| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0173/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2017-07-03 |
| Зүйл хэсэг | 120.1., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржхоролын Батсайханд холбогдох 201714000292 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Сэлэнгэ, шүүгдэгч Д.Батсайхан, хохирогч Б.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ламгэв овгийн Доржхоролын Батсайхан, 1969 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Зураагийн 10-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй РД /ЙР:69041818/.
Шүүгдэгч Д.Батсайханыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 10-23 тоотод охин Б.Цогзолмааг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан ба 2009 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий Б.Мөнхчимэг, Б.Цогзолмаа, Б.Номин-Эрдэнэ нарыг байнга зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирласан байнгын шинжтэй үйлдэл гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: Д.Батсайхан нь 2017 оны 05 дугаар сарын 12-нд Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 10-23 тоотод өөрийн төрсөн охин Б.Цогзолмааг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,2008 оноос хохирогч охин Б.Цогзолмаа, Б.Номин-Эрдэнэ, эхнэр Б.Мөнхчимэг нарыг байнга хэл үгээр доромжлох, зодож цохих, ”ална”, ”алаад хаячихна шүү” гэж заналхийлэх, дарамтлах зэргээр харгис хэрцгий, догшин авирлах байдал үргэлжилсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаангүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 5 сарын 12-ны өдөр аав гаднаас согтуу орж ирээд намайг ээжтэй утсаар ярьж байхад хажуу талаас элдэв янзаар хараагаад байхаар нь “үгээ бодож хэлээрэй “гэсэн чинь намайг сандлаар цохисон. Миний чих
хүзүү хамар гэмтсэн. 2017 оны 02 сард намайг зодож баривчилгаанд орж байсан. 2017 оны 02 сард дүүг зодож баривчлуулсан. Ер нь дошгин ширүүн ааш зантай. Ээж дүү биднийг байнга хэл амаар доромжилдог гэсэн мэдүүлэг,
Б.Цогзолмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй, мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Цогзолмаагийн гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 тал/
-Хохирогч Б.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ .....Батсайхан 2006 оноос эхлээд намайг хэл амаар доромжлох, “ пизда янхан, банзал ” гэх мэт хараалын үг хэлээд харааж зүхдэг байсан. Сүүлдээ зодож цохиж ална гэж дарамталж харааж зүхдэг болсон. Гар хөлийг минь цохих хөхрүүлэх, хоолой боогоод ухаан алдуулах тохиолдол зөндөө байсан. 2014 онд Тамир төвд сууж байхад ирээд нүүр рүү цохисон.баривчлуулахаар 10-20 хоноод гарч ирээд дахиад зодож эхэлдэг байсан. Намайг ална гэж байнга заналхийлдэг, баривчлуулах юм бол гарч ирээд та нарыг бүгдийг чинь хутгална дүрээд өгнө гэж заналхийлдэг. Согтуу эрүүл аль ч үедээ ална шүү гэж байдаг. Хүүхдүүдийн хажууд пизда наахуу, янхан гэж хэлдэг. Өөрийнхөө амийг хорлоно гэж гарынхаа шууг зүсэж байсан....бид нарыг хөөж гаргаад өөрөө гэртээ унтаад өгдөг... гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/
-Хохирогч Б.Номин-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ .....Аав намайг бага байхад буюу 2008 оноос эхлээд хэл амаар доромжлоод загнаж зоддог. Өвлийн хүйтэнд гэрээс хөөж гаргаад зодож цоиж харааж ална гэж заналхийлдэг болсон. Аав намайг үнсье гэхээр нь би үнсүүлэхгүй гэсэн чинь аав заазуур барьж босож ирээд “ мах давтаад хаядаг шиг давтчихна шүү гөлөг минь алаад хаячихна шүү” гээд дайраад байсан. Намайг зодоод баривчилгаанд орж байсан. Нилээн олон жилийн өмнөөс эхлээд өдийг хүртэл ийм байдалтай хэвээрэй байгаад байдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 86 тал/
-Гэрч Б.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батсайхан хүүхдээ зодож байгааг мэдээгүй харин цагдаа нар ирээд авч явж байгааг харсан. Батсайхан архи уухаараа гэртээ хашгирч байгаа нь сонсогддог гэх мэдүүлэг /хх 86 тал/,
-2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 456 дугаартай
1. Б.Цогзолмаагийн биед хамрын таславчнийн муруйлт, хамрын нуруу, зүүн чинхий дэлбээ, хүзүү духанд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.
2. Эдгээр зүйл нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааны дагуу гэмтлйин хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
6. Гэмтэл нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байж болн гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 тал /
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/
-Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тухайн хаягт оршин суудаг тухай тодорхойлолт /хх-ийн 40 тал/
-2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүгдэгч Д.Батсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 тал/
-Д.Батсайхан Б.Мөнхчимэг нарын гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 45 тал/
-Шүүгдэгч Д.Батсайханы хувийн байдлын баримтууд зэргийг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой,
дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Д.Батсайханы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 10-23 тоотод охин Б.Цогзолмааг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, 2008 оноос охин Б.Цогзолмаа, Б.Номин-Эрдэнэ, эхнэр Б.Мөнхчимэг нарыг байнга хэл үгээр доромжлох, зодож цохих, ”ална”, ”алаад хаячихна шүү” гэж заналхийлэх, дарамтлах зэргээр харгис хэрцгий, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 365 дугаартай ” Б.Цогзолмаагийн биед хамрын таславчнийн муруйлт, хамрын нуруу, зүүн чинхий дэлбээ, хүзүү духанд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр зүйл нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Д.Батсайхан мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт “гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаангүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Батсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д ял шийтгэлийн талаар “гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсний дагуу Д.Батсайханд ял оногдуулах үндэслэлтэй боловч 2017 оны 7 дугаар сарын 01-нээс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд ялын төрлөөс “баривчлах” ял хасагдсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн зарчмыг үндэслэл болгож Д.Батсайханыг оногдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Цогзолмаад учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгч барагдуулсан болохыг хохирогчийн шүүхэд гаргасан баримт нотлож байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шаавай овгийн Доржхоролын Батсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримтлан Д.Батсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Д.Батсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч,
тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ