| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2026/0270/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/285 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/285
2026 06 02 2026/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч У.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У.Э-д холбогдох эрүүгийн 2625000000295 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, “****** ********” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** ******* ****** ******* суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Х овогт У-ийн Э /РД; *********/,
2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч У.Э нь;
2026 оны 4 дүгээр сарын 30-ны орой 22.00 цагийн орчим 1.33%-ийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багийн нутаг дэвсгэрт **-**УЕТ улсын дугаартай “Toyota.Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч У.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 23.00 цагийн үед Чандмань баг Аз хотхонд хуурай ах Э-ы гэрт өөрийн эзэмшлийн “Toyota.Harrier” загварын **-**УЕТ улсын дугаартай автомашинаа жолоодож очоод 2.5л хоёр пиво уусан. Э ахын гэрээс гараад гэртээ харих гээд “Toyota.Harrier” загварын **-**УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Сансар” худалдааны төвийн хажуу талын шороон зам дээр явж байгаад жалга руу ороод гацчихсан, цагдаа нар ирээд согтуурал шалгах багаж үлээлгэж шалгаад “1,33%-ийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон байна.” гээд тээврийн хэрэгслийг саатуулсан.” гэх /хавтаст хэргийн 26-27, 32-33 дахь тал/,
гэрч Н.Б-ын “...2026 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шөнийн эргүүлд дэд ахлагч М.М-ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шөнийн 03.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг” Сансар” худалдааны төвийн урд төв зам дээр “Toyota.Harrier” загварын **-**УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч У-ийн Э нь 1,33%-ийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ хөдөлгөөнд оролцсон тул тээврийн хэрэгслийг нь саатуулсан. ...2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ нэг жилээр хасуулсан байсан.” гэх /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
гэрч Э.Х-ын “…манай нөхөр цуг ажилладаг ахынхаа гэрт нь юм хийгээд, тэндээ пиво уугаад гэртээ харих гээд машинаа унаад ганцаараа явж байсан чинь цагдаад баригдсан гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
гэрч М.Э-ы “…2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чандмань баг Аз хотхонд айлд засвар хийж дуусчихаад хуурай дүү Э руу ярьсан чинь “ажлаасаа буугаад ирчихсэн байна” гэхээр нь дуудаад бид хоёр Аз хотхонд лаазтай пиво хоёр, хоёрыг уусан. ...Э гэртээ харина гээд салсан. Тэгээд 2-3 хоногийн дараа над руу залгаад 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр надаас салаад машинаа жолоодож яваад цагдаад баригдсан гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ мэдүүлгүүдээс гадна,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар жолооч У.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг шалгахад 1.33%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ЗШ/1257 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 44-46 дахь тал/, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэргээр тогтоогдсон болно.
Шүүх хуралдааны үед дээр дурьдсан баримтуудаас гадна эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр; Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хэргийн хамт цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг хэрэгт нь хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт У-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ял болон түүнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,
мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг уг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э