Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/025

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/967 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2114000000342 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, .....урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар нэг зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар *******/

******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 04 цаг 40 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг түлхэж шкафны ирмэг толгойгоор нь мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судлаад дүгнэвэл шүүгдэгч *******т холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 04 цаг 40 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 17- 28 тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг түлхэж шкафны ирмэг толгойгоор нь мөргүүлж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурор.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөх ... саналаа гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно... гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийг ялаас чөлөөлөх саналдаа уг холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хуулийн шаардлага хангасан гэхэд эргэлзээтэй байх тул прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 04 цаг 40 минутад үед архидан согтуурч бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй... гэж хуульчилсан байхад түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөхөөр санал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хариуцлагын зорилгыг илтэд үгүйсгэсэн ноцтой зөрчил байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар.. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ... гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “... гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т "... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэлд:

Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокурорын шүүхэд гаргасан *******ийг ялаас чөлөөлөх саналд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан нөхцөл бүрдсэн талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүхэд саналаа гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан мансуурсан, үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалт нь санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан ба би тухайн үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлж байгаа үед түүнийг гэм буруугүй гэж дүгнэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх тухай ойлголт юм. Шүүгдэгч ******* нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санаж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, уг үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт прокурорт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэн *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж, оногдуулах ял шийтгэлийн талаар яллагдагчтай зөвшилцөж, үр дагаврыг нь танилцуулан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирлын шинж чанар, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, буруу хэрэглээгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гол нөхцөл нь яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан.

*******т холбогдох хэргийн хувьд хуульд заасан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болсон үйл явдлыг бүрэн санаж, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрэн хангагдсан байна. Шүүхээс дүгнэлт хийж буцааж буй нь эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгод заасан хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/967 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ийг согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 04 цаг 40 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг түлхэж шкафны ирмэг толгойгоор нь мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно... гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийг ялаас чөлөөлөх саналдаа уг холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хуулийн шаардлага хангасан гэхэд эргэлзээтэй байх тул прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

2. “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" талаар хуульчилсан байхад түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөхөөр санал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлагын зорилгыг илтэд үгүйсгэсэн ноцтой зөрчил байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь шүүгчийн захирамжид заасан асуудлуудыг Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүртэй харьцуулан судалж үзэхэд:

Хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журамд нийцсэн, улмаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “согтуурсан мансуурсан, үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан заалтыг үндэслэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ялаас чөлөөлүүлэхээр Прокурор санал гаргаж болохгүй гэж үзэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч *******ийн согтуурлын хувь хэмжээнээс шалтгаалан түүний хэрэг хариуцах чадвартай холбон тайлбарлах хууль зүйн ойлголт бөгөөд *******ийн согтуурлыг зэргийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/967 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Прокурор *******ын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ