Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 198

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галсангийн Батпүрэвт холбогдох 201714000256 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Г.Батпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Таргад овгийн Галсангийн Батпүрэв, 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 66-04 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 сарын 13-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагддсан, /РД:ФЯ91103117/.

    Шүүгдэгч Г.Батпүрэвийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Орхон аймаг Баян-өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны гадна талд Н.Тайванбат, Ц.Батбаяр нарыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон үйл баримт: Г.Батпүрэв нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд хөгжмийн ая сольсонгүй гэх шалтгаанаар пивоны шил шидэж хагалан, ”яагаад шил шидэв” гэсэн Н.Тайванбат, Ц.Батбаяр нарын хууль ёсны шаардлагын эсрэг Н.Тайванбатын зүүн нүд хамар руу өшиглөж, Ц.Батбаярын зүүн чих руу цохиж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Батпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н.Тайванбат, Ц.Батбаяр нарыг цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээж байна. Миний буруу гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Н.Тайванбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......хажуу талын ширээнд сууж байсан залуучууд хүмүүстэй маргалдаад нэг залуу нь газар шил шидэж хагалсан.

Хагарсан шилний хэлтэрхий миний баруун нүд, хацар хэсэгт цохисон. Шил хагалсан залуу баарнаас гараад явахаар нь араас нь би ганцаараа очоод яагаад шил шидэж байгаа юм бэ миний нүдийг цохичихлоо гэж хэлэхэд тэр залуу уучлалт гуйсан. Мөн хамт явж байсан нэг эрэгтэй нь миний араас татаад бид 2 маргалдаж байхад хажуу талаас шар өнгийн куртиктэй залуу миний зүүн нүдний хэсэгрүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би нүүрээ дараад доошоо болоход миний дээрээс шар куртиктэй залуу нилээд хэдэн удаа хөлөөрөө дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

-Хохирогч Ц.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...... Тэр залуугийн шидсэн шилний хагархайн хэсэг нь Тайванбатын нүүрэн хэсэгт цохисон. Тайванбаттай маргалдаж байсан намхан нуруутай залуу баарны гадаа байх довжоон дээр гишгээд Тайванбатын нүүрэн тус газарт өшиглөсөн. Тайванбат газар унахад нөгөө залуу дээр нь гарчихаар нь би барьж аваад салгахад зугтаачихсан. Би Тайванбатыг газраас босгоод баарлуу орох гэхэд хажуу талаас Тайванбатыг өшиглөсөн намхан нуруутай залуу миний зүүн талын чих хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

-Гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад бааран дотор зодоон болоод байна гэхээр нь би очиход танихгүй намхан нуруутай эрэгтэй ууж байсан пивоны шилээ газар шидэж хагалсан. Би шил хагалсан залууг дагуулаад баарнаас гарахад араас нэг залуу гарч ирээд хэн шил шидсэн юм бэ? гээд уруул билүү чихнээс нь цус гарчихсан гарч ирсэн..” гэх мэдүүлэг  /хх-ийн 36 /

-Гэрч Б.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Батпүрэв баарнаас гарахдаа гартаа барьж байсан пивоны шилээ газар унагаагаад хагалсан. Биднийг баарнаас гарахад Батпүрэв нэг танихгүй залуутай маргалдаад зогсож байсан. Бид болиоч гээд салгасан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 39 /

-Гэрч Н.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Зодоон болж байгаа хүмүүс рүү ойртож очиход Тайванбатыг шар куртиктай залуу газар унагаачихсан дээрээс нь өшиглөж байсан. Мөн Батбаяр цохиулчихсан чихнээс нь цус гарч байхаар нь би Тайванбат, Батбаяр нарыг салгаад Тайгер баарны 00-ын өрөөнд цусыг нь угаасан гэх мэдүүлэг /хх43/

-2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн хэсгээр үйлчүүлэгсдийн бүртгэл  /хх-ийн 22-24 /

-2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 574 дугаартай:

 1.Н.Тайванбатын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт,хамрын таславчийн муруйлт үүсчээ.

 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ

 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана.

 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/

-2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 573 дугаартай:

1. Ц.Батбаярын биед зүүн чихэнд сэтэрсэн шарх үүсчээ.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана.

 5.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 /

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 ху/

-Шүүгдэгч Г.Батпүрэвийн хувийн байдлын баримтууд зэрэг.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан

шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Г.Батпүрэвийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүгдэгч Г.Батпүрэв нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутагт байрлах Казино баарны гадаа иргэн Н.Тайванбат, Ц.Батбаяр нарын бие санаатай халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Тайванбат, Ц.Батбаяр, гэрч Б.Эрдэнэжаргал, Б.Жавхлан нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

  Мөн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

   Шүүгдэгч Г.Батпүрэвт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Г.Батпүрэвийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

  Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмыг баримтлан Г.Батпүрэвт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Таргад овгийн Галсангийн Батпүрэвийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Батпүрэвийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батпүрэвт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Батпүрэв  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг заасугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурьдсугай.

6 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батпүрэвт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ