Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/00890

 

 

 

 

 

 

 

 

2024 02 28 182/ШШ2024/00890

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух Э овогт Н.А /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах ЭГ ХХК /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 64,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ЭГ ХХК-д холбогдуулан 64,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч Н.А нь өөрийн өмчлөлийн хэмжилтийн багаж болох Easy shot 0557 (survey camera)-1ш, 38mm brass pressure barrel-1 I, Aluminium rod-3ш, PQ bit landing sub-1ш тус тус 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ЭГ ХХК-ийн ажилтан Ц.Доржготовт хүлээлгэн өгч акт үйлдэн улмаар Багаж хэрэгсэл түрээслэх гэрээг хариуцагч компанийн төлөөлөгч Ц.Доржготов гэх хүнтэй байгуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн дээрх хэмжилтийн багаж хэрэгсэл нь 70,000,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй бөгөөд энэ тухай гэрээний 11.3-т тодорхой заасан, уг багажнууд нь өрөмдлөгийн цооногийг хэмжих зориулалт бүхий багаж юм.

Хэдийгээр хариуцагч компанийн ажилтантай гэрээ байгуулсан боловч уг багаж хэрэгслийг ЭГ ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, тоноглох үйл ажиллагаанд ашигласан байдаг. Уг багаж хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашигласан, хариуцагч компанийн эзэмшилд байсан талаар талууд маргадаггүй болно. Гэтэл гэрээгээр хүлээн авсан багаж хэрэгслийг эвдэж, гэмтээсэн бөгөөд хариуцагч компанийн зүгээс багаж хэрэгслийг өөртөө үлдээж оронд нь багажны үнийг төлөхийг хүсч цаашлаад түрээсийн гэрээнд заасан зах зээлийн үнэ бус элэгдэл тооцож бууруулсан үнээр төлж барагдуулах хүсэлт тавьсан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч Н.А болон ЭГ ХХК нарын хооронд Багажны төлбөр барагдуулах тухай гэрээ-г 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж гэрээнд багажны төлбөрийг 45,000,000 төгрөг байхаар тохиролцож уг төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр, хэрэв хугацаандаа төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 1 хувийн алданги төлөхөөр талууд тохиродцон гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч ЭГ ХХК нь өнөөдрийг хүртэл багажны төлбөр барагдуулах тухай гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ огт биелүүлэлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Түрээсээр ашиглуулсан багаж нь уул уурхай, өрөмдлөгийн компаниудад эрэлт хэрэгцээ ихтэй багаж бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс бусдад түрээсээр болон бусад хэлбэрээр ашиглуулж ашиг олох боломжийг хариуцагч компанийн зүгээс хаасан болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Монгол Улсын иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор тооцоо нийлэх замаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан шинжийг бүрэн хангаж байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч ЭГ ХХК нь гэрээгэр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул гэрээнд заасан үндсэн төлбөр, хугацаа хэтрүүлсний алдангийг тус тус төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээгээр заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дахь хэсэгт заасан алдангийг хуульд заасан хязгаараар буюу 0,5%-иар тооцож гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн хоногийг төлбөр төлөх сүүлийн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тоооход 87 хоног хэтрүүлсэн байна.

Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 225,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд Хугацаа хэтрүүлсэн 87 хоногоор тооцож үзэхэд 19,575,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч ЭГ ХХК-аас багажны төлбөрт 45,000,000 төгрөг, хутацаа хэтрүүлсний алданги 19,575,000 төгрөг нийт 64,575,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага нь багажны төлбөр 45,000,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсний алданги 19,575,000 төгрөг нийт 64,575,000 төгрөг гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн Багажны төлбөр барагдуулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож мөнгө нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ гэрээ надаар гарын үсэг зуруулсан үе нь хэзээ хойно ба тэр үедээ надад эрс өөр зүйлийг ярьж байсан бөгөөд өөр багаж тоног төхөөрөмж түрээслэх үйл ажиллагаатай уялдуулж, төөрөлдүүлж зуруулсан асуудал яригдах ёстой. Бидний хооронд байнга багаж түрээсэлж, түрээслүүлдэг байсны хувьд хүн чанар гаргаж асуудалд нааштай хандлага гаргасны төлөө хүний өмнөөс өр төлбөрийг надад тохох нь яав ч зөв зүйл биш гэж үзэж байна.

Би хэлэхдээ: Та яах гээд надаар зуруулах гээд гуйж гувшаад байгаа юм бэ гэхээр зүгээр л Доржготов бидний дунд ийм бичиг байж байг гэснээс биш тухайн бичгийг би хэлсэн амаар нь нарийн нягт уншаагүй нь буруу болжээ.

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Багаж хэрэгсэл түрээслэх гэрээг Н.А нь иргэн Ц.Доржготовтой байгуулснаас гадна тус гэрээнд нэг ч зүйл заалтанд миний нэр болон манай компани нэр байхгүй бөгөөд иргэн Ц.Доржготов нь манай компанид ажилладаггүй харин туслан гүйцэтгэгч, өөрийн тусдаа гэрээ байгуулж багаж түрээсэлж байсан гэдэг нь гэрээнээс карагдаж байгаа юм. Тэдний дунд хийгдсэн энэхүү гэрээг миний бие шүүх дээр ирсэн энэ үед уншиж танилцаж байгаа ба гэрээнээс үнэ ханш арай дэндүү худлаа дураараа бичигдсэнийг олж мэдлээ.

Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Итгэмжлэл /хх-4/, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №05/23 тоот Багаж түрээслэх гэрээ /хх 5-7/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Багажны төлбөр барагдуулах тухай гэрээ /хх-8/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, ЭГ ХХК-ийн дүрэм /хх 29-30/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ЭГ ХХК-д холбогдуулан 64,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

1.1 Н.А нь Ц.Доржготовтой 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 05/23 дугаартай Багаж хэрэгсэл түрээслэх гэрээ-г байгуулж, Ц.Доржготов нь өөрийн эзэмшлийн Ezy shot 0557 /survey camera/-1 ширхэг, 38 mm brass pressure barrel 1 ширхэг, aluminium rod-1 ширхэг, PQbit landing sub-1 ширхэг гэх багаж хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай түрээсэлж, Ц.Доржготов нь түрээсийн төлбөр хоногийн 300,000 төгрөг төлөх үүргийг тус тус харилцан хүлээж тохиролцсон.

1.2 Түрээсийн гэрээг Ц.Доржготовтой байгуулсан хэдий ч багаж хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашигласан, хариуцагч компанийн эзэмшилд байсан. Гэтэл гэрээгээр хүлээж авсан багаж хэрэгслийг эвдэж, гэмтээсэн.

1.3 ЭГ ХХК-ийн зүгээс эвдэрсэн багаж хэрэгслийн үнийг төлөхийг зөвшөөрч, Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасныг үндэслэн Багажны төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч ЭГ ХХК нь 45,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хоцроосон хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

1.4 Хариуцагч ЭГ ХХК нь одоог хүртэл 45,000,000 төгрөг төлж барагдуулаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангид 19,575,000 төгрөг, нийт 64,575,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1 Нэхэмжлэгчийн Багажны төлбөр барагдуулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож мөнгө нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2 Тус гэрээнд сүүлд гарын үсэг зуруулсан, мөн гарын үсэг зуруулахдаа уншуулаагүй, өөр багаж тоног төхөөрөмж түрээслэх үйл ажиллагаатай уялдуулж, төөрөгдүүлж зуруулсан. Анар нь тус гэрээнд хөнгөн хандсан нь өөрөө буруутай гэж ярьдаг.

2.3 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Багаж хэрэгсэл түрээслэх гэрээг Н.А нь иргэн Ц.Доржготовтой байгуулснаас гадна тус гэрээнд нэг ч зүйл заалтанд миний нэр болон манай компани нэр байхгүй. Ц.Доржготовт туслах зорилгоор л гарын үсэг зурсан атал Анарын мөнгөтэй байдлыг ашиглаж, барьцаалж мөнгө төлүүлнэ гэж байгаа нь шударга бус учраас төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Н.А нь Ц.Доржготовтой 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 05/23 дугаартай Багаж хэрэгсэл түрээслэх гэрээ-г байгуулж, Ц.Доржготов нь өөрийн эзэмшлийн Ezy shot 0557 /survey camera/-1 ширхэг, 38mm brass pressure barrel 1 ширхэг, aluminium rod-1 ширхэг, PQbit landing sub-1 ширхэг гэх багаж хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай түрээсэлж, Ц.Доржготов нь түрээсийн төлбөр хоногийн 300,000 төгрөг төлөх үүргийг тус тус харилцан хүлээж тохиролцжээ.

Дээрх түрээсийн гэрээний зүйл болох багаж хэрэгсэл нь хариуцагч ЭГ ХХК-ийн эзэмшил ашиглалтад байсан, мөн эвдэрч, гэмтсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

3.2 Н.А, ЭГ ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Багажны төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, хариуцагч тал нь 45,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хоцроосон хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т заасан тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоосон тохиролцооны шинжийг агуулаагүй байна.

 

Хариуцагч ЭГ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Багажны төлбөр барагдуулах тухай гэрээнд үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

 

Талуудын төлбөр төлж барагдуулах талаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан, уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

5. Хариуцагч нь Н.А болон Ц.Доржготов нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний оролцогч биш гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, Багажны төлбөр барагдуулах тухай гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна.

 

Нэхэмжлэгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 05/23 тоот Багаж түрээслэх гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т засвар авахааргүй эвдрэл гэмтэл учруулсан тохиолдолд эд хөрөнгийн үнийн дүн 70,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч, ЭГ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Анар нь багажны үнэ хэтэрхий өндөр байгаа учраас 45,000,000 төгрөгөөр тохиролцож төлж барагдуулъя гэх саналыг өөрөө гаргасан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Түүнчлэн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ...өөр багаж тоног төхөөрөмж түрээслэх үйл ажиллагаатай уялдуулж, төөрөгдүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан, ...Ц.Доржготовт туслах зорилгоор төлж барагдуулъя гээд гарын үсэг зурсан, ...гэрээг уншиж танилцалгүйгээр гарын үсэг зурсан, мөн ...гэрээнд гарын үсэг зурахад багажны төлбөр 45,000,000 төгрөг гэсэн агуулга байгаагүй гэж зөрүүтэй тайлбарыг гаргаж байна.

 

Хариуцагч ЭГ ХХК нь өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Багажны төлбөр барагдуулах тухай гэрээгээр хариуцагч ЭГ ХХК нь үүрэг хүлээхийг зөвшөөрч, гэрээний нэг тал болсон байх тул нэхэмжлэгч Н.А нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагчаас алдангийн төлбөрт 19,575,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, талуудын хооронд байгуулагдсан Багажны төлбөр барагдуулах тухай гэрээнд Хариуцагч тал дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хоцроосон хоног тутамд 1%-ийн алданги нэхэмжлэгч талд төлөх гэж харилцан тохиролцсон байна.

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь төлөх үүрэг хүлээх хариуцлагын хэлбэр юм.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээгээр буюу 0,5 хувиар бодож тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байна.

 

Хариуцагч ЭГ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс эхлэн үүргээ зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч Н.А нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар тооцоход хоног тутам алданги 225,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 87 хоногоор тооцож, нийт 19,575,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иймд, хариуцагч ЭГ ХХК-аас багажны төлбөр барагдуулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг, алданги 19,575,000 төгрөг, нийт 64,575,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 480,825 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 480,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭГ ХХК-аас 64,575,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭГ ХХК-аас 480,825 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА