Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/285

 

      2022             3              10                                       2022/ДШМ/285                                 

 

      Ж.Гт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

хохирогч Т.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр, хохирогч Т.Аийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Гт холбогдох эрүүгийн 1809043170717 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

 

          Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 24 тоотод иргэн Т.Аийн алтны шороон ордтой болох гэсэн хүсэл зоригт нь дөрөөлж, өөрт тулгарсан санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор “Б” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаагүй, Төв аймгийн Баян сумын нутаг Айргийн Энгэр 1, 2 нэртэй газарт орших 147.74 гектор талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017363 тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн газрын алтны нөөцийн хэмжээг мэдэхгүй байж “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, алтны 834 сорьц, 82.37 кг алтны нөөцтэй, энэ худгийг би бариулсан, 100 метрийн гүнтэй, эксковатороор шурф тавьж ухуулсан, манай компанийг хятад хүмүүс сонирхож байгаа” гэх мэтээр ярьж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлсээс энэ хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, тухайлбал Ж.Г нь бодит байдлыг гуйвуулсан, нуун дарагдуулсан, өөрт ашиг олох шунахай санаа зорилго агуулж иргэнийг хохироов уу, эсхүл “Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, холбогдох баримт бичгүүдэд өөрөө төөрөгдөн гэрээний эрсдэлд орсон аль нь болохыг ялгаж тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Ж.Гийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсхүл иргэний эрх зүйн харилцаа эсэхийг зааглан тодорхойлох шаардлагатай. 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ-07-07 дугаартай Уул уурхайн яамны Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай “Нөөц бүртгэх” тухай Ашигт малтмалын газрын даргын тушаал зэргээс үзвэл Төв аймгийн Баян сумын нутагт орших Айргийн Энгэр-1, 2 алтны нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ж.Гийн Т.Ат танилцуулсан баримт бичиг, материалууд бодитой гэж үзэж болох улмаар “Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх тухайн үед хөндөгдөөгүй үлдсэн гэж дүгнэж болох юм. Хохирогч Т.А захирлын хувьд “Б” ХХК-ийн эрх шилжүүлэн авах үед тухайн хуулийн этгээдийн бүх бичиг баримтууд хуулийн зөрчилгүй байсныг дурдах нь зүйтэй. Иймээс тухайн үед “Б” ХХК-ийн албан ёсны бичиг баримтуудаас илүүтэйгээр Ж.Гийн ярьсан үг, үйлдэлд итгэж үнэмшиж 350.000.000 төгрөгөөр “Б” ХХК-ийн эрх шилжүүлэн худалдан авч залилуулсан гэсэн дүгнэлт эргэлзээтэй байна. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.О, Б.Д нар анхнаасаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, алтны нөөц тогтоолгон “Б” ХХК-ийн нэр дээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Иймд Ж.Гт холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалт бүрэн хийгдэж, хэргийн талаар дүгнэлт хийхэд зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, шүүгдэгч Ж.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрээний эрх зүйн хэм хэмжээ агуулсан харилцаа бүхэн иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах асуудал болж зүйлчлэгддэггүй бөгөөд гагцхүү гэмт этгээдийн зүгээс тухайн үйлдэл холбогдолд ямар субъектив санаа зорилго агуулж хандсаныг тогтоох нь мөрдөн байцаалтын ажиллагааны гол чиглэл юм. Тэгвэл Ж.Гт холбогдох хэрэгт түүний залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг болсон гэмт этгээдийн субъектив санаа зорилгыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдэж түүнийг “... ашиг хонжоо олох зорилгоор шунахайн сэдэлтээр иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж дүр үзүүлэн бусдын их хэмжээний буюу 350.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан ...” гэх хууль зүйн дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаж, улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан байхад дээрх нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн мэтгэлцүүлэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Шүүгчийн захирамжид дурдсанаар Ж.Гоос залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх үйлдэлдээ ашиглаж бусдад хуурамч итгэл үнэмшил төрүүлсэн ашигт малтмал ашиглалтын MV-017363 дугаартай тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу олгогдсон бөгөөд тус тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн тайлан, мэдээлэл нь үндэслэлтэй бодитой байгаа нөхцөл байдал нь яллагдагчийн гэм буруугийн асуудлыг үгүйсгэх үр дагавар үүсгэж байгаа мэтээр ярьсан байдаг. Гэтэл ашигт малтмал ашиглалтын MV-017363 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтанд тусгагдсан талбайн солбицол нь Төв аймгийн Баян сумын нутаг Айргийн энгэр-1, 2 нэртэй талбайн солбицол бус Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь талбайн солбицлыг зааж байгаа нь илтэд гэм буруугийн асуудал бөгөөд дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг хохирогчийн зүгээс өөрөө шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал юм. Тусгай зөвшөөрөл дэх талбайн солбицол зөрүүтэй байгаа нөхцөл байдлаас үүдэж нөөц, сорьц зэрэг бүхий л нөхцөл байдал үгүйсгэгдэх хууль зүйн үр дагавар үүсгэж байгааг шүүгчийн зүгээс анхаарч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл байдаг. Тухайлбал, хохирогч Т.Аийн “Ганболдтой хамт очиж үзэхэд геологийн тайланд тусгагдсан байсан тэр олон шурф буюу өрөмдлөг байхгүй байсан, тэгээд Ганболдтой ярьж байгаад дахин өрөмдлөгийн цэгүүдтэйг тодорхойлохын тулд зураг зүйн компаниар хийлгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тэгтэл Ж.Ганболд тухайн байгууллагын ажилтантай очиж солбицлыг тогтоохоор үзүүлэхэд Гийн үзүүлээд байсан зурагтай таарахгүй байсан, тэгээд солбицол дээрх цэгүүд хажуу талын энгэрийг зааж байсныг мэдсэн. ...Би “Ж.Гт чи юм зарсан байна” гэж хэлэхэд эхлээд хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр надаас авсан 350.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон боловч хойшлогдсоор байгаад 9 сар хүртэл болтол миний мөнгийг өгөөгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд, мөн “Ж.Гтой уулзахад мөнгөний хэрэг үүсээд яалт ч үгүй ийм юм хийчихсэн гэж хэлсэн” гэж шүүх хуралдааны үед өгсөн хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ж.Г нь хууран мэхэлж тухайн эд хөрөнгийг бусдад зарж борлуулсан гэдгээ хохирогчид илэрхийлсэн, түүнчлэн хохирогч уг газрыг худалдан авахааар тохиролцсон, хятад иргэд мөнгөө авахаар Хятад улс руу явсан гэх мэтээр хохирогчийг зайлшгүй урьдчилгаа мөнгө өгөх шахалтыг бий болгож өөртөө бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа үйлдэл болон бусад үйлдэл эс үйлдэхүйгээр нотлогддог болно. Гэтэл шүүгч хохирогч Т.Аийг Ж.Гийн үгэнд нь хууртаад байгаа юм уу эсхүл “Б” ХХК-ийн бичиг баримтад өөрөө төөрөгдөн гэрээний эрсдэлд орсны аль нь болохыг ялгаж тогтоох, энэ асуудал иргэний эрх зүйн харилцаа эсэх талаар эргэлзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Г нь уг компанийг бусдаас нэг өдрийн дотор өөртөө шилжүүлж аваад зарж буй байж зориудаар Т.Ат “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, алтны 834 сорьц, 82.37 кг алтны нөөцтэй, энэ худгийг би бариулсан, 100 метрийн гүнтэй, эксковатороор шурф тавьж ухуулсан, манайг компанийг хятад хүмүүс сонирхож байгаа” гэх мэтээр ярьж итгэл төрүүлэн зарж, өөртөө бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Ч.Энхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: “... Ж.Г нь өөрийн танил болох Нямдаваа гэгч этгээдээс “алтны уурхай байна зарж борлуулах юмуу аль эсвэл хамтран ажиллах этгээд хэрэгтэй байна” гэдгийг сонссон бөгөөд өөрийн танил Туяа гэгчид “алтны уурхай хүмүүст байгаа юм байнаа, мэдэж байгаарай” гэж хэлж захиж байсан. Ингээд нэг өдөр Туяа Гт утсаар “алтны уурхай сонирхож байгаа, хүн байна уулзуулкя” гэсний дагуу А гэгч хүнтэй уулзаж нөхцөл байдлаа ярилцсан. Г нь“Б” ХХК-ийн алтны уурхайн ашигт маттмал ашиглах лиценз болон түүнд холбогдох бичиг баримттай танилцаж Байгаль орчны яам, Татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өр барагдуулах албанаас лавлагааг нь авч өгсөн байдаг бөгөөд зохих газруудад нь хандаж үнэн бодит байдлыг тогтоох үйл ажиллагаа явуулж бичиг баримтуудыг баталгаажуулсан. Ингэхэд бичиг баримт ямар нэгэн зөрчил доголдолгүй юм байна гэж ойлгосон. Ингээд Атэй ярилцаж тохиролцсоны дагуу Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айргийн энгэрт байх алтны ордны газарт 2018 оны 1 дүгээр сард А түүний геологич Ганболд, Туяа нартай очиж газар нутагтай танилцсан очсон тэр өдөр нь цасан шуургатай байсан тул олигтой танилцаж чадаагүй буцсан. Энэ өдөр газар дээр нь үзэж байхдаа А нь Гийг би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тогтоосон энэ худгийг би бариулсан, эксковатороор шурф тавиулсан манай компанийг Хятадууд сонирхож байгаа гэж итгүүлэн үнэмшүүлсэн гэж мэдүүлдэг боловч тухайн үед Г нь дээрх зүйлүүдийг яриагүй гэдэг нь Гийн өөрийн анхнаасаа өгсөн мэдүүлэг, мөн хамт явсан геологич Ганболд, гэрч Туяа нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Дээрх яриа болсон талаар гэрчүүд мэдүүлээгүй бөгөөд А нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйгээр барахгүй Аийн мэдүүлэг Гийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулах гэсэн санаатайгаар зохиосон сэдэл санаа гэдэг нь харагдаж байдаг. Энэ нь Гийг өөрөө хайгуул хийж нөөцийг тогтоосон гэж хэлсэн гэдгээс тодорхой харагдаж байна. Учир нь, Гт хайгуул хийж нөөц тогтоох ямар ч эрх мэдэл, геологичийн мэргэжил байхгүй, газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх компанийн эрх мэдэл бүхий этгээд биш байсан бөгөөд харин “Б” ХХК-ийн алтны уурхайд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Хэрвээ алтны уурхай зарагдсан тохиолдолд зохих хэмжээний мөнгийг өөрийн тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хугацаанд зээлэхээр тохирсон байсан бөгөөд тэр утгаараа 50.000.000 төгрөгийг “Б” ХХК-нд өгч үлдсэн 300.000.000 төгрөгийг өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулсан байдаг. А нь алтны уурхайтай холбогдох бичиг баримтыг газар дээр нь очиж үзсэний дараа өөртөө авч судалж үзээд худалдан авахаар болж “Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа “Б” ХХК-ийн эзэмшилд байдаг ашигт малтмал ашиглах лицензийг эзэмших эрхийг чи өөрийн нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр Г ашиглалтын лицензийг өөрийн нэр дээр шилжүүлсэн болно. Г нь алтны уурхайн холбогдох бичиг баримтад тодруулга хийсэн бичиг баримт нь ямар нэгэн зөрчилгүй юм байна гэдэгт итгэсэн. Аттанцэцэг мөн геологичтойгоо бичиг баримттай танилцсаны дараа худалдах худалдан авах саналыг өөрөө тавьж байсан нь хоёулаа алтны уурхайн бичиг баримтад итгэн үнэмшиж байсныг нотлон харуулж байна. Мөн алтны уурхайн бичиг баримт хуурамч байсан гэдгийг хоёулаа мөрдөн байцаалтын явцад гэрч нарын мэдүүлгүүдээс олж мэдсэн бөгөөд энэ талаар "Б" ХХК-ийн захирал болон бусад этгээдүүд мэдэж байсан эсэх нь тодорхойгүй эсвэл мэдсээр байж Гийг төөрөгдүүлж бусадтай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад нь дэмжсэн нь ямар сэдэл санаа байсныг нотлон тогтоох шаардлагатай байсан. Шүүгч чухам л энэ байдалд дүн шинжилгээ хийж хохирогч Аийг Ж.Гийн үгэнд хууртаад байгаа юмуу, эсхүл “Б” ХХК-ийн бичиг баримтад өөрөө төөрөгдөн гэрээний эрсдэлд орсон ал нь болохыг ялгаж тогтоох, энэ асуудал иргэний эрх зүйн харилцаа мөн эсэх талаар эргэлзэж үүнийг шүүхийн хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Т.Ат компанийг шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгөхдөө бүх холбогдох газраас нь албан ёсны баримт бичгийн лавлагааг авсан. Газар дээр очихдоо өөрийнх нь дагуулж ирсэн геологичтой нь хамт очсон. Хохирогч Т.Аийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Гийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 24 тоотод иргэн Т.Аийн алтны шороон ордтой болох гэсэн хүсэл зоригт нь дөрөөлж, өөрт тулгарсан санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор “Б” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаагүй, Төв аймгийн Баян сумын нутаг Айргийн Энгэр 1, 2 нэртэй газарт орших 147.74 гектор талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017363 тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, тухайн газрын алтны нөөцийн хэмжээг мэдэхгүй байж “би өөрөө хайгуул хийж алтны нөөцийг тодорхойлсон, алтны 834 сорьц, 82.37 кг алтны нөөцтэй, энэ худгийг би бариулсан, 100 метрийн гүнтэй, эксковатороор шурф тавьж ухуулсан, манай компанийг хятад хүмүүс сонирхож байгаа” гэх мэтээр ярьж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, “Б” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Ж.Гийг бодит байдлыг гуйвуулсан, нуун дарагдуулсан, өөрт ашиг олох шунахай санаа зорилго агуулж иргэнийг хохироов уу, эсхүл “Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, холбогдох баримт бичгүүдэд өөрөө төөрөгдөн гэрээний эрсдэлд орсон аль нь болохыг ялгаж тогтоох шаардлагатай талаар заасан нь тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна.

 

Учир нь, гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байгаад, улмаар эрсдэлд орсноос үүссэн маргаан, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэргээс ялгаж ойлгодог бол Т.А, Ж.Г нарын хувьд гэрээний эрсдэл яригдахгүй бөгөөд тэрээр “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлснээр гэрээ дуусгавар болж буй үйл баримт байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаж буй Ж.Гийн үйлдлүүд хэрхэн, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бус дараах үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж үзлээ. Үүнд,

 

Хохирогч Т.Аийн “... тэгээд 2018 оны 4 дүгээр сард цас хайлсан болохоор Төв аймгийн Баян сумын Айргийн 1, 2 гэх нэртэй газарт геологич Ганболдтой хамт очиж үзэхэд геологийн тайланд тусгагдсан байсан тэр олон шурф буюу өрөмдлөг байхгүй байсан. Ганболдтой ярьж байгаад дахин өрөмдлөгийн цэгүүдтэйг тодорхойлохын тулд зураг зүйн компаниар хийлгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Ганболд тухайн байгууллагын ажилтантай очиж солбицлыг тогтоохоор үзүүлэхэд Гийн үзүүлээд байсан зурагтай таарахгүй байсан. Солбицол дээрх цэгүүд хажуу энгэрийг зааж байсныг мэдсэн. ...” /7хх 88-89/, гэрч Ц.Ганболдын “... тэгээд би 2018 оны 3 дугаар сард цас ханзарахаар нь Айргийн энгэрт очоод суурин жи пи эс багажаар инженер Өлзийхишигийн хамт очоод газар дээр нь мэдэгдэж байгаа шурф булангийн цэгийг хэмжээд Гийн нөөцийн тайлангийн дэвсгэр зурагтай хэмжилт хийсэн зургаа давхцуулж үзэхэд асар их зөрүүтэй байсан. Айргийн энгэр 2 дээр 61 шурф байх ёстой байтал 6 шурф байсан. Тийм учраас уг тайлан хуурамч хийгдсэн тайлан гэдэг нь тодорхой болсон. Мөн тайланд Литологийн зүсэлт ХШ-1 дээр Төв аймгийн Баяндун сумын нутагт орших гэж бичигдэж батлагдсан нь хуурамч гэдэг нь тодорхой болсон. Төв аймагт Баяндун сумын нутагт хийсэн хайгуулын ажлын тайланг хуулбарлаж авч хийсэн байх магадлалтай юм. ...” /7хх 133-135/ гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар зөрүүтэй гэх хайгуулын талбайн шурфын солбицлыг үндэслэлтэй зөв тогтоох талаар зохих ажиллагааг хийх,

 

мөн хуулийн этгээдийн эрхийг шилжүүлсэн талаар гэрч Д.Энхболдын “... Оод Ланд200 загварын автомашин, 120.000 орчим ам.доллар өгөөд 180.000 орчим ам.доллараар худалдаж авсан шиг санаж байна. Оын тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-ийг худалдаж авсан. Компанийн нэрийг би найзын төрсөн дүү Х.Амартүвшиний нэр дээр шилжүүлж авсан. ... Нямдаваа дараа нь ирээд 350.000 ам.доллараар авахаар болоод 45 сая төгрөг урьдчилгаа болгож өгөхөөр нь би Г гэх хүн рүү “Б” ХХК-ийн 51 хувийг шилжүүл гэж дүүд хэлсэн. Дүү миний хэлснээр 51 хувийг шилжүүлсэн. Урьд нь Наран гэх таньдаг хүн уг компанийг авна гээд 51 хувийг шилжүүлж аваад буцаагаад Амартүвшин рүү шилжүүлэх гэж байгаад Амартүвшин Г руу шилжүүлсэн байх. 49 хувь нь одоог хүртэл Амартүвшингийн нэр дээр байгаа юм. Би одоо Нямдаваагаас үлдэгдэл тооцоо 800 сая төгрөг авах ёстой юм.” /7хх 125-127/, гэрч Б.Нямдаваагийн “... 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Г гэх миний танил ирээд надад “мөнгөний хэрэг гараад байна, зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хэрэг болоод байна, таны алтны газар чинь байна уу” гэсэн. 1 жилийн өмнө би Гт манай найз бид хоёрын Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айргийн энгэр газар байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид Энхболд руу яриад манай газрыг Г гэх залуу зээлээр авмаар байна гэнэ, яах уу гэхэд Энхболд зөвшөөрч 800 сая төгрөгөөр зээлээр өгөхөөр болоод Амартүвшингээр шилжүүлгийг нь хийлгээд Гийн нэр 100 хувь “Б” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Айргийн энгэр гэх газрын алтны шороон ордны газрыг шилжүүлсэн. Г надад урьдчилгаа гэж 50.000.000 төгрөг өгөхөөр нь би 45.000.000 төгрөгийг нь Энхболдод өгөөд 5.000.000 төгрөгийг зуучилсан гэж би өөрөө авсан. ... тухайн үед би Энхболдын ажил дээр Амартүвшин, Наран нарыг цуглуулж бүх гэрээгээ хийгээд өөрсдөө хувьцаагаа 100 хувь шилжүүлээд зарсан юм. Тухайн үед 100 хувь шилжүүлнэ гэж гэрээ хийсэн байгаа.” /7хх 128-129/, гэрч Х.Амартүвшинийн “... 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Энхболд ах утсаар яриад “Наран гэх хүнд “Б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг зарахаар боллоо, чи Нямдаваа гэдэг хүнд “Б” ХХК-ийн алтны тусгай зөвшөөрөл, тайлан, бусад холбогдох материалыг өгчих” гэхээр нь өөрийн иргэний үнэмлэхний хамт өгөөд явуулсан. Тэр өдөр Нямдаваа гэх хүн Наран гэх хүний иргэний үнэмлэх зэргийг аваад явсан. Би “Б” ХХК-ийг 49 хувийг бол албан ёсоор Нямдаваад өгөөгүй. Нямдаваа 51 хувийг авна гэж хэлээд надаар итгэмжлэх дээр гарыг үсэг зуруулсан.” /7хх 130-131/ нарын зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд энэ талаар дахин тодруулж мэдүүлгийн зөрүүг арилган нэг мөр болгох,

 

хавтаст хэрэгт Д.Энхболд, Х.Амартүвшин нараас уг тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хуулийн этгээдийн эрхийг залилан мэхэлж шилжүүлэн авсан талаар Ж.Г, Б.Нямдаваа нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл авагдсан байх бөгөөд энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт цуглуулах шаардлагатай байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Т.Аийн гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Гт холбогдох хэргийг энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт шилжтэл шүүгдэгч Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ