| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2111010791093 |
| Дугаар | 2022/ДШМ/283 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/283
2022 3 10 2022/ДШМ/283
А.Аад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Шаравнямбуу,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/762 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан давж заалдах гомдлоор А.Аад холбогдох эрүүгийн 2111010791093 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Өыг мөрлөж гарлаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гараараа хоёр удаа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, доод шулуун булчингийн хавчуулагдалт, гурвалсан мэдрэлийн 2 дугаар салааны гэмтэл, зовхи, хацрын цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд тус тус зааснаар 3.195.000 төгрөгийг шүүгдэгч А.Ааас гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17-60 тоотод оршин суух хаягтай Ө-д олгож, мэс ажилбарын дараах эмчилгээний холбоотой зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл А.А нь “Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнгис” кинотеатрын урд автобусны буудлын түцнээс тамхи, ундаа зэрэг эд зүйлс авах гээд очсон. Тэгтэл намайг очиход уг түцнээс нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бүдүүн том биетэй ах юм авах гэж байгаа байдалтай байсан юм. 7-8 минут болсон. Тэгэхээр нь би “ахаа та юмаа авч дуусаж байгаа юм уу, болоогүй бол би гялс тамхи авчихмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл уг хүн над руу хандаад “зайл мангар бацаан минь” гэж хэлсэн. Би хариуд нь “та зөндөө удаан байна шүү дээ, уусан идсэнээ шингээхэд яадаг юм бэ?” гэж хэлсэн ба уг хүн хариуд нь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь цаашаа болсон юм. Тухайн үед хажуу талд нь байсан өөр нэг түц ажиллаж эхлэхээр нь би тэр нээсэн түц хүү очсон чинь уг хүн нь ардаас ирээд миний толгой руу ундаагаар цохисон юм. Би хариуд нь уг хүний нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр салаад хэсэг хугацаанд маргалдаж байхад бид хоёрын дундуур нэг залуу орж салгасан ба тэр залуу нь надад “манай үйлчлүүлэгч байгаа юм, согтуу байна, чи явчихгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явчихсан юм” гэх мэдүүлэг. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “эрэгтэй хүн /гэрч А.А/ нь баруун гараараа цагаан өнгийн цамц, хар өнгийн куртиктай эрэгтэй хүн /хохирогч Г.Ө/-ы нүүр лүү 1 удаа цохиж байгаа дүрс бичигдсэн байлаа" /хх 49-51/ авагдсан байна. Гэтэл шүүгдэгч А.Аын мэдүүлгээр эхлээд тус зодооныг хохирогч эхлүүлсэн байх бөгөөд үүнийг Г.Ө үгүйсгэдэггүй юм. Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтнаас хохирогч Г.Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах ажиллагаа явуулаагүй, мөн маргаан гарахад дундуур нь орж зогсоосон түцний залуугаас мэдүүлэг авч тодруулах ажиллагаа зэрэг хийгээгүй байна. Гагцхүү шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8573 дугаартай дүгнэлтээр л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “... 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна. Иймд уг хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Р.Энх-Оюун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Өыг мөрлөж гарлаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн яриад байгаа түцний залууг асуух шаардлагатай байсан гэх тухайд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон тул түцний залууг заавал асуух шаардлагагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгт тохирсон гэ үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Өыг мөрлөж гарлаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг гараараа хоёр удаа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, доод шулуун булчингийн хавчуулагдалт, гурвалсан мэдрэлийн 2 дугаар салааны гэмтэл, зовхи, хацрын цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Өы “... 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрладаг “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудлын ТҮЦ-нээс юм авах гэж зогсож байгаад нэг залуутай маргалдсан юм. Би тэр залуутай зөрөхдөө мөрөөрөө шүргэлцсэн юм шиг байгаа юм. Би бол тэрийгээ санахгүй байна. Уг залуу нь надтай маргалдахдаа намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь гартаа барьж байсан ундааныхаа савыг “чи чинь залуу хүн байж ямар муухай ааштай юм бэ” гэж хэлээд шидчихсэн юм. Тэгсэн чинь толгойг нь хальт шүргээд газар унасан юм. Тэгтэл уг залуу шууд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. ... миний хамраас цус гарсан. Уг залууг миний сууж явсан таксины жолооч залуу болиулсан. ... би тухайн үед 300-400 грамм коняк уусан гэж бодож байна. ...” /хх 23-26/,
А.Аын яллагдагчаар өгсөн “... миний бие 2021 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудлын ТҮЦ-нээс тамхи, ундаа зэрэг эд зүйлс авах гээд очсон юм. Тэгтэл намайг очиход уг түцнээс нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бүдүүн том биетэй ах юм авах гэж байгаа байдалтай байсан юм. Би тэр ахыг юмаа авч дуусахыг нь хүлээж зогссон. Гэвч уг хүн нь юмаа авах гээд 7-8 минут болсон. Тэгэхээр нь би “ахаа та юмаа авч дуусаж байгаа юм уу, болоогүй бол би гялс тамхи авчихмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл уг хүн над руу хандаад “зайл, мангар бацаан минь” гэж хэлсэн. Би хариуд нь “та зөндөө удаж байна шүү дээ, уусан идсэнээ шингээхэд яадаг юм бэ” гэж хэлсэн ба уг хүн хариуд нь намай заамдаад авсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь цаашаа болсон юм. Тухайн үед хажуу талд нь байсан өөр нэг түц ажиллаж эхлэхээр нь би тэр нээсэн түц рүү очсон чинь уг хүн нь ардаас ирээд миний толгой руу ундаагаар цохисон юм. Би хариуд нь тэр хүний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид 2 салсан ба тэрнээс хойш хэрэлдэж байгаад салсан. Би тэр үед цагдаагийн газар луу очих уу гэсэн чинь үгүй гээд байсан бөгөөд бид хоёрын дундуур нэг залуу орж салгасан ба тэр залуу нь надад “манай үйлчлүүлэгч байгаа юм, согтуу байна, чи явчихгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явчихсан юм.” /хх 9-12/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8573 дугаартай “Г.Өы биед зүүн нүдний доод, өмнөд хананы хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” /хх 33-34/,
2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 725 дугаартай “Г.Өы биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, доод шулуун булчингийн хавчуулагдалт, гурвалсан мэдрэлийн 2 дугаар салааны гэмтэл, зовхи, хацрын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зулайн хуйхны цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Oculoplastic эмнэлгийн үзлэгээр зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, доод шулуун булчингийн хавчуулагдалт, гурвалсан мэдрэлийн 2 дугаар салааны гэмтэл, энофтальм оношлогдон мэс ажилбар хийх заалт болсон байна. Ухархайн хананы хугарал болгон нүдний хараанд нөлөөлөхгүй” /хх 38-40/ гэсэн дүгнэлтүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... эрэгтэй хүн нь /А.А/ баруун гараараа цагаан өнгийн цамц, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн /хохирогч Г.Ө/-ий нүүр лүү нэг удаа цохиж байгаа дүрс бичигдсэн байлаа. Үүний дараа ногоон өнгийн куртик, цагаан өнгийн босоо 3-н зураас бүхий канттай хар өнгийн биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүн /А.А/ нь гартаа барьж байсан гар утсаа өмднийхөө баруун талын урд халаасанд хийгээд хойшоо ухраад алхаж байх ба цагаан өнгийн цамц, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн /хохирогч Г.Ө/ нь өмнөөс нь алхаж байх үед дахиж нэг удаа нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиж байв. ...” /хх 49-51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс А.Аын үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Аын “мөрлөж гарлаа” гэх шалтгаанаар Г.Өтай маргалдан, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, доод шулуун булчингийн хавчуулагдалт, гурвалсан мэдрэлийн 2 дугаар салааны гэмтэл, зовхи, хацрын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан “... А.Аын үйлдлийг хангалттай шалгаж, тогтоогоогүй байна. Уг хэрэгт маргааныг таслан зогсоосон гэх түцний залууг гэрчээр асуух шаардлагатай бөгөөд мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.
Учир нь, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аын хохирогчийн нүүрэн тус газарт 2 удаа цохисон үйлдлүүд, энэхүү үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Иймд шүүгдэгч А.Аад холбогдох хэрэгт гэрчээр нэмж хүн асуух шаардлагагүй, нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоосон байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж үзээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/762 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ