Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүх хуралдааны танхимд хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Отгонбилэгт холбогдох эрүүгийн 201714000302 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Жавхлантуяа, шүүгдэгч Ц.Отгонбилэг, хохирогч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, Солонгос хоолны газар бэлтгэгч ажилтай, ам бүл 3, нөхөр охины хамт Орхон аймгийн Баян-өндөр сум Шанд баг Баруун задгай 28а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэрдэг овогт Цамбын Отгонбилэг /РД: ИЧ78102201/

Шүүгдэгч Ц.Отгонбилэг нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэнбүст гэх газар “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчдын хамт зугаалгаар амарч явахдаа согтуугаар Ж.Амгалантай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ :

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон үйл баримт: 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэнбүст гэх газар Орхон аймгийн “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчид зугаалгаар амарч явах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Отгонбилэгийг Сарангэрэл рүү явуулахгүй гэж Ж.Амгалан араас нь очиж тэвэрч аваад нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж байгаад газарт хоёул зэрэг унаж, өнхөрч Ж.Амгалангийн биед зүүн шилбэний ясны гадна ба дотор хавчаарын далд хугарал үүсчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Отгонбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2 муудалцаж, хэрэлдээгүй, хоёулаа халамцуу байсан. Барьцалдаж байгаад хөл орооцолдоод унасан. Санаатай унагаагүй. Хавсарч унагаагүй. Намайг Сарангэрэл рүү явлаа гэхэд Амгалан намайг явуулахгүй гээд араас барьж аваад хоёулаа унасан. Би санаатай гэмтэл учруулаагүй. Гэмшиж байна. Эмчилгээнд нь 800 000 төгрөг өгсөн. Одоо 200 000 төгрөг өгнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад гомдол байхгүй. Ажилдаа орсон байгаа. Бид бүгд ууж идсэн байсан. Отгонбилэг эгчийг Сарангэрэлтэй муудалцах гээд байхаар нь “хэрэггүй” гэж зууралдаж байгаад давхаралдаж унасан. Би хөлд нь тээглэж унасан. Түлхэж унагаагүй гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Орой 20 цагийн үед Отгонбилэг эгч Сарангэрэлийн сууж байсан газар руу явж байхаар нь би Отгонбилэг эгч дээр очиход би Сарангэрэл дээр очиж хэлнэ, угаасаа хов зөөдөг хүн ш дээ гээд байхаар нь би дотроо энэ 2 маргалдаад зодолдох байх гэж бодоод очоод хэрэггүй гэж хэлэхэд Отгонбилэг эгч миний хувцаснаас зуурхаар нь би урдаас нь хувцаснаас нь барьсан. Тэр үед Отгонбилэг эгч зүүн хөл рүү хавсарч газар унагаахдаа дээрээс дарж унасан. Харин Отгонбилэг эгч Сарангэрэл рүү хэрүүл маргаан хийх гээд явж байхаар нь би салгах гэж оролдсон чинь намайг газарт унагааж хөлийг маань хугалсан. Отгонбилэг эгч надаас уучлалт гуйсан надад гомдол санал байхгүй. Адилхан эмэгтэй хүмүүс учраас гэдэг утгаар би гомдлоо буцааж авч байна. Энэ хэргийг хааж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/

            -Гэрч Э.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би Хосбаяр гэдэг хүний зуслангын газар очиход эхнэрийн маань зүүн хөл нь хугарчихсан байсан. Би эхнэрээ эмнэлэгт авчирч үзүүлэхэд зүүн хөлний тулгуур яс хугарсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 121-64 ху/,

            -Гэрч З.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:... Амгалангын хөл нь хугарчихлаа гээд хүмүүс яриад байхаар нь очиход Амгалангын нөхөр ирчихсэн авч явж байсан. Би юу болсон талаар асуусан чинь зөөгч нарын нэг нь тоглож байгаад нэгнийгээ дарж унагаасан чинь Амгалан эгчийн хөл хугарчихсан юм шиг байна гэсэн мэдүүлэг /хх 65 ху/,

      -Гэрч Ч.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:..Нэг мэдэхэд Амгалан эгчийн хөл хугарсан байсан....Маргааш нь ажил дээр ирээд Отгончилэг, Амгалан нар ноцолдож байгаад Амгалангын хөл хугарсан гэж сонссон..гэх мэдүүлэг /хх25/

      -Гэрч Г.Одмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Билгээ эгч Сарангэрэл рүү явж байхад Амгалан эгч маргалдах гэж байна гэж ойлгоод Билгээ эгчийг хориглоод байсан. Тэрнээс биш маргалдаж зодолдсон зүйл байхгүй...Билгээ эгч, Амгалан эгч 2 хоёулаа зэрэг газар унасан...гэх мэдүүлэг /хх26-27/

      -Гэрч О.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би нөхөр хүүхдийн хамт хашааны харалдаа сууж байхад Амгалан эгч Билгээ эгч 2 байшингийн ард талд нэг нэгнийхээ хувцаснаас зуурчихсан зогсож байгаад газарт зэрэг унасан....Би Амгалан эгчээс юу болсон талаар асуухад “би Билгээг барилдъяа гээд араас нь татаад газар уначихсан гэж хэлсэн. Харин Билгээ эгч надад хэлэхдээ “Сарангэрэлийн байгаа газар руу явж байхад Амгалан намайг барилдъяа гээд араас татсан гэж хэлсэн....Амгалан эгч худал мэдүүлэг өгсөн байна. Билгээ эгч Амаглан эгч нар намайг харж байхад нэг нэгнийхээ хувцаснаас зуурч байгаад цуг унасан. Билгээ эгч Амгалангын дээр гараад хоолой боосон зүйл байхгүй. Газар унаад нэг нэгнийхээ дээр гарч нэг удаа өнхөрсөн. Хоорондоо маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх28-29/

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 476 дугаартай:

            1.Ж.Амгалангийн биед зүүн шилбэний ясны гадна ба дотор хавчаарын далд хугарал үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохих, унах, өшиглөхөд аль алид нь үүсэх боломжтой.

            3. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

            4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

            5. Гадна ба дотор ясны хавчаар ясны хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1- заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

            6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 33-34/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/

-Хохирогч Ж.Амгалангийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 54-61/

-Шүүгдэгч Ц.Отгонбилэгийн хувийн байдлын баримтууд зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбилэгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэнбүст гэх газар Орхон аймгийн “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчид зугаалгаар амарч явах үед Ц.Отгонбилэгийг Сарангэрэл рүү явуулахгүй гэж Ж.Амгалан араас нь очиж тэвэрч аваад нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж байгаад газарт хоёул зэрэг унаж, өнхөрч улмаар Ж.Амгалангийн биед зүүн шилбэний ясны гадна ба дотор хавчаарын далд хугарал гэмтэл учирсан ба тухайн үед Ц.Отгонбилэг,Ж.Амгалан нар хэн алин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоорондоо маргалдаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгчдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Ц.Отгонбилэгийн холбогдсон хэргийн талаар “согтуугаар Ж.Амгалантай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясыг хугалж” гэж тогтоосон нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан гэрч Ч.Сарангэрэл, Г.Одмаа, О.Мөнхцэцэг, З.Отгонбаяр нарын мэдүүлгээр няцаагдсан ба хохирогч Ж.Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт “Бид бүгд ууж идсэн байсан. Отгонбилэг эгчийг Сарангэрэлтэй муудалцах гээд байхаар нь “хэрэггүй” гэж зууралдаж байгаад давхаралдаж унасан. Би хөлд нь тээглэж унасан. Түлхэж унагаагүй” гэсэн мэдүүлэгээр батлагдсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Амгалан “хавсарч унагасан” гэх нөхцөл байдлыг тайлбарлаж чадаагүй ба мөрдөн байцаалтад өгсөн Ж.Амгалангийн мэдүүлгээс өөр “Ц.Отгонбилэг нь Ж.Амгалантай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясыг хугалсан” гэх үйл баримтыг шууд нотолсон баримтгүй, яллах дүгнэлтэд заасан гэрч Г.Чинзориг, Э.Нямдорж, Н.Хосбаяр, Д.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг “Ц.Отгонбилэг нь Ж.Амгалантай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясыг хугалсан” гэх үйл баримтыг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, “маргалдан хавсарч унагасан” гэх үйл баримтыг гэрч Г.Чинзориг, Э.Нямдорж, Н.Хосбаяр, Д.Эрдэнэ-Очир нар хараагүй, дам байдлаар гэрчилсэн байна.

        Харин, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар “Ц.Отгонбилэгийг Сарангэрэл рүү явуулахгүй гэж Ж.Амгалан араас нь очиж тэвэрч аваад нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж байгаад газарт хоёул зэрэг унаж, өнхөрч улмаар Ж.Амгалангийн биед зүүн шилбэний ясны гадна ба дотор хавчаарын далд хугарал гэмтэл учирсан” үйл баримт тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ....эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Ц.Отгонбилэгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурьдаж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.9 дүгээр зүйлийн 1,2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2,1.15     дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цамбын Отгонбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Ц.Отгонбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүйг дурьдсугай.

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч , шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ