодорхойлов
6. Иймд О.Б*****агийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасанд нийцнэ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш*********т овогт О*****тын Б******а /РД:........./-г Төв аймгийн Эрдэнэсант сумын Ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ