| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00551/и |
| Дугаар | 151/ШШ2024/00460 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00460
2024 05 20 151/ШШ2024/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******н овогт Н******дын Э************г,
/Төв аймаг, ********* сум, **-р баг, ***, *-р гудамж, * тоот оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Э**************г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э**************г нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. “Миний бие Надмидын Н.Э**************г нь 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Энэ жил 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Гэтэл миний иргэний үнэмлэх дээр Надмидын Н.Э**************г, хөдөлмөрийн дэвтэр дээр Цэрэннадмидын Н.Э**************г гэж буруу бичсэн алдаанаас болж миний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар тушаалын хавсралт дээр Ц.Н.Э**************г гэж бичигдсэн бусад тушаалууд Н.Э**************гээр гарсан байдаг. Миний төрсөн ах, эгч нар нь ээж Цэрэннадмидаар овоглосон байдаг. Ээжийн маань нэр улсын бүртгэлийн байгууллагад анх С.Цэрэннадмид гэж буруу бүртгэгдсэн байдаг. Иймд намайг Цэрэннадмидын Н.Э**************г гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, 195098 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн механикжуулалтын техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1984 оны 09 дүгээр сарын 161 дүгээр “Сургагчаар батлах тухай” тушаалын хуулбар, хавсралт, Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн механикжуулалтын техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар “Сургууль төгсөх тухай” тушаалын хуулбар, хавсралт, Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, хавсралт, Төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар зэрэг нотлох баримт бүрдүүлж, гэрч Ц.Эрдэнээ, Ц.Уртнасан нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э**************гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Н.Э**************г нь овог зөрсний улмаас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан ба түүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоох нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх ач холбогдолтой байна.
3. Хэрэгт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195098 дугаар хөдөлмөрийн дэвтэр /хх-5-6/,
-Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн механикжуулалтын техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1984 оны 09 дүгээр сарын 161 дүгээр “Сурагчаар батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-7-8/,
- Ардын боловсролын яамны харъяа Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн механикжуулалтын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тушаал, түүний хавсралт /хх 9-12/,
-Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар “Ажилд томилох тухай” тушаал /хх 12/,
-Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд авах тухай” тушаал, /хх-14-15/
- Төрөл садангийн лавлагаа, /хх16-17/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 18/
-Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 513 тоот, түүний хавсралтад Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл Иргэний үнэмлэх авах өргөдөл, Хүн амын регистрийн лавлагаа, иргэний хаягийн лавлагаа, Төрөгсдийн бүртгэлийн хуулбар, Гэрлэснийг бүртгэлийн хуулбар /хх 29-36/,
-Гэрч Ц.Уртнасан, Ц.Эрдэнээ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 37-40/,
-Н.Уртнасангийн овог нэр өөрчилсөн гэрчилгээний хуулбар /хх 41/ зэрэг баримтууд авагдсан болно.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195098 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн механикжуулалтын техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1984 оны 09 дүгээр сарын 161 дүгээр “Сурагчаар батлах тухай” тушаалын хуулбарт “Цэрэннадмидын Н.Э**************г” гэж бичигдсэн хэдий боловч иргэний бүртгэлийн баримт бичгүүдээр Надмидын Н.Э**************г болох нь нотлогдож байна.
5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна. Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад баримт бичигт бичигдэнэ” гэж заасан.
6. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт Б********н овогт Н********дын Н.Э**************г РД:*************** дугаартай бөгөөд эцэг нь Сономын Надмид, эх Сэрээтэрийн Цэрэннадмид болох нь тогтоогдож байна. /хх-32/
7. Дээрх байдлаас Н.Э**************гийн эцэг нь Надмид, эх нь Цэрэннадмид болох нь тогтоогдож байх тул зөрүүтэй бичигдсэн үйл баримтыг зөвтгөн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар “Цэрэннадмидын Н.Э**************г” гэж бичигдсэн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Надмидын Н.Э**************г болохыг тогтоож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Н.Э**************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар “Цэрэннадмидын Н.Э**************г” гэж бичигдсэн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Надмидын Н.Э**************г болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ