Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/258

 

     2022             3              3                                                2022/ДШМ/258                           

 

      Э.Мэд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Э.Мэ, түүний өмгөөлөгч Л.Сарангуа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, А.Содхүү,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Мэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Мэд холбогдох эрүүгийн 2107000000079 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

             Шүүгдэгч Э.Мийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 23 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж шугуй” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “М” амралтын газарт А.Мг өөрийн найз охин болох Б.Лтэй зүй бус харьцсан гэх шалтгаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар маргааныг таслан зогсоохоор ирсэн М.Мөнхтүшигийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: Э.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэд оногдуулсан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийн цагдан хоригдсон 275 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан амь хохирогчийн хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц, хар өнгийн оймс, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн оймс, хар өнгийн хос гутал, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, шүүгдэгчийн хумс зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр, “М” амралтын газрын хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжөөс бичлэгийг хуулбарласан ногоон өнгийн мемори карт, хар өнгийн уншигч, дуу, яриа бүхий 2 ширхэг сиди хэрэгт хадгалахаар, “М” амралтын газрын хяналтын камерын бичлэг хадлагалх төхөөрөмжийг хууль ёсны эзэмшигч гэрч Г.Год шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Мэ нь хохирогчид 17.155.921 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 275.000.000 төгрөгийн шаардагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Мэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад олон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтууд, үзлэг, бичлэг зэргийг шинжлэн хэлэлцсэн, шүүх тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн таамаг эргэлзээ болон гомдол хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулан тодорхой хариу өгч явсан учир цаашид хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэх тодорхой үндэслэл шалтгаан шүүх хуралдааны явцад ч тогтоогдоогүй, шүүгдэгч миний үйлдсэн хэрэг нотлогдсон гэж үзэж байна. Гагцхүү Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуульд заасан шүүхийн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд шүүгдэгч миний хувьд боломж байгааг түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж, дэглэмийг сулруулж өгөхийг л хүсэж гомдол гаргаж байна. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд надад хүмүүжих хүсэл зоригийг бий болгоход дэмжлэг болж, миний хувийн байдлыг харгалзаж өгөхийг хүсч байна. Миний хувьд тэтгэвэрт гарсан ээжийн хамт Сүхбаатар аймагт амьдарч байгаад 5 жилийн өмнө Улаанбаатар хотод суралцахаар орж ирсэн. Санхүү, эдийн засгийн их сургуулийн банкны ангийг төгссөн. Дөнгөж сургуулиа төгсөөд амьдралд хөл тавих гэж байсан энэ үедээ гэмт хэрэгт холбогдож, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг үйлдсэндээ маш их харамсан гэмшиж байна. Урьд нь найзалж, үерхэж байсан эмэгтэйгээс нэг хүүхэдтэй, одоо гэрлэх гэж байсан эмэгтэй маань жирэмсэн. Гэр бүл болж амжаагүй, утга учиргүй найрлаж, цэнгэж ийм хэрэг үйлдсэндээ болон бусдыг гомдоож зовоож яваадаа ч маш их харамсаж байна. Гэвч бүх зүйл сайн болно гэж найдан, цаашид амьдралынхаа явцад хохирогчийн ээжид тусалж, дэмжиж явна гэдгээ илэрхийлж байна. Иймд миний хувийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг нээлттэй ангид эдлүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Л.Сарангуа шүүхэд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Энхмөнхийн Мэ хэрэг үйлдэгдсэн цагаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгч ирсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдсон гэж үзэж байгаа болно. Хохирогч, түүний өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол хүсэлтүүд гаргаж ирснийг тухай бүр хүлээн авч зохих хариу өгсөн, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж ирсэн гэж үзсэн баримт хэрэгт авагдсан. Мөн шүүх тэдний гаргасан хүсэлт, санал, гомдлыг хүлээн авч дахин шинжээч томилсон, шүүх хуралдааны явцад хэргийн газар очиж үзлэг хийсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан зүйлс тодорхойгүй, үндэслэлгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хэргийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь таамаг төдий байгаагаас шүүх хүлээн авах боломжгүй байсан. Шүүх хуралдаанд олон гэрч оролцсон ч мөрдөн байцаалтад өгснөөс өөр мэдүүлэг өгсөн хүн байгаагүй, хохирогчид дуудсан гэрчээсээ юу асууж тодруулах нь тодорхой бус байсан. Гэрч Н, Ц нар бүлэглэн камерын бичлэгийг хэрэг гарсны даруйд устгасан, цагдаа ирэхээс өмнө хуулж авсан гэх талаар шүүх хуралдааны явцад гэрч, шинжээч нарыг дуудаж байцаасан, дээрх хэргийн газар очиж үзлэг хийснээр тодорхой болсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд яллах дүгнэлт болон яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжид дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй билээ. Шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд тавьсан асуултад хариулсан, хэрэгт ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулсан, энэ талаар хохирогчид шүүх хуралдаан дээр тодруулга авсан гэж үзэж, шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх нь тогтоолынхоо үндэслэх хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогү гэж дүгнэсэн нь буруу юм. Шүүгдэгчийн хувьд дараах хүндрүүлэх нөхцөл байдал болон ял шийтгэхдээ анхаарвал зохих байдлууд байгаа болно.

Шүүгдэгч Э.Мэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар “онцгой байдлыг далимдуулан” гэмт хэрэг үйлдсэн байдаг. ”Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн хууль мөрдөгдөж байгаа үед энэ хэрэг үйлдэгдсэн ба уг хуулийн үйлчлэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөн түүнээс хойш сунгагдаад байгаа. Уг хуулийн 12.2 дугаар зүйлийн 12.2.1-т “иргэд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар,журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны үед Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А\246 дугаар захирамж гарч 2021 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд амралт сувиллын газрын үйл ажиллагааг зогсоосон арга хэмжээ аваад байсан бөгөөд уг захирамжийн 3.4-т ”Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхарч, аль болох гэртээ байх, шаардлагатай тохиолдолд хамгийн ойр үйлчилгээний газраар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэх“ талаар зөвлөсөн байх ба зөвхөн Багахангай, Налайх, Багануур дүүргийн иргэд иргэний үнэмлэхний хаягийг үндэслэн шалган нэвтрүүлэх товчоогоор асуумжаар нэвтрэхийг үүрэг болгосон үе байжээ. Тэгвэл Э.Мэ энэ онц байдлын дэглэмийг зөрчин, Налайх дүүрэгт хууль бусаар зорчиж, амралтын газарт архи ууж согтууран, гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал мөн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг анх удаа ял шийтгүүлж байгаа мэтээр дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд уг ялаа эдэлсэн эсэх нь тодорхойгүй, ялтайд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн.

Мөн шүүгдэгч нь удаа дараа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд иргэн Н.Мд халдаж гэмт хэрэг үйлдэхээр завдаж хутга барин дайрч эхэлсэн довтолгооныг таслан зогсоохоор хөндлөнгөөс оролцсон, өөртэй нь муудалцаагүй, ямар ч гэмгүй иргэний амь насыг хөнөөсөн нь танхай балмад зангийнх нь илрэл болсон. Өөрөөр хэлбэл, Н.М рүү довтолж эхлэхдээ “өөртэй нь юм ярилцаж зогссон эмэгтэйг нь дуудсан” гэх ялимгүй өчүүхэн зүйлээр шалтаглан, танхайн сэдлээр олон нийтийн эсрэг илтэд хэрцгий дошгин авирлан гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байна.

Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал өчүүхэн ч байхгүй, харин ч үйлдсэн хэргээ булзааруулж, санамсаргүй байдлаар буюу “гартаа хутга барьчихсан байснаа мартаад амь хохирогчийг түлхчихсэн чинь хутганд өртчихсөн” мэтээр гэрч А.Н гэгчтэй ам нийлүүлж зүйл ангиа болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг болгож өөрчлүүлэх зорилготой мэдүүлэг өгч ирсэн. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх шинжтэй бөгөөд хутгаа дүрсэн хойноо араас нь хүчтэй түлхэж гүн зоосон шинжтэй гэж дүгнэсэн байгаа нь шүүгдэгчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байдлыг харуулж байна. Мөн хутгаа буцааж сугалж авчихаад дараагийн хохирогч болох Н.М рүү довтолж эхлэхэд нь гарыг нь мушгиж байж хутгыг нь булаан авсан тухайгаа гэрч О.Б мэдүүлдэг. О.Б тийнхүү зогсоогоогүй бол өшөө хичнээн ч хүнийг хутгалах байсан юм гэсэн үндэслэл бүхий сэжиг төрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Н.Мгийн амь насанд халдахаар завдсан довтолгооныг бодитой эхэлсэн боловч замд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүсч довтолгоон таслан зогсоогдсон тул Н.Мг алахаар завдвсан гэж үзэж болохоор байх атал шүүх энэ тухай няцаалтыг тогтоолынхоо 42 дугаар талд Н.Ц, Б.Э нарын мэдүүлгээр няцаагдаж байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна. Гэтэл энэ хоёр гэрчийн мэдүүлгээр Н.Мг Э.Мэтэй бүлэглэн зодож танхайн гэмт хэрэг үйлдсэн гэж харагдаж байх бөгөөд гэрч Н.М, С, О.Б нарын мэдүүлгээр бол Н.Мгийн амь насанд халдахаар, талийгаачийг хөнөөсөн хутгаа сугалж барьчихаад довтолж явсан нь нотлогдож байна.

Энэ хэрэгт гэрч А.Н нь М.Мийн үйлдсэн гэмт хэргийг дарж хаацайлах зорилготойгоор ”хэдүүлээ цагдаа нар ирэхээр Мөөгийг \Э.Мөнх- Эрдэнийг хэлж байна\ хамгаална шүү” гэж бусдадаа уриалж байгаад гэмт хэрэг үйлдсэн хутгыг нуун далдалж, хэрэг болсон дариуд амралтын газрын камерын бичлэгийг үзэх, хуулбарлан авах, өөрийнх нь өмсөж байсан цамцанд цус хүрсэн байсан тул тайлж зууханд хийж шатаах зэрэг тодорхой үйлдлүүд хийсэн нь гэрч Н.Сын мэдүүлэг, М.Мэ, түүний найз эмэгтэй Л нарын хоорондох утасны яриаг хөндлөнгөөс гар утсаараа бичиж авснаа гэрч Чиваандулам сидинд буулгаж хэрэгт авахуулсан, мөн хохирогч Г.Гийн мэдүүлэг, шүүгдэгчийн эгчийн А.Нтай ярьсан утасны яриагаа бичиж аваад сидинд буулгаж хэрэгт авахуулсан зэрэг баримтуудаар нотлогдож байх атал энэ этгээдийн хууль зөрчсөн үйлдэлд шүүх дүгнэлт хийсэнгүй орхигдууллаа. Мөн энэ хэрэгт амралтын газрын эзэн гэрч Г, түүний эхнэр А.Ц нар нь А.Нтай бүлэглэн хэргийн гол чухал нотлох баримт болох камерын бичлэгийг хэрэг гарсан дариуд, цагдаа ирэхээс өмнө үзэж, зориудаар цагийг өөрчилсөн, мпи-д шилжүүлэн хуулж авсан, ингэснээр цаашид устгах үйлдэл хийсэн болох нь харагдсаар атал тэдгээрийн гэмт үйлдэлд ямар ч дүгнэлт хийлгүй орхигдууллаа гэж үзэж гомдолтой байна. Энэ талаарх дүгнэлтээ цааш дараагийн хэсэгтэй уялдуулан үргэлжлүүлнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолж тогтоовол зохих бүх зүйлийг тогтоосон, нэмэлт ажиллагаа хийлгэх хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу боллоо.

Шинжээч Ц.Болор-Эрдэнэ нь шүүх хуралд өгсөн мэдүүлэгт “... 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цагаас 24 цаг хүртэлх камерын бичлэгийг сидинд хуулж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хүргүүлсэн гэсэн атал хэрэгт тийм сидиг яллах дүгнэлтэд хавсаргаж ирүүлээгүй байгааг шүүх бүрэлдхүүн өөрсдөө илрүүлж, хуралд мөрдөгч Б.Мөнхбаярыг гэрчээр байцаахдаа асууж тодруулж байсан. Шүүгч Д.Чинзориг нь камерын бичлэг хадгалагдаж буй төхөөрөмж ба мемори карт гэх хоёр зүйл шүүхэд ирсэн ба сиди ирүүлээгүй гэж хэлж шинжээчээс сиди хүргүүлсэн талаар, мөрдөгчөөс болон прокуророос тэр сиди хаачсан талаар тодруулж асуухад тэдгээр нь “мэдэхгүй” гэсэн туйлын хариуцлагагүй хариулт өгцгөөсөн шүү дээ.

...Хамгийн тодорхой зүйл бол камерын бичлэгийг хоёр удаа шинжээч дүгнэхдээ гаргаж ирсэн цагийн зөрүү юм. Шинжээч Болор-Эрдэнэ тухайн камерын бичлэг байгалийн цагаас 22 минутаар түрүүлж бичлэг хийдэг гэж, бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь камерын цагийг 35 минутаар түрүүлж явдаг гэж дүгнэсэн нь хоорондоо зөрүүтэй байгаагийн учрыг тодруулсангүй.

Шүүх хурал дээр үзсэн бичлэгт 23:38:10 секундаас бичлэг эхэлж буй мэт харагдаж байгаа нь байгалийн цагаас түрүүлж байгаа гэж үзвэл 22 минут ухраахад 23:16:10 цаг болох ба энэ цагт амралт камераа асааж бичлэг хийж эхэлсэн юм бол манай талийгаач хүүгийн амьд ахуй цаг байх боломжтой юм. Учир нь, гэрч Н.Мгийн мэдүүлэг болон бидний шүүх хуралд гаргаж мэтгэлцсэн талийгаачийн гар утасны хадгалагдсан дуудлага гэх баримтаар бол талийгаач нь Мгийн гар утсаараа түүн рүү ярьж дуудсанаар 22:59...цагт амралтын газар луу оржээ. Сын хамт амралт ороод хойд гэр лүү очиж охидуудтай хэсэг зуур ярилцаж суусан гэх мэдүүлгүүд байна. Үүний дараа гадаа Мөнхэрдэнэ, М нар маргаж зодолдож эхлэхээр гэрээс гарч очсон ба түүнийг хутгалагдаад газар хэвтэж байхыг гэрчүүд хэн аль нь тэр даруй анзаараагүй, яг хутгалагдах цаг мөчид хэн нь ч хутгалуулж байгаа, хутгалж байгаа хоёрын дэргэд байгаагүй, бүгд Мөнхэрдэнэ, М нарын зодоон руу анхаарч харсан байгаад, хэсэг хугацаа өнгөрсний дараа талийгаачийн газар унаад ухаангүй хэвтээд байгааг анзаарцгаасан. Тэгээд амьсгалж байгаа эсэхийг нь Гантулга нар шалгаж, гэр лүү гурвуулаа өргөж оруулаад хэсэг зуур шаагилдаж байгаад цамц нь сөхөгдөхөөр нь хартал цээжинд нь цустай шарх байгааг анзаарцгаасан учир үүд рүү дамжлан зөөж гадаа байсан машины ард тавьж хэсэг зуур байзнацгаасан” гэх тул 16 минут дотор энэ бүх үйл явдал болоод өрнөөд дууссан байх бодит боломж байхгүй юм. Одоо бидний үзэж байгаа бичлэгт үүнээс хойшхи буюу талийгаачийг машинд суулгаад хөдлөх үеийн үйл хөдлөлүүд түүнийг суулгасан машин хөдөлснөөс хойш дотор юу болж буй үйл хөдлөл харагдаж байгаа болно. Харин 35 минут ухраавал 22:03.. цаг болох бөгөөд гурван минут дотор энэ бүх үйл хөдлөл багтаж өрнөх бүр ямар ч бодит боломж байхгүй юм. Тиймээс талийгаач хүүгийн амьд ахуйгаас авахуулаад алуулах үеийн үйл хөдлөл камерын бичлэгт харагдах ёстой атал харагдахгүй, амралтын газрын камеруудаас лав хоёр нь хэрэг гарч байгаа газарт маш ойрхон тусгалтай, хүмүүсийг бүр нүүр царайтай нь харах боломжтой газраас бичсэн байх ёстой атал тийм бичлэгүүд огт байхгүй байгаа нь туйлын эргэлзээтэй байгаа юм.

...Хэрэг гарсны маргааш үдээс хойш хохирогч Г.Г нөхөр, ах дүү нартайгаа хүүгийнхээ амь үрэгдсэн газарт очихдоо залуусын амарч байсан гэх хамгийн зүүн захын хоёр гэр, тэдгээрийн ойролцоо зодоон болсон гэх газар луу ойрхон тусгалтай хоёр камер байгааг харсан ба бид энэ талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа юм. Одоо харагдаж байгаа үйл хөдлөл нь хамгийн холоос буюу Гын байшин хавьд байрлалтай камераас л гэрүүд рүү харсан байх бичлэг байдаг. А.Ны хутга нуусан гэх газар луу буюу амралтын хамгийн зүүн захын дутуу баригдсан хоёр гурвалжин байшин руу харсан гэх камерыг мөрдөгч Мөнхбаяр үзлэг хийхдээ хоёрдугаар камер гэж, харин шүүх бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийхдээ зургадугаар камер гэж тус тус зөрүүтэй дүгнэсэн. Камерын таван сувгийн бичлэгүүдийг үзэхэд эхлээд 21:50:03-21:50:15 гэсэн цаг дээр нь гарах боловч тэр даруй шууд 22:38.33 болж өөрчлөгдөж байгаа нь ямар учиртай вэ гэдэг талаар аль ч шинжээч дүгнэлт гаргаж өгсөнгүй бөгөөд шүүгч нар өөрсдөө анхаарч асууж байсан атлаа дүгнэлтэндээ дурдалгүй өнгөрөөсөн.

Тухайн төхөөрөмжид 2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23:38 цагт төхөөрөмжийг унтраасны дараа асаасан ба 1, 2, 3, 6-р камерын бичлэгүүдэд кодчилох командуудыг хийж хадгалсан, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01:19 цагт 1, 2, 3-р камеруудын бичлэгүүдэд кодчилох командуудыг хийлгэж хадгалсан, 2021 оны 4 дүгээр сарын 7- ны өдрийн 02:45 цагт 2,3,6-р камеруудын бичлэгийг кодчилох командуудыг хийлгэж хадгалсан, 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 12:36 цагт төхөөрөмжийг унтрааж асаан 4-р камерын 2021 оны 4 дүгээр сарын 4-ний 1 ширхэг, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны 2 ширхэг,3-р камерын 2021 оны 4 дүгээр сарын 4-ний 1 ширхэг бичлэгүүдийг тус тус нөөцлөх командуудаар МП 4 төрлийн видео болгон гаднаас залгасан төхөөрөмж рүү тоглуулагч файлын хамтаар хадгалсан үйлдлүүдийг хийсэн гэх лог файл үүссэн байх атал аль ч шинжээч үүнийг дүгнэлтэндээ оруулсангүй, харин лог файл үүсээгүй байна гэж худлаа дүгнэлт гаргасан байтал шүүх энэ асуудлыг анхааран үзэлгүй орхигдууллаа. Гэрч А.Цгийн мэдүүлэгт камерын төхөөрөмжийг хэрэг гарсны дараа цагдаа үзлэг хийхдээ хурааж авалгүй орхиж яваад 4 дүгээр сарын 8-нд өөрийн биеэр цагдаад аваачиж өгсөн гэж байгаа. Тэхээр дээрх маягаар камерын бичлэгийг оролдох, хуулан авах боломжийг тэдгээр иргэдэд мөрдөгч н.Мөнхбаяр олгожээ. Ингээд товч дүгнэхэд шүүх нь хэргийн талаар бодит үнэнийг тогтоох үүргээ эс биелүүлж, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй болж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт камерын бичлэгийн талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүгдэгчид тохирох зүйлчлэлээр нь хэргийг зүйлчлэх, Э, Н Г, Ц нарын хууль бус үйлдлийг, мөрдөгч Мөнхбаярын хууль зөрчсөн ажиллагааг шалгуулж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр миний талийгаач хүүгийн төрсөн өдөр. Цаг үе нь ингэж таарч байгаа юм уу. Өнөөдөр үнэхээр гашуудалтай өдөр байна. Би хүүгээ нас бараад 16 цагийн дараа Налайх дүүрэгт очсон. Тэгэхэд тогтоох ажиллагаа явагдаад дууссан байсан. Задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Бидэнд хэлээгүй. Хүүгээ морогт орж харна гэхэд харуулахгүй гэсэн. Харуулахгүй бол явахгүй гэсэн. Миний ганц хүсэж байгаа зүйл юу бэ гэхлээр хэрэг гарсан үе болох 2021 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 22 цагаас 00 цаг хүртэлх бичлэгийг үзмээр байна. Тэрхүү бичлэгийг үзвэл энэ асуудал дууслаа. Анхан шатны шүүх хуралдаан хүртэл энэхүү бичлэгийг би үзэж чадаагүй. Надад үзүүлээгүй. Энэ бичлэг хаачсан бэ гэхлээр прокурор Цэрэндалай аваад явсан. Эхний шүүх хуралдаан дээр яагаад ирээгүй бэ гэхээр Нийслэлийн прокурор дээр дуудагдаад явсан ажилтай гэж хэлдэг. Би прокурор Цэрэндалайг ирээгүй учраас шүүх хуралдааныг хойшлуулж, прокурор Цэрэндалайг ирсэн хойно шүүх хуралдааны явуулна. Надад асуух зүйл байгаа гэж би хэлсэн. 2 дахь шүүх хуралдаан 14 хоногийн дараа товлогдсон. Прокурор Цэрэндалай ирээгүй. Яагаад ирээгүй бэ гэхлээр ажлаас халагдах өргөдлөө өгөөд явчихсан гэдэг. Энэ хүний талаар би гомдол гаргаж өгсөн байгаа. Нийслэлийн прокурор дээр хэрэг нь нээгдчихсэн шалгагдаад явж байгаа. Сүүлийн шинжээч нараас гарч ирсэн дүгнэлт нь эхний шинжээчийн дүгнэлт болон хард дискний багтаамж, он, сар, цаг гэх мэт 10 гаруй зүйл зөрүүтэй байгаа. Камерын бичлэгийг тайлбарласан зүйл зөрүүтэй байгаа. Монгол улсын нэрийн өмнөөс бүхэл бүтэн шинжээчийн баг бүрэлдэхүүн нь зөрүүтэй дүгнэлт гаргасанд үнэхээр харамсаж байна. Сүүлийн шинжээч нарын дүгнэлт байгаа. 23 цаг 31 секундэд миний хүүхэд нас барчихсан. Камер 4 дээр автомашин ард миний хүүхэд хэвтэж байгаа. Нас бараад 30 минут өнгөрчихсөн цаг хугацаа байгаа. Шинжээч 23 цаг 38 минутаас Улаанбаатарын цагаар 35 минутаар түрүүлж явна гэж дүгнэсэн.  35 минутыг хасахад 23 цаг 03 минут болж байна. Тэгвэл, миний хүү нас барахаасаа өмнө буюу амралтын газар луу орохоосоо өмнө хамгийн сүүлд хийсэн дуудлага нь 22 цаг 59 минут 25 секундэд байгаа. Н.Мтэй утсаар ярьж амралтын газар луу орсон байдаг. Тэгэхэд 3 минутын дотор миний хүү нас бараад, ачаад явж байгаа нь эрс зөрүүтэй байдаг. Шинжээч Т.Болор-Эрдэнэ лог файлыг та яагаад гаргаж тавиагүй юм бэ гэсэн миний асуултад надаас лог файлыг асуугаагүй. Би асуултанд нь хариулсан гэж хэлдэг. Лог файл нь ямар учиртай юм бэ гэхлээр хэрэг гарсан 23 цаг 38 минут 13 секундэд камерын бичлэгийг унтраагаад асаагаад кодчилох команд өгөөд системийг ажиллагаанд бэлдсэн байдаг. 2, 3, 6 гэсэн камерын бичлэгүүдийг ажиллагаанд бэлдсэн. Прокурор Цэрэндалай болон Мөнхбаярын мэдэлд байхдаа МП-4 пээр 2, 3, 6 гэсэн камерын бичлэгийг хуулж авсан. Энэ нь шинжээчид өгөөгүй байхдаа хуулж авсан байдаг. Шинжээчид өгөхдөө 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шинжээчид өгсөн. Шинжээчээс гарч ирэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарч ирсэн. 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мөн л бичлэгийг оролдсон байдаг. Би ганцхан зүйлийг хүссэн. Мөрдөгч, прокурор болон Налайх дүүргийн тасгийн дарга Батбаяртай уулзсан. Та нар надад шинжээчид өгсөн 2 цагийн камерын бичлэгийг л үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд л асуудал дууслаа. Би хүний хүүхдийн мууг үзэх гээгүй. Би хүүхдээ алдсан гэж өс сансандаа ингэж яваагүй. Би зүгээр л хэрэг гарсан 2 цагийн бичлэгийг л үзмээр байна. Тэгээд бүх зүйл дууслаа гэж хэлэхэд Мөнхбаяр мэднэ гэж надад хэлсэн. Манай мэдээлэл технологийн мэргэжилтэн жирэмсэн болоод ажлаасаа гарчихсан. Бид нар сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. 2 цагийн бичлэгийн сиди хадгалах газар байгаа гэдэг. Надад гаргаж өгч үзүүлэхгүй байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 3-наас 6-ны өдөр хүртэлх бичлэг нь мемори картанд байгаа. 145 гегабайтын мемори картанд бичлэгийг хуулж өгсөн. Тэр мемори картыг би худалдаж авч өгсөн. Тэрийг үзье гэхээр тэрийг үзүүлэхгүй байдаг. Батбаяр төхөөрөмж аваад ирсэн. Хард диск хов хоосон байдаг. Хард диск чинь хов хоосон зүйл үзүүлж байна гэж тасгийн даргад нь хэлсэн. Та чадахгүй байгаа юм биш үү гэж хэлдэг. Би лог файл гэдгийг нь тэгэнгүүт нь орж авсан. Хэрэг гараад миний хүүг найз нар нь түргэн дуудаж, автомашинтай авч яваад мэлхий хадан дээр уулзахаар тохирсон. 12 цаг болж байхад утсаар ярьсан байдаг. “...А.Н камерын бичлэгийг үзчихсэн бүх зүйл таарч байна. ...” гэж хэлсэн байдаг. Хавтас хэрэгт байгаа. 2 минут 17 секундын бичлэг байгаа. А.Н нь хутгыг нуусан. Тухайн үеийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг. Нэг болохоор миний хүүтэй мэндэлсэн гэж мэдүүлдэг. Нэг болохоор асаагууранд харахад танидаг залуу байхаар нь санамсаргүй түрхсэн гэж мэдүүлдэг. Б нь яг хамт явж байхад хутга байсныг хараагүй гэж мэдүүлдэг. Энэ мэтчилэн ээдрээтэй асуудлууд маш их байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны болсон гэж үзэхгүй байна. Шүүхийн Тамгын газрын дарга нь алуурчин этгээдийг өрөөндөө 2 удаа авч орж ундаалж, цайлсан байдаг. Ингэж болох юм уу. Энэ шударга ёс юм уу. Шүүхийн Тамгын газрын дарга Лхамрагчаа нь эхний шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Мийг 461 дүгээр хорих ангиас хуяглан авч ирж 2 удаа уулзсан байдаг. 20 минут гав гинжийг нь тайлж тамхи татуулж, хоол идүүлсэн байдаг. Энэ дагуу гомдол гаргаж энэ хүн ажлаасаа халагдсан байдаг. 2021 оны 12 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан. Мөн шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж өгсөн байгаа. Шүүгч Ганболд нь урьдчилан тогтоолоо үйлддэг, захиалгатай ажилладаг байгаа. Тогтоол дээр нь прокурор Цэрэндалайг ирэхгүй гэдгийг мэдээд дарчихсан байдаг. Хойно нь ногоон өнгийн мемори картыг устгалд оруулав гэж тэмдэглэсэн. Шинжээчийн баг 20 минутын бичлэгийг сидинд бичээд авч ирсэн байдаг. 20 минутын үсэрдэг бичлэг байгаа. Камер дөрвийг харахад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 5-6 секунд яваад 2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23 цаг 38 минут гэж үсэрсэн байдаг. Үсэрсэн цагууд нь бас хоорондоо зөрүүтэй байдаг. Үсрээд нийлж байгаа цагууд нь 23 цаг 33, 38 гээд байгааг шинжээч нар мэдэхгүй байдаг. Анхны шинжээч биш юм чинь яаж мэдэх юм бэ. Би шинжээч нараас асуусан. Эхний шинжээч Улаанбаатарын цагаар 22 минутын зөрүүтэй. Нөгөө шинжээч нь 35 минутын зөрүүтэй. Би бүх алдаануудыг гаргаж өгсөн. Прокурор Цэрэндалайгийн авч зугтсан камерын бичлэгийг үзмээр байна. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Мээс өөр хүн оролцоогүй гэдгийг надад харуулчихбал бүх асуудал шийдвэрлэгдлээ. Өөр хүсэх зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч А.Содхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шаардлагатай гэрчээс мэдүүлэг авч асуугаагүй. Мөн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Шинжээчийн дүгнэлтүүд илт зөрүүтэй байхад зөрүүг нь арилгаагүй. Шаардлагатай гэрч гэдэгт шүүгдэгчийн гараас хутгыг булааж авсан Б, мөн хутгыг нуусан А.Н нар хэрэгт оролцоотой байгаад камерын бичлэг эдгээр хүмүүсийн гарт орсон. Камерын бичлэг үсэрч, өөрчлөгдөж байгаа, цаг нь зөрж байгаа асуудлыг хийгдсэн гэж үзэж байгаа. Үүнийг анхан шатны шүүхээс нягталж судлаагүй. Дахин шинжээч томилж маргааныг шийдвэрлэлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг авч үзсэн байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ сайн дураараа илчилсэн, мэдүүлгээ тогтвортой мэдүүлдэг гэсэн шинжүүдийг харгалзан үзсэн байна. Шүүгдэгч Э.Мийн энэ гэмт хэрэг нь анх удаагийн гэмт хэрэг байгаагүй. Урьд нь 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн зүйлчлэлээр шийтгэгдсэн байдаг. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь тогтвортой байгаагүй. Хавтаст хэргийн 154 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Шүүгдэгч Э.Мийг анх гэрчээр асуусан байдаг. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. “...Би өөрөө хутгалчихаад хутгаа шидсэн. Би өөрөө авч тавьсан. ...” гэж мэдүүлдэг. Бодит байдал дээр гэрч Б хутгыг нь тавиулсан байдаг. “...Би гарыг нь өчиж байж хутгыг нь булааж авсан. Н.М рүү дахин дайрсан. ...” гэж мэдүүдэг. Шүүгдэгч Э.Мэ нь гэрч Н.Мтэй эхэлж маргалдаж байсан. Талийгаач салгах гээд очиход шүүгдэгч Э.Мэ алсан байдаг. Үүнээс өмнө Н.Мтэй хэрэлдэж, зодолдож бусдын биед халдсан гэмт үйлдэл явсан байдаг. Мөрдөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүн гэрч Н.Мг хохирогчоор тогтоогоогүй. Гэмтлийн зэрэг тогтоох шинжээч томилоогүй. Шууд л гэрчээр асуугаад явсан байдаг. Хэргийн бодит байдал нь Н.М, Э.Мэ нарын хэрүүл зодооноос болж энэхүү асуудал үүссэн. Гэтэл энэ хэрэг дээр Н.Мг хохирогчоор тогтоож асуусан зүйл байдаггүй. Шүүгдэгч Э.Мэ хохирогчид анхан шатны тусламж үзүүлээгүй. Шүүгдэгч Э.Мийг гэр лүү хүмүүс авч ороод тайвшруулаад байсан гэдэг. Шүүгдэгчийн мэдүүлэг анхнаасаа тогтортой байсан гэдэг нь худлаа. Анхны мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй. Худал мэдүүлэг өгч байсан. Согтуу байсан. Бусдад заналхийлж, ална гээд дайрч байсан. Тэр нь гэрчийн мэдүүлгүүд дээрээс харагдаж байгаа. Гарт нь хутга байсан бол Н.Мг хутгалах зорилготой байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сая хэлсэн. Гол нотлох баримт болох камерын бичлэг эдгээр хүмүүсийн гарт орсон байдаг. Тухайн бичлэгийг үзэх гэхээр үзүүлдэггүй. Хавтас хэрэгт авагдаагүй байдаг. Шинжээч нь хавсаргасан гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаан дээр асуухаар байхгүй байдаг. Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Лхамрагчаатай хувийн харилцаатай юм уу, яагаад өрөөнд нь орж, гав гинж нь тайлагдаж хоол унд болсон бэ. 2 ч удаа ийм зүйл болсон байдаг. Тэр нь хуяглан хүргэж ирсэн цагдаа нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажлаас нь халсан. Мөн анхан шатны шүүх хуралдааныг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн нь урьдчилан шийтгэх тогтоолоо бэлтгэсэн байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хороонд зөрчлийн хэрэг нээгдчихсэн шалгагдаад явж байгаа. Мөн энэ хэрэгт хяналт тавьсан прокурор Цэрэндалайгийн асуудал байгаа. Лог файл нь үндсэндээ амралтын газрын камерын бичлэгийг хард дискэнд хэн нэвтэрч, хэн хэдэн цагт орсон, унтраасан, асаасан, эсхүл юунд дээр хуулж авч байгаа талаар бүгд харагддаг байгаа. Амралтын газрын эзэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр бүх сиди хард дискүүдийг прокурор Цэрэндалайд аваачиж өгсөн байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нэвтэрсэн байдаг. МП 4 рүү хуулж авсан байдаг. МП 4 дээр хуулж авах ямар ч шаардлагагүй байсан. Прокурор Цэрэндалай бичлэгийг хуулж авсан байдаг. МП 4 дээр хуулж авсан нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Сиди дээр хуулсан баримтууд байж байгаа. Эндээс үзэхэд прокурор Цэрэндалай энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой хандсан гэж харагдаж байна. Мөн шүүх хуралдааныг шалтгаангүйгээр 2 удаа хойшлуулсан байдаг. 2 дахь удаагийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа ажлаас халагдсан байсан гэж байгаа. Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан шалгагдаад явж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг огт авч хэлэлцээгүй. Хүсэлт удаа дараа гаргахад “...за ойлголоо наад хүсэлтээ өгчих. ...” гэж хэлээд шийдвэрлэдэггүй. Тэгж байж байгаад хэргийг шүүх рүү л шилжүүлдэг. Шүүх шууд шийдвэрлэчихдэг. Шүүгдэгч Э.Мэд 9 жилийн хорих ял буюу маш бага ял шийтгэл оногдуулсан. 9 жилийн хорих ялыг ямар ч үндэслэлгүйгээр анхны гэмт хэрэг, хэргээ өөрөө илчилсэн, тогтвортой мэдүүлж байсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тусламж үзүүлсэн байна гэж үзсэн. Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн, мөрдөгч, хяналт тавьсан прокурор нь хууль зөрчсөн байдаг. Тэд нарыг мөн шалгаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв. 

 

Прокурор Г.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Талуудын гаргасан давж заалдах гомдол, тайлбаруудтай танилцлаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байсан асуудлууд дахиад хөндөгдсөн гэж ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршигтай холбоотой хохирол төлбөрийг төлсөн асуудлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг 9 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан. Шүүхээс энэ хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дурдсан байгаа. Хохирогч талаас гаргасан гомдол, тайлбарууд нь анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон. 2 шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шинжээч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байгаа. Энэ нь үйл баримттайгаа таарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч Э.Мэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан камерын бичлэгийн цагийн зөрүүтэй байдлыг нэг мөр болгоогүй, хэрэг болох үеийн камерын бичлэг хийгдэж хадгалагдсан эсэх, хийгдсэн бол уг бичлэгийг дүрсжүүлэн сэргээх боломжтой эсэх, амь хохирогч ямар байдлаар хутгалуулсан, уг хэрэгт бусад этгээдүүдийн оролцоо байсан эсэх зэрэг нь эргэлзээ бүхий байхад энэ талаарх үндэслэлээ заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2021 оны 4 дүгээр сарын 3-наас 6-ны өдрийн хооронд бичигдсэн 145GB хэмжээтэй бичлэгийг хөрвүүлэн авав. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискнээс дүрс бичлэг устгагдаагүй байна. Хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатар хотын цагаас 00:22:35 секундээр түрүүлж байна. ...” /2хх 7/ гэсэн, 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 3421 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2021-04-04-ний өдрийн 23:38:10 секундээс 23:59:59 секунд хүртэлх нийт 5 сувгийн /01, 02, 03, 04, 06/ хяналтын камерын дүрс бичлэгүүд хадгалагдаж байна. ... “Шүүхийн тогтоол”-д дурдсан цаг хугацаа буюу 2021-04-04-ний өдрийн 22:00:00 секундээс 23:59:59 секунд хүртэлх хугацааны дүрс бичлэгүүдээс 2021-04-04-ний өдрийн 22:00:00 секундээс 23:38:09 секунд хүртэлх дүрс бичлэг бичигдээгүй байна. Тухайн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь 2021-04-04-ний өдрийн 09:21:20 секундэд унтарч, 2021-04-04-ний өдрийн 23:38:13 секундэд асч системээ дахин ачаалсан бүртгэл бүртгэгдсэн байна. ...” гэсэн дүгнэлтүүд, мөн шинжээч Ц.Болор-Эрдэнийн “... ямар нэг бичлэг устгагдаагүй байсан. Учир нь, устгасан бол лог үүсдэг юм. Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд бичлэгийг хуулбарлахад 145GB болж байсан. Тэгэхээр 6 сар 11 хоногийн хугацааны бичлэгийг тэмдэглэл төхөөрөмжинд хадгалагдаж байгаа гэхээр байнгын бичлэг буюу үргэлжилсэн цагийн бичлэг хийдэггүй байсан. ...1211 дугаартай дүгнэлтийн 4 дүгээр хариултаар миний бие хариулсан. Ямар нэгэн устгасан Log байгаагүй ...” /2хх 16-20/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд ямар учраас хэрэг гарсан үе буюу 2021-04-04-ний өдрийн 22:00:00 секундээс 23:38:09 секунд хүртэлх дүрс бичлэг устсан эсэх, эсхүл анхнаасаа тухайн үеийн бичлэг бичигдээгүй байсан эсэх зэргийг дахин шалгах шаардлагатай байна.

 

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд авагдсан шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байх ба уг маргаан хэдийд болсон, маргаан болсон буюу хохирогч хэрхэн гэмтэл авсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, бусад этгээдүүдийн оролцоо, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохоор заажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгана гэж заасныг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, хэргийн оролцогчдын зүгээс гаргасан хууль ёсны хүсэлтийг ханган мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхийн зэрэгцээ хэргийн оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн давж заалдах гомдолд дурдсан ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Мэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Мэд холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                 2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Мэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ