Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/026

 

*******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/972 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2114001390274 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын , .... урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж дээрх ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хугацааг 3 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 19 жил 02 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар

Монгол улсын иргэн, овогт ийн , регистрийн дугаар //,

Монгол улсын иргэн, овогт ,  урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар //

*******, *******, ******* нар нь бүлэглэж, машин механизм болох мотоцикл ашиглан 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 296-10 тоот хашаанаас иргэн ийн 3 тооны ямааг хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг түйн голын эрэгт 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хоттой малаас олон тооны буюу 10 тооны ямааг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, *******, ******* нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой 4 дүгээр багийн нутаг Ланс гэх газар байх ын өвөлжөөний амбаарын дээвэр дээр байсан 70 килограмм борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, т 2.104.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

...1.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.....3 шуудай борц авсан, 70кг борц хүрэхгүй, Гантулгынд очиж борцыг ялгаж жинлэж үзэхэд ясгүй борц 20 кг байсан, харин ястай борцыг жинлэж үзээгүй, ... Гантулгын 3 ямааны хохирлыг төлсөн, 7 ямааны үнийг төлөгдөөгүй байгаа... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... бод малын борц байгаагүй, дан бог малын борц байсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ын .....*******, ******* бид гурав хоёр мотоциклтой Түйн гол гарч Гантулга ахын гэрт очсон. Гантулга ах тухайн үед байхгүй малчин гэх ах тэдний гэрт байсан. *******, ******* нар гэрээс гарч явсан, би гэрт байсан ахтай юм яриад сууж үлдсэн. Гэрийн гаднаас мотоциклийн чимээ гарч тэр хоёр гэрээс хөдөлж яваа харагдаж, голын зах орчим гэрэл харагдсан. 20 орчим минутын дараа *******, ******* хоёр ирж бид нар явсан. Түйн гол дээр ирэхэд гурван ямаа хүлээд тавьчихсан Гантулга ахаас авчихсан гэж хэлсэн, .....*******, ******* хоёр, гурван шуудайтай зүйл авч ирсэн,.... *******, ******* утсаар ярьж байгаад аймгийн урдуур тойрч Гандаа буюу Гантулга гэрт очиж хүнтэй утсаар ярьж шуудайнд хийсэн борцоо ялгаж байгаа харагдсан. Би бол оролцоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-66, 3-р хх-ийн 114-115/,

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... дан бог малын борц байсан, бод малын борц байгаагүй, 2 том 1 жижиг шуудайтай борц байсан, би айлд ястай борц өгсөн 1-2 кг байсан байх... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ын.....Түйн голын цаана байх айлаас *******, ******* бид 3 тооны далгай эвэртэй хар эр ямаа, цагаан бор зүсмийн эм ямаа, дугуй эвэртэй хүрэн борлон нийт 3 ямаа хулгай хийж Номгон уул давуулж жалганд оруулж алаад арьсыг нь хуулж аваад махыг нь жалганд булж хаячихаад явсан. Арьсыг нь зах дээр тушаасан нийт 90000 төгрөг болсон.,....тэр айлын гэрт очиход амбаар дээр нь 2 том шуудай, 2 жижиг шуудай борц байсныг 2 том, нэг жижиг шуудай борцыг авч явсан,...тэгээд аймагт Гандаа гэх айлд очиход мал тэжээж байгаа гэх өвгөн байсан. Тэдний гэрт борцоо тавьж борц авах хүнтэй утсаар ярьж, борцоо ястай, ясгүйгээр нь ялгасан. *******, ******* хоёр борц авах хүн ясгүй борц нь шуудай борц болсон. Ястайг нь хаях гэхээр нь би ядарсан хүнд өгъе гэж хэлээд үлдсэн борцыг нь авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202, 2-р хх-ийн 73-74, 3-р хх-ийн 105-106/,

Хохирогч ын....амбаарт байсан борцоо амбаарынхаа дээвэр дээр хатаах гээд гаргаад тавьсан байсан,....манай алдсан борц үхэр ямааны холимог борц байсан, мөн хэдхэн хавирганы ястай борц байх ёстой...Тухайн үед 1 үхэр, 20-30 тонны ямааны махаар хийсэн байсан. 70-80 орчим кг орчим борц байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35-36/,

Хохирогч Б.Гантулгын...малаа харж байтал манай малаас содон шинж тэмдэгтэй далгай эвэртэй хар ямаа байхгүй байхаар нь малаа нэг бүрчлэн бүртгэтэл 10 тооны ямаа дутсан. Тэр өдрөөс хойш ойр орчмын айлуудын малаа шүүж хайгаад олоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-9/

Баянхонгор аймгийн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай ... Хохирогч Б.Гантулгын алдагдсан малын зах зээлийн үнийг нийт 1 020 000 төгрөг ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 81/,

Баянхонгор аймгийн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай ... Хохирогч ын хулгайд алдагдсан борцны зах зээлийн үнийг нийт 2.100.000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 82/ зэргээс үзэхэд тухайн хохирогч ын.... 1 үхэр, 20-30 тооны ямааны махаар борц хийсэн, 70-80 кг 4 шуудайд хийж тавьсан, холимог борц байсан...гэх,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт ... дан бог малын борц байсан, бод малын борц байгаагүй.... талаар тус тус мэдүүлсэн тул

1 борцыг 1 үхрийн бүтэн махаар хийсэн эсэх, эсхүл малын өрөөл, дан гуяа, хаа хэсгээр хийсэн эсэх, үхрийн махаар хийсэн борц хир хэмжээтэй болсон, ямар төрлийн хичнээн уутанд хийсэн эсэх, мөн бог малын махаар хийсэн борц хир хэмжээтэй болсон, ямар төрлийн хичнээн уутанд хийсэн эсэх, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан гэх цэцэгтэй уутанд ямар малын махаар хийсэн борцыг хийсэн эсэх, уг уутанд хийгдсэн борц нь алдагдсан гэх борц мөн эсэх, ямар ямар ууттай , хэмжээтэй борц алдагдсан, ямар ууттай хэмжээтэй борц үлдсэн талаар хохирогч, гэрч нараас дахин тодруулж мэдүүлэг авах,

Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Золжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт ...хохирогч Б.Гантулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 ямааг айлын малд үүсэрсэн байсныг олж авсан ...гэх хохирогч Б.Гантулгын бичгээр гаргасан хүсэлтийг гаргаж өгсөн бөгөөд

2. мөрдөн байцаалтын шатанд алдагдсан нийт 10 ямаанаас 3 ямааны зүсийг хэлдэг ба бусад алдагдсан гэх 7 ямааны зүсийг тодруулаагүй, уг ямаанууд айлын малд үүсэрсэн гэх боловч ямар айлд үүсэрсэн байсныг хэзээ олж авсан, ямар зүсний ямаануудаа байсан, уг мал хэн гэх айлын малд хэзээнээс байсан талаар тухайн хохирогч болох хэрэгт ач холбогдол бүхий хүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай ба хэрэгт авагдсан хохирогч Б.Гантулгын өргөдөлд... нийт 10 ямаа алдагдсан...гэж, хохирогч ын өргөдөлд... 1 үхэр, 20-30 тооны ямааны махаар борц хийсэн, 70-80 кг 4 шуудайд хийж тавьсан.... гэж тус тус бичигдсэн буюу шинжээчийн дүгнэлтэд..... ямааны нийт 70 кг борц,......мөн 10 ямаа....гэж үнэлэгдсэн эргэлзээтэй бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-т... шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлыг мөнгөн дүгнээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно ... гэж тус тус хуульчилжээ.

Учир нь Хөрөнгийн үнэлгээ /хохирогч Б.Гантулгын алдагдсан эд зүйлийн үнэ буюу нас гүйцсэн эр ямаа ноолууртай 1 бүрийн үнэ 120000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа ноолууртай 9, нэг бүрийн үнэ 100000 төгрөг нийт 1000000 төгрөг, хохирогч ын алдагдсан эд зүйлийн үнэ буюу ямааны махаар хийсэн борц 70 кг буюу 1 кг 30000 төгрөг нийт 2100000 төгрөг, даавуун уутны үнэ 4000 төгрөг нийт 2104000 төгрөг/ нь хууль зүйн үндэслэл, нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр таамагласан шинжтэй үнэлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй ,

мөн хохирогч ын алдагдсан гэх үхрийн борцыг үнэлээгүй, шинжээчийн дүгнэлтээр алдагдсан гэх ямааны 70 кг борц үнэлсэн нь гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан талаар бүрэн бодитой тогтоож чадаагүй, хохирогч ынхаас үхрийн борц алдагдсан гэхэд эргэлзээтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотлон тогтоогоогүй

мөн шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой

2. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 211400297 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолыг гаргаж өгчээ.

Аймгийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан... яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох мал хулгайлсан гэх эрүүгийн 21140013920247 дугаартай хэргийг хянахад гэрч Б.Гантулгын борц зарж борлуулсан , мөнгө шилжүүлсэн үйлдэл нь мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үндэслэлээр , гэмт хэргийн гомдолд мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Шүүдэгч *******ын... Г., ******* утсаар ярьж Гантулга ахын гэрт очсон, ...шуудайнд байгаа борцоо ялгаж байгаа харагдсан, ... Гантулга удалгүй гэрт хүрч ирсэн, Гантулга, Г., ******* нар гарч гэрийн гадаа юм ярьж байснаа гэрт орж ирээд явахаар болсон.... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн.... Гантулга ах бид хоёрыг гадуур борц үнэтэй байна яваад борц олоод ирээч ах нь зараад өгье гэх хэлсэн, ... Гантулга хүнээс 30000 төгрөг авч өгсөн,..... Гантулга ах 50 том шуудай борцыг өөрийнхөө мотоцикл дээр ганзагалаад явсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/

Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн... Г., ******* хоёр анх хулгай хийх санааг гаргаад борцтой айлуудыг бүгдийг мэдэж байгаа гээд хоорондоо яриад борцоо нийлүүлэх хүн нь чинь бэлэн байгаа гээд яриад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 47-49/

Шүүгдэгч *******гийн... ахын өвөлжөөний амбаар дээр байсан 4 ширхэг ижилхэн жижиг даавуун ууттай богийн борц хулгай хийсэн, ... гэх мэдүүлэг хх-ийн 66-68 зэргээс үзэхэд тухайн хулгайн хэрэгт Гантулга хамтран оролцсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-т ....хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна… , мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т.....хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно… гэж, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 7-т...прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана… гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт шүүгдэгч *******, Г., ******* нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокуророос нэгтгэх тогтоол үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллагдагч Б.Гантулгад холбогдох хэрэгт нэгтгэх, тусгаарлах тогтоол гаргаагүй байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Гантулгад холбогдох дээрх үйлдэл нь хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэж болохоор байх тул прокуророос хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай буюу дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...дан бог малын борц байсан, бод малын борц байгаагүй... талаар тус тус мэдүүлсэн тул борцыг 1 үхрийн бүтэн махаар хийсэн эсэх, эсхүл малын өрөөл, дан гуя, хаа хэсгээр хийсэн эсэх, үхрийн махаар хийсэн борц хэр хэмжээтэй болсон, ямар төрлийн хэчнээн уутанд хийсэн эсэх, мөн бог малын махаар хийсэн борц хир хэмжээтэй болсон, ямар төрлийн хэчнээн уутанд хийсэн эсэх, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан гэх цэцэгтэй уутанд ямар малын махаар хийсэн борцыг хийсэн эсэх, уг уутанд хийгдсэн борц нь алдагдсан гэх борц мөн эсэх, ямар ямар ууттай, хэмжээтэй борц алдагдсан, ямар ууттай, хэмжээтэй борц үлдсэн талаар хохирогч, гэрч нараас дахин тодруулж мэдүүлэг авах гэжээ.

Гэтэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийн тулд хэн, хэн гэж хэдэн гэрчээс мэдүүлэг авах нь ойлгомжгүй буюу ямар тохиолдолд шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж үзэх нь эргэлзээтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хохирогч, шүүгдэгч нарын хүрээнд тэдгээрээс шүүх хурлын үеэр дахин асуух замаар тодруулж болох буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар борцыг “дан бог малынх байсан” гэж мэдүүлдэг ба хохирогч нь харин “үхэр, ямаа холилдсон байсан' гэж урьд мэдүүлсэн боловч шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулах үед дан 70 килограмм ямааны борцны үнэлгээг гаргуулах дүгнэлт хийлгэж байгааг хохирогч мэдэж байсан, дүгнэлттэй танилцсан, санал гомдол гаргаагүй, нөгөөтэйгүүр үнэлгээгээр гарсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, одоо гомдол саналгүй юм. Анхан шатны шүүхээс үхрийн борц байсан эсэхэд эргэлзэх аливаа үндэслэл байгаа бол шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

1. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...хохирогч Б.Гантулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 ямааг айлын малд үүсэрсэн байсныг олж авсан” гэх хохирогч Б.Гантулгын бичгээр гаргасан хүсэлтийг гаргаж өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд алдагдсан нийт 10 ямаанаас 3 ямааны зүсийг хэлдэг ба бусад алдагдсан гэх 7 ямааны зүсийг тодруулаагүй, уг ямаанууд айлын малд үүсэрсэн гэх боловч ямар айлд үүсэрсэн байсныг хэзээ олж авсан, ямар зүсний ямаанууд байсан, уг мал хэн гэх айлын малд хэзээнээс байсан талаар тухайн хохирогч болон хэрэгт ач холбогдол бүхий хүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай” гэжээ.

Өмгөөлөгч Л.Золжаргал нь хохирогч Б.Гантулгын бичгээр өөрт нь гаргаж өгсөн “алдсан 10 ямаанаас 7 ямааг айлын малд үүсэрсэн байсныг олж авсан” талаар хүсэлт гаргаж өгснийг өмгөөлөгч нь шүүх хуралд гаргаж өгсөн үйл баримт болсон. Гэтэл уг хүсэлтийг шүүхээс шууд хүлээн авч үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг гаргаж өгөх, шийдвэрлэх, түүнийг хүчинтэйд тооцохтой холбоотой хуулийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид нь эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гагцхүү мөрдөгчид гаргаж өгч, мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргадаг.

Мөн зүйл, хэсгийн 7 дахь заалтад зааснаар тухайн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралд шинжлэн судлуулах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл дээрх процедурыг зөрчиж, хохирогч Б.Гантулгаас гаргаж өгсөн гэх тодотголтой өмгөөлөгч Л.Золжаргалын гаргаж өгсөн тухайн хүсэлтийг мөрдөгчөөр дамжуулалгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулалгүй шууд гэм буруугийн хуралд гаргаж өгсөн нь өмгөөлөгчийн хууль зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн баримтыг үнэлэх нь мөн буруу юм. Харин хохирогч Б.Гантулгыг хуралд оролцуулах замаар тухайн нөхцөл байдлыг тодруулж, холбогдох мэдүүлгийг бусад баримтуудтай харьцуулан дүгнэж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...Хөрөнгийн үнэлгээ нь хууль зүйн үндэслэл, нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр таамагласан шинжтэй үнэлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй, мөн хохирогч ын алдагдсан гэх үхрийн борцыг үнэлээгүй, шинжээчийн дүгнэлтээр алдагдсан гэх ямааны 70 кг борц үнэлсэн нь гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан талаар бүрэн бодитой тогтоож чадаагүй, хохирогч ынхаас үхрийн борц алдагдсан гэхэд эргэлзээтэй...” гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ нь нотлох баримтын эх сурвалжгүй гэсэн нь үндэслэпгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг нь өөрөө нотлох баримт болно. Тухайн хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан эд зүйлээ хулгайд алдсан асуудал нь хохирогчийн мэдүүлгүүдээс гадна, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог тул нотлох баримтын эх сурвалжгүй, дан ганц хохирогчийн мэдүүлгээр үнэлгээ гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс үхрийн борц байсан эсэхэд эргэлзэх аливаа үндэслэл байгаа бол шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

4. Шүүгчийн захирамжид “...Тухайн хулгайн хэрэгт Гантулга хамтран оролцсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байна... Хэрэгт шүүгдэгч *******, Г., ******* нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокуророос нэгтгэх тогтоол үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллагдагч Б.Гантулгад холбогдох хэрэгт нэгтгэх, тусгаарлах тогтоол гаргаагүй байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна...” гэжээ.

Хулгайн гэмт хэргийг *******, Г., ******* нар нь бүлэглэн 3 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн яллагдагч хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн үндэслэлээр хэргийг нэгтгэсэн юм. Б.Гантулга нь яллагдагч *******, Г., ******* нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж тэдний олж ирсэн борцыг цааш нь борлуулсан үйл баримт нотлогддог. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэргийн хамтран оролцсон шинжийг бус, мөнгө угаах гэмт хэргийн шинж түүний үйлдэлд тогтоогдсон тул яллагдагч *******, Г., ******* нарын хэрэгтэй хамтран шийдвэрлэх шаардлага үүсэхгүй юм.

Харин прокуророос яллагдагч *******, Г., ******* нарт холбогдох малын хулгайн хэргийг хянаж байхдаа Б.Гантулгад холбогдох мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хяналтаараа өөрөө шууд илрүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн гомдол, мэдээллийн бүртгэлд авхуулж шалгуулахаар хүргүүлсэн байдаг тул энэ хэрэг дээр өөр ямар нэгэн Б.Гантулгад холбогдох нэгтгэх, тусгаарлах тогтоол гаргах шаардлага үүсэхгүй юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/972 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно.Захирамжийг хүчингүй болгоно уу гэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүх хуралдааанд гаргасан саналууддаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, захирамжийг хүчингүй болгоно уу гэцгээв

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж, машин механизм болох мотоцикл ашиглан 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 296-10 тоот хашаанаас иргэн ийн 3 тооны ямааг хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг түйн голын эрэгт 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хоттой малаас олон тооны буюу 10 тооны ямааг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, *******, ******* нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой 4 дүгээр багийн нутаг Ланс гэх газар байх ын өвөлжөөний амбаарын дээвэр дээр байсан 70 килограмм борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, т 2.104.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогдуулан

*******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...борцыг 1 үхрийн бүтэн махаар болон бог малын махаар хийсэн борц хир хэмжээтэй ....болсон, ямар төрлийн хичнээн уутанд хийсэн эсэх, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан гэх цэцэгтэй уутанд ямар малын махаар хийсэн борцыг хийсэн эсэх, уг уутанд хийгдсэн борц нь алдагдсан гэх борц мөн эсэх, ямар ямар ууттай , хэмжээтэй борц алдагдсан, ямар ууттай хэмжээтэй борц үлдсэн талаар хохирогч, гэрч нараас дахин тодруулж мэдүүлэг авах,

-алдагдсан 7 ямааны зүсийг тодруулаагүй, уг ямаанууд айлын малд үүсэрсэн гэх боловч ямар айлд үүсэрсэн байсныг хэзээ олж авсан, ямар зүсний ямаануудаа байсан, уг мал хэн гэх айлын малд хэзээнээс байсан талаар тухайн хохирогч болох хэрэгт ач холбогдол бүхий хүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай,.... шинжээчийн дүгнэлтэд..... ямааны нийт 70 кг борц,......мөн 10 ямаа....гэж үнэлэгдсэн эргэлзээтэй бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй. ...хохирогчийн мэдүүлгээр таамагласан шинжтэй үнэлсэн,... хохирогч ынхаас үхрийн борц алдагдсан гэхэд эргэлзээтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотлон тогтоогоогүй.

2. ...Аймгийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан... яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох мал хулгайлсан гэх эрүүгийн 21140013920247 дугаартай хэргийг хянахад гэрч Б.Гантулгын борц зарж борлуулсан , мөнгө шилжүүлсэн үйлдэл нь мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үндэслэлээр , гэмт хэргийн гомдолд мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн..., тухайн хулгайн хэрэгт Гантулга хамтран оролцсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай. ...Хэрэгт шүүгдэгч *******, Г., ******* нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокуророос нэгтгэх тогтоол үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллагдагч Б.Гантулгад холбогдох хэрэгт нэгтгэх, тусгаарлах тогтоол гаргаагүй байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. ... яллагдагч Б.Гантулгад холбогдох дээрх үйлдэл нь хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэж болохоор байх тул прокуророос хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай буюу дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокурорт буцааж ...” шийдвэрлэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлуудаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн асуудлыг тодруулах зорилгоор шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авах тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Мөн анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор...шүүх...шийдвэр гарган шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу шинжээч томилох бүрэн боломжтой юм.

Прокуророос *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн байхад анхан шатны шүүх “...гэрч Б.Гантулгын борц зарж борлуулсан , мөнгө шилжүүлсэн үйлдэл нь мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үндэслэлээр , ...тухайн хулгайн хэрэгт Гантулга хамтран оролцсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай..” гэж үзэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхгүй бөгөөд Б.Гантулгын борц зарсан гэх үйлдэл нь *******, *******, ******* нарын хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ үндэслэлээр бичсэн Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгчийн захирамж нь үг, үсгийн алдаа ихтэй, утга найруулгын хувьд ойлгомжгүй бичигдсэн болохыг цаашид анхаарвал зохино.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -т заасныг тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/972 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Прокурор *******ын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Урьд шүүгдэгч Г.д авсан цагдан хорих, *******, Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР