| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2114001890339 |
| Дугаар | 2022/ДШМ0/28 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ДШМ0/28
Д.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч О.*******, өмгөөлөгч *******/цахим/
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.*******, шүүгдэгч Д.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.*******д холбогдох эрүүгийн 2114001890339 дугаар хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Боржигон овогт *******гийн *******, ... ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/
Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Онцгой байдлын газрын арын хашаанд иргэн О.*******тай маргалдан түүний толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1- д зааснаар шүүгдэгч Д.*******гийн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас 47.850 төгрөгийг гаргуулж хохирогч О.*******д олгож, хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг , шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч О.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие Д.*******д зодуулсны улмаас бие эрхтэн болон эд материалын хохирол учирсан бөгөөд үүний улмаас Улаанбаатар хот явж шинжилгээ өгсөн, эмчилгээнд өгсөн зардлаас огт төлүүлэхгүй шударга бус шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Зодуулж өвдөж шаналсанг бодит хохирол гэж үзэхгүй, тоон хохирол гардаггүй гэж орхидог байж, харин энэ зодуулсны улмаас бие өвдөж ,аймгийн эмч нар хот руу оч нарийн шинжилгээ хийлгэ гэж хэлсэн, мөн хэргийг мөрдсөн байцаагч хот руу очиж үзүүлж болно, үзүүлсэн материалаа авчирч дахин дүгнэлт гаргуулж болдог гэж хэлснээр би явсан. Би зодуулж биедээ өвчин зовиуртай болсон дээр, баахан эмчилгээний мөнгө төгрөг гарсан, би цохиулж тархи толгой өвдөөд байсан учир явсан.сайн дураараа яваагүй, Д.*******д зодуулаагүй бол би явахгүй л байсан, хотод олон хоног байж эмнэлгээр явах шаардлага огт гарахгүй л байсан, үүнийг шүүх авч үзсэнгүй, би эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эм тариа хэрэглэсэн, өөрөө сайн дураараа аваагүй.
Иймээс 717323 төгрөгийн зардлын баримт бүрдүүлж өгснөөс доорх зардлыг гаргуулна гэж гомдол гаргаж байна, зодсон хүний хариуцлага хүлээнэ үү, хүлээлгэхгүй байх нь шүүхийн мэдлийн асуудал байх, харин Д.*******гийн буруутай үйл ажиллагаанаас учирсан зардлыг энэ хүн төлөх ёстой, би хохирсон дээрээ дахин хохирох нь надад үнэхээр хүнд байна.
1. 2021.8.30-ны өдрийн аймгийн эмнэлэгт үзүүлсэн 15000 төгрөг /95 х/
2. 2021.9.13 -нд эм авсан 13350 төгрөг /96 х /
3. 2021.8.31-ны өдрийн 5000 төгрөгийн эм /96х /
4. 2021.9.03-ны өдрийн 76500 төгрөг эм / 97 х /
5. 2021.8.30-ны өдрийн шинжилгээ -8000 төгрөг /98 х /
6. 2021.9.27-ны өдөр УБ эмчилгээнд явсан зардал ирсэн зардал 87200 /98х/
7. 2021.10.06-ны өдрийн тархины үзлэг зураг 3 дугаар эмнэлэг 84000 төг /95х
8. 2021.10.01-ны өдрийн гэмтэл согогийн эмнэлгийн томограф- 360,000 төгрөг /95 х / энэ зургаар дахин шинжээч томилж дүгнэлт гарсан. Зэрэг шууд зодуулсан гэмтэл авсан байдлаа үзүүлсэн 649 050 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
...Би толгой руу нь түлхэх төдийд тархи доргилт үүсэх үү, хэрэв үүсвэл тэр даруй зовиур өгөх үү, түүний биед үүссэн гэмтлийг намайг учруулаагүй болохыг хуулийн байгууллага тогтоож, ганцхан толгойн доргилтыг намайг үүсгэсэн байна гэж үзэж байгаа, гэтэл уг гэмтлийг авахдаа толгойндоо доргилт авсан байх магадлалтай, шүүх шинжилгээний байгууллагаас уг гэмтлийг хэн учруулсныг тогтоодоггүй, тогтоох боломжгүй. Харин гэмтэл хэзээ үүссэн байх магадлалыг л тогтоодог байна. Эдгээрийг нарийвчлан харж үзэн *******ы хэлээд байгаа үндэслэлтэй байна уу, үгүй байна уу гэдгийг та бүхэн тунгаан харж бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. ******* өмнө нь гэмтсэн гэмтлээ хүртэл надад тохох гэж үзсэн хэдий ч шинжээч хуучин гэмтэл гэдгийг тогтоосноор гүтгэлгээс аврагдсан би.
******* нь хувийн таарамжгүй харилцаанаас болж намайг удаа дараа гүтгэж, байгууллагуудад ханддаг. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж байж энэ хүний гүтгэлэгт би дахин өртөхгүй, бидний ач, зээ хохирохгүй, хүүхдийн тэтгэлэг хүүхдээс нь нэхэхээр л ийм асуудал бий болдог. Хэргээс гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хангалттай байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аргагүй хамгаалалт биш. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн буруутай үйл ажиллагааны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн байдаг.Хэргийг хэрэгсэхгүй болгож,цагаатгана уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******, хохирогч О.******* нарын тус шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******г 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Онцгой байдлын газрын арын хашаанд иргэн О.*******тай маргалдан түүний толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх дээрх үйл баримтын дагуу шүүгдэгч Д. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Дээрх үйл баримт нь:
Хэргийн 32-34 дүгээр талд авагдсан “...... 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ... очсон чинь намайг ******* ...миний баруун нүдний чамархай орчим маш хүчтэй цохисон. ...намайг чулуугаар цохисон. Машины хаалгаар цохисон. ....Тухайн газарт цагдаа нарыг холдоод явсны дараа нь ******* нь намайг нэмж зодож цохисон. Намайг толгой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Чулуугаар гуя руу 2 удаа цохисон. Машины 2 хаалганд нэг нэг удаа миний хөлийг хавчуулсан. Нэг удаа баруун гуя руу өшиглөсөн. Би Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээд шинжилгээ өгөөд хариугаа авч ирсэн... гэсэн хохирогч О.*******ы мэдүүлэг,
Хэргийн 43-46 дугаар талд авагдсан “... Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр... ******* гэх хүн нь *******ы толгой хэсэгт нэг удаа гараараа зөөлөн цохисон...,.... ******* гэх хүн нь тухайн үед ******* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй... “ гэх цагдаагийн ажилтан ын гэрчээр мэдүүлсэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-46/,
Хавтаст хэргийн 49-52 дугаар талд авагдсан ”.... ******* гэх хүн нь *******ы толгой хэсэгт нэг удаа гараараа зөөлөн цохисон..... ******* гэх хүн нь тухайн үед ******* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. .... ******* гэх хүн нь ******* гэх хүнээс хэрүүл гуйж өөрийгөө цохиулах гээд ******* гэх хүн рүү дайраад давшлаад байсан ... ” гэх цагдаагийн ажилтан ын мэдүүлэг
Хэргийн 95-96 дугаар талд авагдсан “... Би О.******* гэдэг хүнийг зодож цохисон зүйл байхгүй. ******* гэдэг хүний хүүхэд нь манай охин Анхжаргалтай гэр бүлийн харилцаатай байсан. Тэгээд салаад шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Тэгээд хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нэхэх үед манай ач охиныг 3 удаа авч яваад байгаа юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* гэдэг хүнд шалтаг гарч ирсэн. Тэгээд надад зодуулах гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Би ******* гэдэг хүн намайг мөргөх гээд дайрахаар нь би толгой руу нь зөөлөн түлхсэн. Тэгсэн чинь ******* гэдэг хүн толгой өвдлөө гээд орилж эхэлсэн.. Тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэх шүүгдэгч Д.*******гийн мэдүүлэг
Хэргийн 17-18 дугаар талд авагдсан “... О.*******ы биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 384 дугаар дүгнэлт
Хэргийн 59-61 дүгээр талд авагдсан “... О.*******ы нэмэлтээр ирүүлсэн материалд тархи доргилт хоёр хөлийн зөөлөн эдийн гэмтэл, анхдагч артерийн даралт ихсэлт, толгой таллах өвдөлт /мигрень/ бөөр шээсний замын үрэвсэл, гэмтлийн шалтгаант тархины цус харвалт, баруун талласан хөнгөн саажилт, уналт оношнууд тавигдсан ба тархи доргилт, хоёр хөлийн зөөлөн эдийн гэмтэл гэсэн нь 2021 оны 08 дугаар сарын 29-нд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Бусад дээрх тавигдсан онош нь өвчний онош байх ба гэмтлийн гаралтай тархины цус харвалтыг багажийн шинжилгээ хийж батлаагүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 384 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр гуя баруун шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 52 дугаар дүгнэлт
Хэргийн 67-70 дугаар талд авагдсан “... О.*******ы биед тухайн үед тархи доргилт, дагзны хуйны зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 57 дугаар нэмэлт дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.
Харин “... хохирогч О.*******ы эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ “...хохирогч О.******* нь эм, тариа авсан гэх 765.173 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2021 оны 10, 11 дүгээр сард зарцуулсан баримтууд нь цаг хугацааны хувьд хөнгөн гэмтэл учраад эдгэрсний дараа зарцуулсан нотлох баримт гэж үзэх тул 717.323 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.*******ы 2021 оны 08 дугаар сард зарцуулсан баримт болох эм, тарианы зардал 47.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж...” анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хохирогч О.*******ы хохирлын баримтуудаас ямар баримтуудыг нь нотлох баримтад авч үнэлсэн болох нь тодорхойгүй атал 47850 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч О.*******ы гомдолдоо дурдсан 1.2021.8.30-ны өдрийн аймгийн эмнэлэгт үзүүлсэн 15000 төгрөг /95 х/
2. 2021.9.13 -нд эм авсан 13350 төгрөг /96 х /
3. 2021.8.31-ны өдрийн 5000 төгрөгийн эм /96х /
4.2021.9.03-ны өдрийн 76500 төгрөг эм / 97 х /
5.2021.8.30-ны өдрийн шинжилгээ -8000 төгрөг /98 х /
6.2021.9.27-ны өдөр УБ эмчилгээнд явсан зардал ирсэн зардал 87200 /98х/
7.2021.10.06-ны өдрийн тархины үзлэг зураг 3 дугаар эмнэлэг 84000 төг /95х
8. 2021.10.01-ны өдрийн гэмтэл согогийн эмнэлгийн томограф- 360,000 төгрөгийн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаж доорх баримтуудыг үнэлж нийт 326550 төгрөгийг шүүгдэгч Д.*******гаас гаргуулж хохирогч О.*******д олгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.Үүнд:
-Хавтаст хэргийн 106 дугаар талд тус тус авагдсан Улсын гуравдугаар эмнэлэгт 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр тархиа үзүүлсэн 84000 төгрөг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт дижитал рентгены 15000 төгрөг,
-хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр авсан эмийн 13350 төгрөг,2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр авсан эмийн 5000 төгрөг, 31000 төгрөг,
Хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эм авсан 76500 төгрөг,2021оны 9 дүгээр сарын 8-ны өдөр авсан эмийн 6500 төгрөг,
Хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөр 8000 төгрөг,
Хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явсан автобусны зардлын 87200 төгрөг, нийт 326550 төгрөг болно.
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын “...Хэргээс гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хангалттай байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу...” гэх гомдол, санал нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт зохицуулсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас 47.850 төгрөгийг гаргуулж хохирогч О.*******д олгосугай” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч О.*******ы эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 326550 төгрөгийг шүүгдэгч Д.*******гаас гаргуулж хохирогч О.*******д олгосугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР