Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/027

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/331 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр *******ид холбогдох эрүүгийн 2014000000369 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, ..... оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-наас 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт 0.0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас ******* овогт *******ы *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлж, Иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн.. хуурай аргаар алт угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгож, ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Аймгийн Ерөнхий прокурор тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Цагаатгах тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0,0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Шүүгдэгч ******* нь нөхөрлөлийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлэн улмаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргатай бичил уурхайн чиглэлээр Түүхий хөндийн гэх газарт ашигт малтмал олборлох гэрээг нөхөрлөлөө төлөөлөн байгуулжээ. Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0,0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлгүй байна” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь прокуророос яллах дүгнэлтдээ “...Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0,0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан...” гэж буюу гэрээнд заасан газраас огт өөр Ашигт малтмал газрын тосны газрын ямар нэгэн дүгнэлтгүй газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэж үзсэн болно.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян хангайн хийморь нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргатай Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн Хүрэн хавцгай гэх газар гэрээ хийж ажиллахаар болсон гэх нөхцөл байдал нь тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол...” гэж хуульчилсан. Дээрх гэмт хэргийн шинжийг хангахын тулд тусгай зөвшөөрөлгүй байх, тусгай зөвшөөрөлгүй этгээд нь эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан байх, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсанаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн нэр томьёоны утгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу ашигт малтмал гэж юу болох, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, “бичил уурхай эрхлэх” гэсэн хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж байна. Монгол Улсын Их Хурлаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёоны тодорхойлолтод дээрх нэр томьёо нэг бүрийг тодорхойлжээ.

Ашигт малтмалын тухай хуульд “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичгийг, харин “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, “Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа гэж тус тус хуульчилсан. Үүнээс дүгнэхэд хууль ёсоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах нь тусгай зөвшөөрлийн дагуу болон бичил уурхайгаар явуулах байдлаар хэрэгжихээр байна. Гэтэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олж аваагүй этгээд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 151 дугаартай журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу бичил уурхай эрхлэгч бус этгээд хамаарахаар байна.

Мөн дээрх 2 тохиолдлоос гадна тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод:

- Ашигт малтмалын тухай хууль болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу холбогдох зөвшөөрлөө авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1 дэх заалтад заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл,журмын дагуу ашиглах”, мөн зүйл, хэсгийн 27.1.5 дахь заалтад заасан “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”,

- “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах”, тус журмын 3 дугаар хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах” гэсэн үүргээ зөрчиж, зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт болон илүү гарч ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсныг мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон” байна.

Тус прокурорын газраас 2021 оны 01 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газарт Засгийн газрын 355 дугаар тогтоол хүчинтэй эсэх талаар лавлагаа авсан бөгөөд лавлагаагаар уг тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тогтоол гарснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газраас шинээр дүгнэлт гаргаагүй, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулсан тохиолдолд Засгийн газрын тогтоолыг зөрчсөн үйлдэл болох талаар хариу ирсэн. Дээрх баримт бичигт үндэслэн тус прокурорын газраас Засгийн газрын 355 дугаар тогтоол гарснаас хойш бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулсан тохиолдолд албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр, гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлийг илт хууль бус гэрээнд үндэслэж үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргээр тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 331 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Ж.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аймгийн Ерөнхий Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно.Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн Ерөнхий прокурор гийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2020 оны 8 дугаар сарын 25-наас 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт 0.0076 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн,анхан шатны шүүх Ж. *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлтэй, зөв болжээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт 0.0076 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 236,523 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэж үзэх обьектив талын үндсэн шинж үгүйсгэгдсэн буюу Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ нь:

1 дүгээр хавтаст хэргийн 40, 87-91 дүгээр талд тус тус авагдсан Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000138760 тоот гэрчилгээ, хуулбарын үнэн зөвийг нотариатч батлан гэрчилсэн “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ” гэх баримтуудаас үзэхэд ******* нь ”Баян хангайн хийморь” бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 9 гишүүнтэйгээр, хугацаагүйгээр үүсгэн байгуулж, ахлагчаар нь томилогдож улмаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлээ улсын бүртгэлд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байх тул “” нөхөрлөлийг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй , 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай бичил уурхайн чиглэлээр, тухайн сумын “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал олборлох гэрээг нөхөрлөлөө төлөөлөн байгуулсан гэж үзнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж зааснаар “” нөхөрлөл түүний ахлагч *******ийн 2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд тухайн сумын “Түүхий хөндий” гэх газрын, эвдрэлд орсон байсан 0.0076 га талбайд сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

1 дүгээр хавтаст хэргийн 87-90 дүгээр талд авагдсан хуулбарын үнэн зөвийг нотариатч батлан гэрчилсэн “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ” гэх баримтыг үзэхэд нэг талаас Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга , нөгөө талаас “” нөхөрлөлийн ахлагч ******* нар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар Заг сумын Түүхий хөндий нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар ”Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, хэрэгжсэний дараа байгуулжээ.

Энэ нь Засгийн газрын 355 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.3-д “...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавих...” 2 дахь хэсэгт “ ...буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг...” сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байхад хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий Засаг дарга гэрээ байгуулж, гэрээний нэг тал болсон байхад Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосон улмаар хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих эрхтэй Засаг дарга болон бусад албан тушаалтнууд хуулиас гадуур байж, “” нөхөрлөл түүний ахлагч *******ийг гэмт хэрэгт буруутгах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Мөн ” нөхөрлөл түүний ахлагч *******ийн үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна” гэж заасан хэмжээнээс бага, тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаагаар ухагдаж, эвдэгдсэн газар байсан, хохирлын үнэлгээ нь байгаль орчинд 236.523 төгрөгийн хохирол учруулсан байдал буюу бага хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлууд нь нийгэмд аюултай байх гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокурорын “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян хангайн хийморь нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргатай Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн Хүрэн хавцгай гэх газар гэрээ хийж ажиллахаар болсон гэх нөхцөл байдал нь тогтоогдсон...”, ...зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт болон илүү гарч ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан... “ гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь;

1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 208-209 дүгээр талд авагдсан “...******* нь 2020 онд Баянхонгор аймгийн Заг сумын “Чандмань-Овоо” 3 дугаар багийн нутаг “Хүрэн хавцгай” гэх газар 2020 оны 08 дугаар сарын 07-ноос 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан, 2020 онд бол Түүхий хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаагүй. Түүхий хөндий гэх газар бол өмнө нь уул уурхай ажиллаж байсан эвдрэлтэй газар байсан.,...2020 онд гэрээ байгуулалгүй болохоор хатуу цэгийг тогтоож өгөөгүй. Манай сумын “Түүхий хөндий” гэх газар нь 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын 7/6104 дугаартай албан бичгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан. Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.Дашдуламын хохирогчоор мэдүүлсэн,

1 дүгээр хавтаст хэргийн 18-19, 27-28 дугаар талд тус тус авагдсан”.... Би ******* гэх хүнтэй ... Заг сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хүрэн хавцгаа” гэх газарт гэрээ хийж ...“Түүхий хөндий гэх газарт ... гэрээ байхгүй.... *******той 2020 онд бичил уурхай явуулах талаар гэрээ байгуулаагүй...” гэх Засаг дарга ажилтай гийн гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлгүүд авагдсан хэдий ч Баян хангайн хийморь нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргатай Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн Хүрэн хавцгай гэх газарт гэрээ хийсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй харин “Түүхий хөндий” гэх газарт “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ” гэх баримт авагдсан байх бөгөөд энэ гэрээнд хэдэн га ямар солбицол бүхий талбайд үйл ажиллагаа явуулах талаар тусгагдаагүй тохиолдолд зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт болон илүү гарч ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж хийсвэрээр дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1 -т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/331 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2..Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

          Г.УЛАМБАЯР