Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00411

 

 

 

 

 

 

 2024       04         30                                              151/ШШ2024/00411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б*****н Д*********аагийн Ц********р,

 /Төв аймаг, ******** сум, ******* дугаар баг, Мандал, *********** дэнж, ***** дугаар гудамж, ******* тоотод оршин суух/

 Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцогчид:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюун,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц************р нь Төв аймгийн Борнуур суман дахь Улаанбаатар хотын харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, мөн үйлдвэрийн барилга трестийн Буянт пүүст 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, Барилгын үйлдвэрлэл худалдааны Хаш-Орд ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус барилгачин, ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр баталгаажаагүй, ажилд орсон тушаал архиваас шүүлгээд гаргахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар “Ажилд томилох” тухай тушаал, түүний хавсралт, Бүгд найрамдах Монгол ард улсын Барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргы 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 339 дүгээр “Хээрийн нэмэгдэл олгох” тухай тушаал, түүний хавсралт, Улаанбаатар хотын үйлдвэрийн барилга трестийн “Буянт” пүүсийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр “Хээрийн нэмэгдэл олгох” тухай тушаал, түүний хавсралт, Барилгын үйлдвэрлэл-худалдааны “Хаш-Орд” компанийн Ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох” тухай тушаалын хуулбар, Барилгын үйлдвэрлэл-худалдааны “Хаш-Орд” компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох” тухай тушаалын хуулбар, 235407 дугаар Д.Ц************рын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Чулуунбат, Б.Норжмаа нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1401 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар, охин А.Номин-Эрдэнэ, А.Энх-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч Б.Норжмаагаас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Д.Ц************рын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Д.Ц************рын ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

3. Д.Ц************р нь Төв аймгийн Борнуур суман дахь Улаанбаатар хотын харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, мөн үйлдвэрийн барилга трестийн “Буянт пүүст” 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, Барилгын үйлдвэрлэл худалдааны “Хаш-Орд” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус барилгачин, ажилтнаар тус тус ажилласан гэж тайлбарласан.

4. Хэрэгт дараах баримтууд авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар:

- Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар “Ажилд томилох” тухай тушаалын хуулбар, хавсралтад ...Д******ийн Ц**************р т/а... гэх бичилт /хх-4-5/,

- Бүгд найрамдах Монгол ард улсын Барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 339 дүгээр Хээрийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар, хавсралтад ...31-д Цэрэндолгор ажиллавал зохих 31 хоног, ажилласан хоног 29 хоног, жинхэнэ олгох 232 гэх бичилт /хх-6-7/,

- Улаанбаатар хотын үйлдвэрийн барилга трестийн “Буянт” пүүсийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр Хээрийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар, хавсралтад 9-д нэмэгдэл 25 хоног гэх бичилт /хх-8-9/,

- Барилгын үйлдвэрлэл-худалдааны “Хаш-Орд” компанийн Ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Буянт пүүсийн ажилтан Д.Ц************р 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрж, төрсний дараах болон ээлжийн амралтаа эдэлж, хүүхэд асрах хүнгүй тул 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хүүхдийг нь 2 нас хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай гэх бичилт /хх-10/,

- Барилгын үйлдвэрлэл-худалдааны “Хаш-Орд” компанийн ерөнхий захирлын 1994 оны 06дугаар сарын 20-ны өдрийн 104 дүгээр “Тэтгэмжтэй чөлөө олгох” тухай тушаалын хуулбарт Д.Ц************рт тэтгэмжтэй чөлөө олгосугай гэх бичилт /хх-11/,

- 235407 дугаар Д.Ц************рын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:

1. 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХАА-н туслахаар,

2. 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлээр нь авч ажиллуулав,

3. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгов гэх бичилт /хх-12/ зэрэг баримтууд хэлэлцэгдсэн.

 5. Хөдөлмөрийн дэвтэрт Д.Ц************рын ажиллаж эхэлсэн хугацаа нь 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэж бичигдсэн байх хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан гэж тодорхойлсон.

 6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 7. Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар “Ажилд томилох” тухай тушаал, түүний хавсралт, Бүгд найрамдах Монгол ард улсын Барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 339 дүгээр “Хээрийн нэмэгдэл олгох” тухай тушаалын хуулбар, түүний хавсралтад бичигдсэн байдлыг үндэслэн Д.Ц************рыг Төв аймгийн Борнуур суман дахь Улаанбаатар хотын харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар,

8. “Буянт” пүүсийн 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар Хээрийн нэмэгдэл олгох тухай тушаалд “Д.Ц************р ... 25 хоногийн нэмэгдэл..., мөн түүнчлэн “Буянт” пүүсийн ажилчин Д.Ц************р 1992 оны 09 дүгээр сарын 10 төрсөн, ...хүүхдийг нь 2 нас хүртэл тэтгэмжтэй чөлөөл олгосугай...” Барилгын үйлдвэрлэл худалдааны “Хаш-Орд” ХК-ийн 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох” тухай тушаалд, мөн компанийн 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох” тухай тушаалд, “...1994 оны 02 дугаар сарын 08-нд төрж, төрсний дараах болон ээлжийн амралтаа эдэлж дуусаад хүүхэд асрах хүнгүй байгаа тул хүүхдийг нь 2 настай болтол тэтгэмжтэй чөлөө” олгож байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

9. Иймд Б*******н Д**********чаагийн Ц*********рыг Төв аймгийн Борнуур суман дахь Улаанбаатар хотын харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, мөн үйлдвэрийн барилга трестийн “Буянт” пүүст 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, Барилгын үйлдвэрлэл худалдааны “Хаш-Орд” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасанд нийцнэ.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******н Д*************гийн Ц**************р /РД:********/-г Төв аймгийн Борнуур суман дахь Улаанбаатар хотын харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, мөн үйлдвэрийн барилга трестийн Буянт пүүст 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Барилгын үйлдвэрлэл худалдааны “Хаш-Орд” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ