Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/33

 

                              

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүү,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.Б холбогдох 2624000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: ..Монгол улсын иргэн, А овогт М-ын Б регистрийн дугаар 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М. нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ..................нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвд зохион байгуулагдсан “Сар шинийн үзэсгэлэн худалдаа”-аар үйлчлүүлж явахдаа Х.О худалдан борлуулж байсан “даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөрөг”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор хууль бусаар хулгайлан авч, түүнд 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах”  гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ......... багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ............. байгуулагдсан “Сар шинийн үзэсгэлэн худалдаа”-аар үйлчлүүлж явахдаа Х.О худалдан борлуулж байсан “даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөрөг”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор хууль бусаар  хулгайлан  авч, түүнд 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.О өгсөн “...Би 2026 оны 02 дугаар 10-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгуулагдаж байгаа Цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээр хэвийн боов, хөөрөг, хүнсний ногоо зэргийг зарж оролцож байсан. Тэгсэн өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед манай нөхөр О гаднаас орж ирээд миний зарж байсан зүйлийг харснаа чи нэг хөөргөө зарчихсан юм уу гэж асуухад нь миний зарж байсан даваа толгой алтан нуух, ясан халбагатай бага гарын халтар мана хөөрөг алга болсон талаар мэдсэн. Тэгээд ойр байсан хүмүүсээсээ энд байсан хөөргийг харсан эсэх талаар асуусан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай хүүхэд хөөрөг хийгээд би тэрийг нь зардаг. Тухайн хөөргийг өөр ямар нэг хүнээс худалдаж аваагүй манай эзэмшлийн хөөрөг байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

- Хохирогч Х.О дахин өгсөн “...Би өөрийн алдсан хөөргөө эргүүлж авсан тул энэ хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. ...Хөөрөг алга болдог өдөр миний юм зарж байгаа газарт архи уусан бололтой тойроод яваад байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...даваа толгой, алтан нуух, ясан халбагатай бага гарын халтар манан хөөрөг 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 14-16-р хуудас/,

-  Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Камерын бичлэг бүхий сиди”-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 20-р хуудас/,

- Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-27-р хуудас/,

- Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн иргэн М.Б-с “Даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөрөг”-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

- Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Х.О “Даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөрөг”-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/

- Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/ болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Х.О шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч М.Б нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвд зохион байгуулагдсан “Сар шинийн үзэсгэлэн худалдаа”-аар үйлчлүүлж явахдаа Х.О-ын худалдан борлуулж байсан “даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөрөг”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор хууль бусаар  хулгайлан авч, түүнд 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

Шүүгдэгч М.Б-ын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  • Хохирлын талаар:

           Хохирогч Х.О уг гэмт хэргийн улмаас хулгайд алдагдсан даваа толгой, алтан нуух, ясан халбагатай, бага гарын халтар манан хөөргийг биет байдлаар буцаан олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Б-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.  

              Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З А овогт М-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн  хугацаанд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ