Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 117/ШШ2021/0024

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 8 сарын 25-ны өдрийн ... дугаартай Ж.Бт холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Бт шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.14 дүгээр зүйл,  4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  заалтуудыг тус тус зөрчсөн.

           Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Бт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч Ж.Б ...дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Ж.Б нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус бүрт нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Бт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокуророос өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2020 оны 08 сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ж.Бт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрчилж уг маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжилсэнтэй  танилцаж хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Б  хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст  хариуцуулан “Ж.Бт  холбогдох 2020 оны 08 сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] (нэхэмжлэл) гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.1 дүгээр  зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.11-т “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, 52 дугаар зүйлийн 1-т “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргана”, Прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “...баталсан удирдамжийн дагуу шалгана” гэж зааснаар  шалгаж тэмдэглэл[3] хөтөлж уг  шалгалтаас хойш 30 хоногт  багтаан  нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй.  

2. Ж.Б уг зөрчлийн төлбөрийг төлж актыг биелүүлсэн мөн нэхэмжлэгчээс улсын байцаагч Н.Бын  2020.08.25-ны өдрийн  ... дугаартай Ж.Бт холбогдох шийтгэлийн хуудаст[4] маргаагүй тул нэг үйлдэлд давхардуулан  хариуцлага тооцсон уу  гэдгийг  нарийвчлан дүгнэх боломжгүй.

3.Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[5] хариуцагчаас авсан тайлбарт[6] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна , нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд  алдаа гаргасан. Шүүгчийн захирамжийн үр дагаврыг ойлголоо” гэх  болон  шийтгэлийн хуудаст Эрдэнэс таван толгой ХХК-с нүүрс ачиж Говьсүмбэрт буулгаж дахин ачихаар явж байхдаа маршрутын бус замаар тээвэрлэлт хийсэн, олон салаа зам гаргасан, малын бэлчээр сүйтгэсэн, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулсан зэрэг зөрчлийн чухам аль үндэслэлээр  зөрчилд тооцсон нь ойлгомжгүй, хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ/, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, оногдуулсан торгуулийг нэгжээр заагаагүй, гараар засварлаж үг дарсан, дан мэдүүлгээр нотолсон зэргийг хүлээн зөвшөөрч   илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох   үндэслэлтэй.

4. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021.01.05-ны өдрийн 01 тоот хүсэлтийг[7] шүүх хангасан[8].

Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн  тэмдэгтийн хураамжаас   чөлөөлж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр  зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1-т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  М.Үийн нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцагдах  “2020 оны 08 сарын 25-ны өдрийн ... дугаартай  шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1-т заасныг  тус тус баримтлан  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдаж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргахгүй, энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүйг тус тус тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 7 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 12 талд 

[4] Хэргийн 36 талд,

[5] Хэргийн 36 талд

[6] Хэргийн 37-38 талд

[7] Хэргийн 31 талд

[8] Хэргийн 34 талд