Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 568

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Ө.Б-д холбогдох 1835000690136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, одоо *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ө-н Б.

Ө.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Г-гийн өвөлжөөнд хашаастай байсан бог малаас 9 ямаа хулгайлагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгаж, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 5450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5,450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Н.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ... Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Прокурор Я.Д-нь Ө.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3-т заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулах эрхтэй бөгөөд, цаашид төрийг төлөөлж яллагчаар оролцох эрхгүй байсан. Учир нь Ө.Б-гийн үйлдлийн талаар “нотлох баримт устгасан эсэх, эдгээр баримт үнэхээр байсан эсэх, хэргийн талаарх мэдээллийг өөрчилсөн эсэх” зэрэг гэм бурууг тогтоох гол баримтыг бүрдүүлж, нотолж байгаа этгээд нь прокурор өөрөө атлаа хэргийн талаар мэдэж байгаа цорын ганц гэрч яллагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод яллаад байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Я.Д-нь мөн хуулийн 9.6-д заасан хэргийн бусад оролцогч мөн бөгөөд хэргийн талаарх гол мэдүүлгийг өгч байгаа гэрчийн этгээд мөн. Ө.Б- нь нэг сонирхолтой, нэг мэдүүлэгтэй, эрх мэдэл бүхий гэрч, яллагч хоёрын эсрэг тэгш эрхтэй мэтгэлцэх нөхцөл боломж хаагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчим алдагдсан.

Шүүх Ө.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Шүүх "нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг нь хохирол учруулсан байхыг шаардахгүй, бөгөөд "хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд зүйлд заасан гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд "нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх тухай заагаагүй бөгөөд харин ч “хохирол учирсан байх”-г заавал шаардаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаас үзэхэд Ө.Б-г буруутгаж буй баримтуудыг нь нотлох баримт биш, нотлох баримтыг бүрдүүлэх, хууль ёсны болгоход хэрэглэх арга хэрэгсэл буюу мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн Ө.Б- нь хэргийн байдлыг гуйвуулсан, худал мэдээлэл бүрдүүлсэн, хохирогч болон яллагдагч нарын хэн алинд ашигтай буюу хохиролтой байдал бий болгох санаа зорилго байгаагүй, тийм үйлдэл ч хийгээгүй нь тогтоогдсон байхад шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн болохыг харуулж байна.

Ийм учраас Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан 4 зарчмыг зөрчсөн гэх үндэслэл, мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа учир Ө.Б-г цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн 27350002270034 дугаартай хэрэгт хохирогч Ж.Г-, Г.Г, Г.Б, Г.Г нарын хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгасан. Улмаар дээрх хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч нарын малын үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцуулсан баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн  1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн гол нотлох баримт нь шинжээчийн 2 дүгнэлт байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд дээрх дурдсан нотлох баримтууд зурагдсан гарын үсэг хохирогч Г.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарын гарын үсэг мөн үү гэхэд биш байна, шинжилгээнд тохирохгүй байна гэсэн, дараагийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд дээрх хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэл, үнэлгээ гэсэн баримтууд дээр зурагдсан гарын үсэгтэй хэсгийн байцаалт Ө.Б-гийн гарын үсэгтэй тохирч байна гэсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Г.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарыг байцаахад бид нар хоосон цаасан дээр гарын үсэг зурж өгч байсан. Хэсгийн байцаагч ирж нэг л удаа байцаалт авсан. Бусад гарын үсэг нь бид нарынх биш байна гэсэн гол нотлох ажиллагаа үйлдэж үүнийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн  1.2-т заасан хуурамч нотлох баримт үйлдэж устгах гэмт хэргийн үйлдэл хангагдсан гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх энэ хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу материаллаг хор уршгийг шаардахгүй гэмт хэрэг тул Ө.Б- нь прокурорт хуурамч нотлох баримт гаргаж өгснөөр гэмт хэрэг төгссөн байна гэж дүгнэсэн. Ийм учраас шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Увс аймаг дахь цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч ажилтай Ө.Б-г бусдын 9 тооны бог мал хулгайд алдагдсан гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгаж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж шалгасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмыг хангаж чадаагүйн дээр оролцогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байхад гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хангаж ажиллах үүрэгтэй болно.

 Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах үүрэгтэй байхад Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, ажилтны хуулиар олгогдсон эрхийг эдэлж мөрдөн шалгах ажиллагаа явуулан нотлох баримт цуглуулж, Ө.Б-г өөрийнх нь үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгт гэрчээр байцааж, улмаар тухайн хэрэгт прокурорын хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцжээ.

Өөрөөр хэлбэл, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх Ө.Б-гийн үйлдлийн хувьд прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах үндэслэл үүсээгүй, тухайн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн агуулгыг буруугаар ойлгон, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.

Хэрэгт авагдсан баримтаар хяналтын прокурор Я.Д-нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ө.Б-гээс нотлох баримт хуурамчаар үйлдсэн талаар гэрчийн мэдүүлэг авсны дараа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 183500069 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөн мөрдөгч П.Сайнжаргал нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ө.Б-г дахин гэрчээр байцаасны дараа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1835000690136 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.     

Ө.Б-г өөрийнх нь үйлдсэн хэрэгт 2 удаа гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж, үүнд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн явдал болно.       

Түүнчлэн Ө.Б- нь яллагдагчаар байцаагдахдаа өөрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байтал уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулснаас гадна гэм буруугаа хүлээж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн яллагдагчийн эрхийг хязгаарлаж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.        

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.3 болон 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН