Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/299

 

  2026       06          09                                          2026/ШЦТ/299

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн 2625000000288 дугаартай хэргийг 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “**** ******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ****** ****** ***** ***** оршин суух, урьд;

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 7 сарын хугацаагаар хойшлуулсан,

Х овогт Ц-ийн Э /РД; ФА********/,

2025 оны 5 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Ц.Э нь;

2026 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 01.00 цагийн орчим 0.51%-ийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт **-**ОРН улсын дугаартай “Hyundai.Sonata” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Ц.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Надад гаргах санал, хүсэлт байхгүй, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

гэрч Э.А-ын “...2026 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 01.14 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад **-**ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг нь  согтуурал шалгадаг тандагч багажаар үлээлгэхэд архины агууламж илэрсэн, нарийвчилж согтолтын зэргийг нь шалгахад 0.51%-ийн согтолттой байсан.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч С.Б-ийн “…өчигдөр орой 23.00 цагийн үед...Ц.Э нь ахтайгаа уулзах гээд гэрт нь очоод, бид хоёр дэлгүүр орж нэг ширхэг лаазтай пиво авсан ба морь бариа руу явах замд байдаг уулан дээр очоод ойр зуурын юм яриад байж байх үед Ц.Э дэлгүүрээс авсан лаазтай пивоо уусан юм.” гэх /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ мэдүүлгүүдээс гадна, 

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар жолооч Ц.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг шалгахад 0.51%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/1015 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/ зэргээр тогтоогдсон болно.

Шүүх хуралдааны үед дээр дурьдсан баримтуудаас гадна эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр; Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, оногдуулсан торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцнэ.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хэргийн хамт цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг хэрэгт нь хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Ц-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ял болон түүнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг уг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХТУНГАЛАГ