| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2019/00058/и |
| Дугаар | 210/МА2019/00773 |
| Огноо | 2019-05-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2019/00773
Ж.Л-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ГТЛ” ТӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ГТЛ-ийн захирлын 2013 оны 10 сарын 16-ны өдрийн 177 дугаар тушаалаар хими физик аргын тасагт химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерээр 2018 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл тус ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Оюунбаатар нь намайг ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам, стандарт ажлын заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Надад болон манай ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журамтай танилцуулж аюулгүй ажиллуулах ямар ч зааварчилгаа өгөөгүй. Ер нь манай байгууллагад тийм зүйл өгөгдөөгүй, харин албадан гарын үсэг зуруулсан асуудал л байдаг. Бодит байдал дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгдөггүй. Би ч тийм зүйл гаргаагүй байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Иймд ГТЛ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Б/188 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгууллагын хими физикийн аргын тасгийн химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерийн ажилд буцаан томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 7 068 630 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус лабораторийн хими физик аргын тасагт химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерээр ажиллаж байсан Ж.Л-ийг 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Б/188 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3-ын б хэсэг, захирлын зөвлөлийн хурлын 2018 оны 18/22 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсөн 3 удаагийн үйлдэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-ын б хэсгийн 1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 5.3.10, 8 дах хэсгийн 8.1, 8.2-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар хэсэг 15.4-т зааснаар "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж зааснаар Ж.Л нь 2018 оны 9 сарын 04-ний өдрөөс хойш 3 удаагийн зөрчил гаргасан тухай бүр уг зөрчлийг тогтоож, өөрт нь болон бусад инженер техникийн ажилтнуудад анхааруулан, заавчилгаа өгсөөр байтал 1 удаа БСТ Ж 11:2003 (2) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд заасан хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх болон өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй, 2 удаа хариуцсан ажлын байр, талбай тоног төхөөрөмж, хөдөлмөрийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг тогтмол хийх... болон өөрийн ажлын байрыг эзэнгүй орхихгүй байх үүргээ биелүүлээгүй тул хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлаас оруулсан саналыг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надад болон манай ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамтай танилцуулж ямар ч зааварчилгаа өгөөгүй. Харин албадан гарын үсэг зуруулсан асуудал байдаг, эрүүл ахуйн зааварчилгаа өгдөггүй гэж худал зүйл дурдсан байна. Ж.Л-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын хүрээнд холбогддог баримт бичиг актууд хэсэгт чанарын удирдлагын тогтолцооны журмууд нь багтаж байгаа бөгөөд тус баримт бичиг, акттай танилцсан байх шаардлагатай байна. Чанарын удирдлагын тогтолцооны БСТ Ж 11:2003 (2) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам нь 2003 оноос хойш мөрдөгдөж байгаа журам бөгөөд тасгийн дарга нарт хуулбар хувь нь хадгалагддаг тул түүнтэй шинээр ажилд орсон хүн болгон танилцаж гарын үсэг зурдаг. Мөн тэрээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэрт өдөр тутам зааварчилгаа авч байсан нь зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурж байсан нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар хуульчилсан байдаг. Үүний дагуу 2003 онд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг батлан мөрдөж ирсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах нь ажилтны үүрэг байхаар заасан. Үүнийг хүлээн зөвшөөрч Ж.Л нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Сахилгын зөрчил гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 3-ын б хэсгийн 1-т Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотооддоо дагаж мөрдөгдөж байгаа журам, дүрэм, зааврын заалтыг чанд сахиж биелүүлэн ... ажиллаж байх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн 3 удаагийн зөрчлийг гаргасан байдаг. Энэхүү 3 үйлдлүүд нь хэргийн материалд авагдсан нотлох баримт болох зөрчил бүртгэх журнал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлын тэмдэглэлд Ж.Л-ийн тайлбаруудаар тус тус нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ж.Л-ийг ГТЛ төрийн өмчит үйлдвэрийн газрын хими физик аргын тасагт, химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 185 663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Л-д олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 49 921 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны З сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00636 дугаартай шийдвэрийн 4 хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт миний цалин хөлсийг бодохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн бичилт нь 2018 оны 9, 10, 11 сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс нэг сарын дунджийг тооцоход нэг сарын цалин тогтмол 632 692 төгрөгөөр тооцсон нь зөвхөн 2018 оны 9 сарын төлсөн шимтгэлийн дүнгээр тооцсон байна. Гэтэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн 2018 оны 9 сард 2 836 096 төгрөг, 10 сард 2 012 756 төгрөг, 11 сард 2 219 778 төгрөгөөр тус тус бичигдсэн. 2018 оны 9, 10, 11 саруудын дундаж цалин хөлс 7 068 630 төгрөг байх ба нийт ажлын 91 хоног үүнээс амралтын 26 хоногийг хасаад 65 хоног шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны З сарын 07-ны өдөр хүртэл 76 өдрөөр тооцож З сарын дундаж цалин 7 068 630 төгрөг нийт 2 356 210 төгрөгийг 22 хоногт тооцож, нэг өдрийн дундаж хөлс 107 100 төгрөг байна. Ажилгүй хугацааны олговор 107 100 x 76 = 8 139 600 төгрөг хариуцагчаас гаргах үндэстэй байхад 2 185 663 төгрөгөөр тогтоосон нь миний эрх ашгийг хөндөж байх тул анхан шатны шүүхийн 184/ШШ2019/00636 шийдвэрийн тогтоох хэсгийн 4 хэсгийн мөнгөн дүнд өөрчлөлт оруулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч “ГТЛ” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Л-ийг “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3-ын “б” хэсэг, захирлын зөвлөлийн 2018 оны 18/22 тоот хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/
Хариуцагч татгалзалдаа Ж.Л нь 2018 оны 9 сарын 04, 2018 оны 9 сарын 20, 2018 оны 11 сарын 29-ний өдрүүдэд нийт 3 удаагийн зөрчил гаргасан бөгөөд зөрчил тус бүрийг тогтоон бүртгэсэн тул нэхэмжлэгч Ж.Л-ийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ хэмээн тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Л-ийг ажилд эгүүлэн тогтоохдоо хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарласан боловч нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа ажилдаа эргэн орсон, энэ талаар хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Л-д ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахдаа анхан шатны шүүх буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх боломжтой байна. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нэхэмжлэгч Ж.Л нь сүүлийн 3 сард 2 836 096, 2 012 756, 2 219 778, нийт 7 068 630 төгрөгийн, 1 сарын дундаж цалин /7 068 630₮ : 3сар = 2 356 210₮/ 2 356 210 төгрөг, 1 өдрийн дундаж цалин /2 356 210₮ : 22хоног/ 107 100 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт ажлын 60 хоног байх тул бүгд /107 100₮ х 60хоног/ 6 426 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Л-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцнэ. /хх-ийн 5 дугаар тал/
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дах заалтын “... 2 185 663 төгрөгийг ...” гэснийг, “6 426 000 төгрөгийг” гэж, “... олгосугай ...” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 642 630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
4 дэх заалтын “... 2 185 663 төгрөгт ...” гэснийг “6 426 000 төгрөгт” гэж, “... 49 921 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг “117 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 185 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ