Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/284

 

    2022             3              10                                         2022/ДШМ/284                                 

 

      Н.Пд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Н.Баярмаа, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Пд холбогдох эрүүгийн 2111000000735 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

             Шүүгдэгч Н.П нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Хөндлөн булаг” 3 дугаар багт Я.Аын гэрт болон өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр О.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь 2 нүдний зовхи, бугалга, шуу, өгзөг, нуруу, хамар зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-452 тоотод өөрийн эхнэр О.Цтой гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу хайчаар цээж, хэвлий, зүүн гарын бугалга хэсэгт хэд хэдэн удаа хатгаж, цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийд шингэн цус хуралдалт, цээж хэвлий, зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын 1 хоног хорих ялд шилжүүлэн 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан 6 жил 3 сарын хорих хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пгийн цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хайчны бариул 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.П давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид засал хүмүүжлээ олж төлөвшин, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд миний хувийн байдал, хувь хүний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Н.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаараа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд илэрхийлж мэдүүлэг өгсөөр ирсэн, хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээн дээр маргаагүй юм. Мөн түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц нь хохирол нэхэмжлээгүй болно. Иймд Н.Пгийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаараа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд илэрхийлж мэдүүлэг өгсөөр ирсэн, хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээн дээр маргаагүй юм. Мөн түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц нь хохирол нэхэмжлээгүй болно. Иймд Н.Пгийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч Н.Пгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ял ондуулахаар заасан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Н.П нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Хөндлөн булаг” 3 дугаар багт Я.Аын гэрт болон өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр О.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь 2 нүдний зовхи, бугалга, шуу, өгзөг, нуруу, хамар зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-452 тоотод өөрийн эхнэр О.Цтой гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу хайчаар цээж, хэвлий, зүүн гарын бугалга хэсэгт хэд хэдэн удаа хатгаж, цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийд шингэн цус хуралдалт, цээж хэвлий, зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Цийн “... би нөхөр болох Н.Птэй 2017 онд хуримаа хийсэн бөгөөд түүнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хааяа алгадаж, өшиглөдөг байсан. ...2021 оны 7 дугаар сарын 6-ны шөнө манай нөхөр согтуу ирээд унтаж амарч байхад орж ирээд намайг өшиглөөд, хамар луу цохиж хамраас цус гоожуулахаар нь би айгаад урд айл руугаа гүйгээд очиход манай нөхрийн хүргэн ах болох Я.А, түүний хүү А.Эрхэс, бэр эгч Д.О нар байсан. Тэгээд намайг ороход Д.О гэрийнхээ гадаа харин Я.А, А.Эрхэс нар орондоо орсон байсан. Тэгээд би гэрт нь ороод сууж байтал манай нөхөр гэрийнхээ гадаа орилоод байсан. ... Тэгээд нилээн удсаны дараа манай нөхөр орж ирээд миний унтаж байсан хөнжил рүү гараараа цохихоор нь би хүүхдээ тэврээд босож ирэхэд гарт нь хутга байсан. Тэгээд намайг ална гээд Я.А ахын гэрийн зуухыг тойруулаад хөөсөн. Тэгээд би хүүхдээ тэврээд гүйж байгаад Н.Пд баригдахад намайг унагааж байгаад баруун талын гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би зугтаагаад Д.О эгчийн араар ороход Д.О эгч “хүүе Ааа бос” гэж хэлсэн. Тэгээд А ах босож ирээд хутгыг нь авах гэж байгаад гарыг зүссэн. Тэгээд би зугтаагаад гарах гэж байтал миний үснээс зулгаагаад намайг үсдэж суулгасан. Тэгээд Ч.А, Д.О, А.Эрхэс гурав гараад явсан. Тэгээд намайг үсдэж байгаад “гэр рүүгээ ор” гээд өшиглөхөөр нь би хүүхдээ тэврээд гараад гэр лүүгээ гүйж байгаад бүдрээд оочиход араас ирээд миний зүүн гуя руу хоёр удаа өшиглөөд би босоод гэр лүүгээ гүйгээд ороход манай хоёр том хүүхэд орон дээрээ унтаж байсан. Тэгээд би зүүн талынхаа орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байтал миний зүүн дал руу 2-3 удаа цохисон. Тэгээд намайг хүргэн ахтайгаа хардаад баахан хэрүүл гуйж байгаад 2 хүүхдийнхээ хажуугаар ороод хэрүүлийн чанартай үг ярьж байгаад унтаад өгсөн. ... 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-452 тоотод ... намайг ариун цэврийн өрөө орох үед нөхөр араас гарч ирээд дуудаад юм ярья гээд хэлэхээр нь дагаад явсан. Тэгээд манай нөхөр надад төрсөн өдрийн бэлэг авсан гэж хэлээд ардаа юм нуугаад байсан, тэгснээ том биш жижиг ч биш цэнхэр өнгийн хайч гаргаж ирээд дайрсан ...ноцолдоод орилоод эгчийгээ дуудсан. ...тэгээд миний зүүн гарын дээд хэсэг болон нурууны дал орчим хэд хэдэн удаа хутгалсан. ... Баянхонгор аймагт шалгаж байгаа, манай нөхрийг хурдан олж бариарай гэж хүсэж байна. ...” /1хх 24-31, 127-133/,

 

гэрч Д.Оийн “... 2021 оны 7 дугаар сарын 6-ны орой 23 цагийн орчимд гэртээ ороод амрах гээд хэвтэж байтал хүмүүсийн чанга чанга дуу гараад орилолдоод байсан. Тэгээд удалгүй О.Ц бага хүүхдээ тэврээд уйлсан хөл нүцгэн орж ирсэн. Тэгээд нилээн хугацаа өнгөрсний дараа би О.Цид “унтаж амар” гээд хөнжил гудас засаж өгөөд зүйрмэглэж байтал гаднаас Н.П хутга бариад орж ирсэн. Тэгээд би “юу болж байнаа Пүүжээ” гэхэд надад хариу өгөлгүй шууд газар унтаж байсан эхнэрийнхээ хөнжлийг хуулаад “чи айлд унтаад байхдаа яадаг юм, орж унт” гэхэд О.Ц хамт унтаж байсан хүүхдээ тэврээд орилоод босоод ирсэн. Тэгээд Н.П эхнэр болох О.Цийг ална гээд зуух тойруулаад хөөгөөд байхаар нь би Я.Аыг “босоод хутгыг нь аваадах” гээд босгосон. Тэгээд Я.А босоод хутгыг нь авах гэж байгаад гараа зүссэн. Тэгээд хутгаа өгөхгүй дийлдэхгүй байхаар нь Я.А болон түүний хүү бид 3 гадаа гараад зогссон. Тэгээд Я.Аын гэрт хоорондоо хэрэлдэж байгаад гурвуулаа гараад гэртээ орсон. Тэгээд чанга чанга дуугарч байгаа намсахаар нь бид гурав унтаад өгсөн. Өглөө босоод үхэр малаа саагаад байж байтал О.Ц гэрээсээ гарч ирээд үхэр малаа саасан. ...” /1хх 134-137/,

 

гэрч Я.Аын “... 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагийн үед орондоо хэвтэж байтал хойд гэрт чанга чанга дуу гараа удалгүй О.Ц гээд манай баз хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэгээд байж байгаад унтаад өгсөн байна лээ. Тэгсэн чинь манай хадам эгч Д.О намайг дуудаад “Н.П чинь хутга бариад эхнэрээ ална гээд хөөгөөд байна, хутгыг нь аваадах” гээд намайг дуудсан. Тэгээд би хувцсаа өмсөөд Н.Пгээс хутгыг нь авах гэж байгаад 2 хурууныхаа өндгийг зүсээд дийлдэхгүй болохоор нь шууд гараад явсан. Тэгээд манай Н.П эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгээд манай бэр эгч, манай хүү бид нар гараад ирсэн. Тэгээд Н.П, О.Ц нар удалгүй хүүхдээ аваад гараад явсан. Н.П согтуу байсан. Харин О.Ц эрүүл байсан. ...” /1хх 139-141/,

 

гэрч П.Оийн “... манай охин Мөнхжаргал “... Пүүжээ чинь Цийг хутгалчихла, та хурдан хүрээд ир” гээд гэмтлийн эмнэлэгт очсон ...” /1хх 35-37/,

 

Н.Пгийн яллагдагчаар өгсөн “... Би 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багт хөдөө гэртээ байж байгаад 11 цагийн үед гэрээсээ гарч яваад айлуудаар хэсэж байхдаа монгол архи уусан. Тэгээд орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь эхнэр О.Ц намайг “чи гадуур тэнэж архи уулаа” гэж хэлснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би орон дээр байсан ганжинг аваад эхнэрийн гар луу нэг удаа цохиход эхнэр зугтааж гэрээс гарч хажуу талын А ахын гэр лүү орсон. ...ирээд эхнэртэйгээ уулзаад уучлал гуйгаад буцаад гэртээ харьцгаая гэхэд “үгүй, чи зайл” гээд хөөхөөр нь уур хүрээд  хартал гэрийнх нь гишгүүрийн хажууд нэг хайч байхыг хараад тэрийг аваад айлгах санаатай гартаа аван далайсан. Тэр үед эхнэр орилоод надтай зууралдаад газар давхралдаад унасан. Нэг харахад хайчны үзүүр цус болчихсон байсан. Эхнэрээ яг яаж гэмтээснээ бол санахгүй байна. Тэгээд эхнэр орилоод байхаар нь би гараад зугтаад гүйсэн. Тухайн үед би өөрөө согтуу байсан гарч гүйгээд дахин дэлгүүрээс архи авч уусан. Намайг архи уугаад сууж байхад цагдаа нар ирж барьсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /1хх 77-78, 156-157/ гэсэн мэдүүлгүүд,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаартай “... О.Цийн биед 2 нүдний доод зовхи, бугалга, шуу, өгзөг, нуруу, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” /1хх 147-148/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7598 дугаар “О.Цийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт, цээж хэвлий, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /1хх 38-39/,

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3815 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх дээжнээс цус илэрсэн. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо О.Цийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1хх 51-53/ гэсэн дүгнэлтүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 22/,

 

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2114000000236 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /1хх 112-114/, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаартай прокурорын зөвшөөрөл /1хх 124-126/,

 

“Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /1хх 110-111/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Н.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын 1 хоног хорих ялд шилжүүлэн 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч Н.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэн хохирогчийн биед хөнгөн, хүнд гэмтлийг учруулсан, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, үйлдлийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ