| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2026/0232/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/235 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/235
2026 04 30 2026/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Э.Г,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2625000000225 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ****** аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “*************” ТӨҮГ-ын дулааны цахилгаан станц зуухны хэсэгт бригадын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **** ***** ****** суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тэнссэн,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Б овогт А-ийн Э /РД; ФД********/,
Шүүгдэгч А.Э нь;
2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-21-14 тоотод хамтран амьдрагч Б.Т-ыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч А.Э “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “…прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
хохирогч Б.Т-ын “...Э гадуур хоноод 2026 оны 3 дугаар сарын 03-ны орой гэртээ орж ирэхээр нь “хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэтэл “миний хаагуур явж, юу хийх чамд хамаагүй” гээд модон таягаараа миний зүүн гарын булчин хэсэг болон давсаг руу цохиж гэмтэл учруулсан, ...би 3 сар гарантай жирэмсэн байсан үүнээс болж зулбасан. ...2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ ээлжид гарч байх үед доошоо цус мэт хүрэн юм гараад байхаар нь ажлаасаа чөлөө авч буугаад, маргааш нь “Мишээл” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл эмч “доошоо юм гаралттай байна, хүүхэд чинь зулбах магадлал өндөр байна, ер нь нэмэргүй дээ” ... би хүүхдээ авахуулж үр хөндүүлсэн. ... урьд өмнө өгсөн мэдүүлэг дээр зарим зүйлийг уурандаа буруу мэдүүлсэн зүйл байна, миний өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгт хамтран амьдрагч А.Э-ын үйлдлийн талаар хэтрүүлж буюу буруу зөрүү өгсөн зүйл байгаа, надад гар хүрч, зодож эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийн оршин суух гэртээ буюу Зэст багийн 1-21-14 тоотод 20.00 цагийн орчим гаднаас согтуу орж ирээд, урд өдөр нь гэртээ хоноогүй явж байгаад ирсэн болохоор нь “хаагуур юу хийж хонон өнжин алга болоод ирж байгаа юм” гэж асууснаас болж уурлаж, “миний хаагуур юу хийж явах чамд ямар хамаатай юм” гэж хэлээд барьж явсан таягаараа миний зүүн гарын булчин болон давсаг хэсэгт цохиж гэмтэл учруулсан, ... энэ асуудал болох үед би хоёр сартай жирэмсэн байсан, Э намайг жирэмсэн гэдгийг мэддэг байсан мөртөө миний биед халдаж зодсон, би шүүх шинжилгээний байгууллагад эрүүл мэндэд учирсан хохирлоо тогтоолгосон, “жирэмсэн байж байгаад зулбасан, үр хөндүүлсэн” нь ургийн ямар нэг гажиг биш гэмтлээс шалтгаалаагүй болохыг шинжээчийн дүгнэлтээс ойлгосон.” гэх /хавтаст хэргийн 15-17, 23-24 дэх тал/,
гэрч М.Б-ийн “…Э манай ажлын газрын хүн болох Т-д гар хүрч зоддог гэдгийг саяхан мэдсэн, ...2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Т бид хоёр хамт ээлжид гарч байх үед Т ирээд “Э намайг зодсон” гэж хэлээд гараа харуултал гар нь хөхөрсөн байсан, би гарынх нь зургийг дарж өгсөн, юунаас болж, яагаад зодсон талаар асууж тодруултал “Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ орж ирээд Т-ыг “архи авч өг” гээд нэхээд байсан” гэсэн, Т “авч өгөхгүй” гэтэл биед нь халдаж зодсон талаар ярьж, хөхөрсөн гараа харуулсан.” гэх /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаартай; “...Б.Т-ын биед зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9 долоо хоногтой жирэмсэн үр хөндөлт хийлгэсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Зүүн гарын бугалганд цус хуралт нь үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдов.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж, мөн хуулийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж“ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд гэмт хэргийн энэ шинж хангагдсан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хавтаст хэргийн 125 дахь талд авагдсан хохирогчийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг үндэслэхэд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч А.Э-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э