| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0179/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2017-07-24 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Батсайханд холбогдох 1725000000009 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч О.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Шарнууд овгийн Отгонбатын Батсайхан, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам ээж, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг урд задгай 1-09 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Орхон аймгийн Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, /РД: МЬ88032415/.
Шүүгдэгч: О.Батсайханыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-47 тоотод Х.Отгонбаатарын хашаанаас Мустанг 5 маркийн мотоцикль хулгайлж 1,121,121 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч О.Батсайхан 2017 оны 06 дугаар сарын 14-ний шөнө согтуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын 8-47 тоот хашаанд нэвтэрч Х.Отгонбаатарын өмчлөлийн Мустанг 5 маркийн мотоциклийг зөвшөөрөлгүй, нууцаар авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Өөрийн бурууг гэмшиж байна. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.......Тухайн өдөр би гэртээ байхгүй байсан. 2017 онЫ 06 дугаар сарын 14-ний өдрийн орой 23 цагийн орчим манай хашаанд байсан Мустанг 5 маркийн мотоциклийг манай хашаанаас авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49 /
- Хэрэг учралын газар үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 /
-Гэрч А.Одбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой 23 цагийн орчим би гэртээ бага насны хүүхдийнхээ хамт байж байсан чинь манай гэрийг тойроод хүн явж байгаа мэт чимээ гарсан. Тэгэхээр нь би хэн бэ гээд дуугарсан чинь ямар нэгэн хариу өгөөгүй. Хэсэг хугацааны дараа манай хашааны урд талын хаалга дуугараад хүн гарах шиг болсон. Удалгүй 10 орчим минутын дараа мөн л гэрийн хажуугаар хүн явж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь утсаа аваад дүү рүүгээ залгах гэтэл манай дүү Шинэбаяр ханиалгаад байшингаасаа гарч ирж байгаа чимээ гарсан. Тэгээд би гарсан чинь манай хашааны урд талын машин гардаг хаалга онгорхой байж байсан. Тэгээд би Шинэбаяраас чи хаалга онгойлгосон юм уу гэж асуусан чинь үгүй гэсэн. Тэгэхээр нь би ямар сонин юм бэ би түрүүхэн л цоожилсон доо гэж хэлээд гэрийн баруун талд байсан нөхрийнхөө 2 мотоциклийг харсан чинь нэг нь алга болсон байсан. Тэгээд дүүдээ ахын чинь мотоцикль алга болсон байна гэсэн чинь цагдаа дуудъя гээд манай гэрийн зүүн талаар гэр рүүгээ орох гээд тойроод нэг намхан нуруутай халамцуу залуу бариад гараад ирсэн. Тэр залуугаас мотоцикл асуусан чинь би мэдэхгүй танай хашаанд согтоод унтсан байна гээд байсан. Тэгж байгаад манай дүү хашаанаас гарсан чинь манай нөхрийн мотоциклийг манай хашааны зүүн талын хашааны урд аваачиж тавьсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/
-Гэрч Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Отгонбаатар ахын мотоциклийг харсан чинь нэг нь алга болсон байсан. Би гэрээс гар утсаа аваад цагдаа дуудах гээд Отгонбаатар ахын гэрийн зүүн талаар тойрсон чинь намхан нуруутай залуу урдаас алхаад гараад ирсэн. Тэгээд мотоцикль асуусан чинь мэдэхгүй гэсэн. Хашаа руу яаж орж ирсэн юм бэ гэсэн чи нь бас л мэдэхгүй гэсэн. Тэгээд би цагдаа дуудаж бариулсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 /
-Гэрч Б.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Алхаад явж байтал Батсайхан гэнэт алга болчихсон. Би гэрлүүгээ л харьж байгаа юм байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 18 /
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 /
-2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17-68 дугаартай “Лендс” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн тайлан /хх-ийн 23-27/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32 /
- Шүүгдэгч О.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч О.Батсайханы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-47 тоотод Х.Отгонбаатарын хашаанаас 1,121,121 төгрөгний үнэ бүхий Мустанг 5 маркийн мотоцикль нууцаар хулгайлж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон гэрч А.Одбаатар, Д.Шинэбаяр, Д.Лхагвасүрэн, Б.Өлзийбат нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Батсайхан нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул О.Батсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, прокурорын ялын талаархи саналыг харгалзав.
Шүүгдэгчийн хулгайлж авсан мотоциклийг хураан авч хохирол барагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Отгонбатын Батсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар О.Батсайханыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /240 000х6/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг заасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,36.10 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ