Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 186

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайндэлгэрийн Ганболдод холбогдох 201714000231 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Ганзориг, шүүгдэгч С.Ганболд, хохирогч Ж.Бүтэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хорчин овгийн Сайндэлгэрийн Ганболд, 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-19-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД /ФА:88091671/ 

Шүүгдэгч С.Ганболдыг 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өндөр сум Согоот багийн 6-6-41 тоотод оршин суух төрсөн эцэг Л.Сайндэлгэрийг мөнгө өгсөнгүй гэж будаа агшаагч, хувцасны өлгүүр, угаалгын өрөөний хаалга, 00-ын өрөөний хаалга, зурагтны тавиур цонхны шил зэргийг хагалж эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: С.Ганболд нь 2017 оны 04 дүгээр сарын 09-нд  Баян-Өндөр сум Согоот багийн 6-6-41 тоотод оршин суух эцэг Л.Сайндэлгэрийн гэрт очиж эцэг Сайндэлгэртэй үл ойлголцсон шалтгаанаар гэрийнх нь эд зүйлийг шидэх, хагалах, өшиглөх зэрэг үйлдлээр устгаж гэмтээсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ үйл явдал 2017 оны 4 сарын 09-нд болсон, шалтгаан нь 04 сарын 08-нд бий болсон. 08-нд аавынд очиход аав согтуу байсан. Би аавд “морь уях хүсэлтэй байна, авах морь байна, мөнгө байна уу” гэсэн. Аав уурлаж “ өдий хүртэл тэжээсэн, одоо юу нэхээд байгаа юм” гэсэн. Би уурлаж “та нар миний гүүг идэж үгүй хийсэн биз дээ” гэж хэлсэн. Өглөө нь аав босоод яваад өгсөн. Би араас нь 6-6-41 тоотод ирсэн. Гэрт ороход аав архи ууж байсан. Би “идэж ууж ханаагүй юу” гэсэн. Аав “чамаар заалгахгүй” гэсэн. Намайг үгээр доромжилсон нь сонсогдсон тул би будаа агшаагч

авч шидсэн. Гарт тааралдсанаа авч шидэж цонх хагалсан. Аав гарч явсан. Би араас нь гарсан боловч олоогүй. Гэрт буцаж орж ирээд утсаар нь залгахад “Борнуур явж байна” гээд

надтай харьцахгүй гэсэн утгатай зүйл хэлсэн тул миний уур хүрч архи авч цонх руу шидэж 2 хаалга өшиглөж хагалсан, зурагтын тавиур хагалсан. Би гэмшиж байна. Би 2004 оноос цагаан хоолтон болсон. Гэрийнхэнтэйгээ зөрчилтэй байсан. Би архи уухад нь дургүй. Тэгээд би ажилгүй тул мөнгө нэхэж зөрчилдөх байдал гарах болсон. 2 хүүхдийн минь дэргэд архи уухад нь би дургүй байдаг. Ээжээс уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Бүтэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гомдолтой байна. Сая 07 сарын 03-нд Ганболд “ зулбсага минь чамаас гараагүй, гэрийг чинь хөмөрчихнө шүү, чамд хэлэх өөр муу үг олдоогүй” гэх мэтээр хэлсэн. Би маш их гомдсон. Хуулийн дагуу шийднэ үү. Өдий хүртэл тэжээж өсгөсөн ,өглөг авлага байхгүй. Өмнө нь 2 удаа эд зүйл эвдэж цагдаагийн байгууллагад өгч байсан. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Сайндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны орой Говилд байхад ирээд хүнээс морь авах гэсэн юм мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь би хүү Ганболдоос юун адуу яриад байсан бэ гээд асуухад Ганболд юм хэлэхгүй байсан. Би Төв аймаг явах гээд хотын төв ороод 6-6-41 тоотод ирээд дүү Батхуяг, түүний 2 найзын хамт ганц юм уугаад сууж байсан. Манай хүү Ганболд манай эгч Цэрэндуламтай хамт гаднаас орж ирээд гал тогооны өрөөнд юм пижигнүүлээд эхлэхээр нь манай дүү Батхуяг араас нь ороод тэвэрч жижиг өрөө рүү оруулаад буцаж гарч ирээд намайг манай дүү аваад гарсан. Энэ хойгуур угаалгын өрөөний хаалга, 00-ын өрөөний хаалга, будаа агшаагч, том өрөөний зурагтны тавиур зэргийг эвдсэн байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 25 /

-Гэрч Л.Цэрэндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сайндэлгэрийнд орох гээд орцны үүдэнд ирсэн чинь Ганболдтой таараад би хамт гэрт орсон. Ганболд ороод ямар нэгэн маргаан болоогүй байхад гал тогооны өрөөнд ороод будаа агшаагч аваад гал тогооны хаалгаар шидээд шалан дээр унаад хагарсан чинь том өрөөнөөс Батхуяг гарч ирээд чи ингэж болохгүй гээд жижиг өрөөрүү авч ород дараад байж байсан. Ганболдыг Батхуяг дарж байгаад боссон чинь Ганболд босож ирээд жижиг мод аваад цонх хагалсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн24 /

- Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Хангал явах гээд гэрийн гадаа байж байсан чинь Ганболд залгаад дайраад хүрээд ир гэхээр нь би гэрээр орсон чинь Ганболд будаа агшаагч аваад шидсэн байдалтай Саранцэцэг Ганболд 2 байсан. Намайг ороход хаалга, зурагтны тавиур зэргийг эвдээгүй байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-12 ху/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32 ху/

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-40 /

-2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт:

 1. Магадлуулагч С.Ганболд нь сэтгэл мэдрэлийн өвчингүй эрүүл

 2. С.Ганболд нь эрүүл тул өөрийн үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай

 3. Магадлуулагч С.Ганболд нь хэрэг үйлдэх үедээ эрүүл байсан тухайн үеийн өөрийхөө үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгож байсан.

 4. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй

 5. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн магадлагаа /хх-ийн 44/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

- 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хаалганы үнийн талаархи зарлагын баримт /хх-ийн 62/, эвдэрсэн гэх хаалга цонхыг сольсон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-65/

-Баян-Өндөр сум Согоот багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 /

-Шүүгдэгч С.Ганболдын хувийн байдлын баримтууд зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч С.Ганболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Ганболд нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-6-41 тоотод эцэг Л.Сайндэлгэрийн гэрийн 405 000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Бүтэд, гэрч Л.Сайндэлгэр, Л.Цэрэндулам, С.Наранцэцэг, С.Саранцэцэг нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

С.Ганболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д “Эд хөрөнгө хууль бусаар устгах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмыг баримтлан С.Ганболдод ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...”гэж заасан ба бага хэмжээний хохиролын тухайд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4-ийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” тооцохоор, ”нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д тус тус заасан тул С.Ганболдын үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохиролын хэмжээ 405 000 төгрөг байгаа нь Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэл болж байна.

 Хэргийн 42 дугаар талд байгаа шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан баримтад шүүгдэгч гарын үсэг зурсан байх ба дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй байна.

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхдөө “6-6-41 тоот орон сууцны өмчлөгч нарын нэг нь би байгаа тул бусдын өмчийг устгэж гэмтээсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Цонх хаалга дундын өмч” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгчээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар хэрэг гарсан газар болох Согоот багийн 6-6-41 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Сайндэлгэр, С.Ганболд нарын 5 хүн бүртгэгдсэн байх боловч бодит байдал дээр уг орон сууцыг Л.Сайндэлгэр, Ж.Бүтэд нар эзэмшилдээ байлгаж амьдардаг, С.Ганболд түүний гэр бүлийн гишүүд /эхнэр 2 хүүхэд/ өөр газар амьдардаг тул гэрийн доторхи хөрөнгө хогшил, уг орон сууцны бүрэлдэхүүн хэсэг болох цонх, хаалга зэргийг С.Ганболдын хамтын өмч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдын мэдэлд хууль ёсоор байгаа хөрөнгөд хэн ч хууль бусаар халдах эрхгүй.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хорчин овгийн Сайндэлгэрийн Ганболдыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Ганболдыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар С.Ганболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар С.Ганболд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг заасугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурьдсугай.

 

6 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ганболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ