Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүх хуралдааны танхимд хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баялагт холбогдох эрүүгийн 1725000320034 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Жавхлантуяа, шүүгдэгч Б.Баялаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн гэр хорооллын 1-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Баюуд овогт Балжиннямын Баялаг /РД: ОР93072208/

Шүүгдэгч Б.Баялаг нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Согоот багт үйл ажиллагаа явуулдаг ”Халиун ” дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Ж.Мөнх-Эрдэний Iphone 6s гар утсыг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон үйл баримт:  Б.Баялаг нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Согоот багт үйл ажиллагаа явуулдаг ”Халиун” дэлгүүрээс нэгж авахаар орохдоо лангуун дээр байсан иргэн Ж.Мөнх-Эрдэний 790 000 төгрөгний үнэтэй Iphone 6s гар утсыг нууцаар хууль бусаар байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        -Шүүгдэгч Б.Баялагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Утас хулгайлж авснаа зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаангүй. Би уг нь буцааж аваачиж өгье гэж бодсон боловч айгаад байсан. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

       -Хохирогч Ж.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 сарын 08-ны орой 22 цаг 20 минутын орчимд Согоот багт байрлах “Халиун” хүнсний дэлгүүрт хүнсний зүйл аваад мөнгө өгөх гээд кассны хажууд өөрийнхөө гар утсыг тавьчихсан байсан чинь гар утас минь алга болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 40 /,

-Гэрч Д.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим нэг охин залуу 2 орж ирээд юм авсан юм. Гарахдаа утсаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хаана тавьсан юм бэ гэхэд өөрөө сайн мэдэхгүй байсан. Тэгээд манай дэлгүүрийн бичлэгийг шүүж үзэхэд нэг эмэгтэй хүн аваад гараад явж байгаа бичлэг байсан гэсэн мэдүүлэг /хх 11/,

-1100-8555 дугаартай гомдол мэдээлэлд камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03 ху/,

-камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөн байцаагчийн тогтоол /хх-ийн 06 ху/

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05/

-“Бан Хас” ХХК-ны хөрөнгийн даатгалын хохиролын үнэлгээ /хх 15-17ху/

-Шүүгдэгч Б.Баялагийн хувийн байдлын баримтууд /хх-ийн 27-33 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Б.Баялагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүгдэгч Б.Баялаг нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Согоот багт үйл ажиллагаа явуулдаг ”Халиун” дэлгүүрээс нэгж авхаар орохдоо кассны хажууд лангуун дээр байсан хохирогч Ж.Мөнх-Эрдэний Iphone 6s гар утсыг нууцаар хууль бусаар авч 790.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерийн бичлэг, эд зүйл хураан авсан баримт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Б.Баялагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, хохиролын хэмжээ Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хэмжээтэй байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол барагдсан байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баялагийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баялагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АРИУНЦЭЦЭГ