Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/029

 

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Э.*******д холбогдох эрүүгийн 2114000000330 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Эмгэнийхэн овогт *******ын *******, ..... урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/

Э.******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5, 6 дугаар багийн заалны гадаа М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар чулуу атгасан гараараа түүний нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Эмгэнийхэн овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.******* нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.*******ын цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... чулуу 1 ширхэг...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгаж, Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 45 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүй хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч Ө.Батсайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй...” гэж,

Мөн тодорхойлох хэсэгт “...шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж тус тус зааж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж заажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан болон тогтоох хэсгийн 3 дахь заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэхээр байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1 дүгээр зүйлд “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”,

160.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно”,

160.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан байхад шүүхээс уг хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ялтан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх нөхцөл бололцоог хааж, ялтны эрхийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүй хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй...” гэж, мөн тодорхойлох хэсэгт “...шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж тус тус зааж,

Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж зөрүүтэй байдлаар тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж оролцоно гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.******* нь согтуугаар, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5, 6 дугаар багийн заалны гадаа М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар чулуу атгасан гараараа түүний нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шүүгдэгч Э. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.******* нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал болон бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж ...” шийдвэрлэсэн нь шүүгдэгч Э.*******ын эрх зүйн байдлыг дордуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасны дагуу шүүх торгох ялыг биелүүлэх хэсэгчилсэн хугацаа тогтоогоогүй мөртлөө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэж үр дагаврыг мэдэгдсэн, мөн түүнчлэн дээрх торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож хуулийг буруу хэрэглэжээ.

 Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж шийдвэрлэсэн нь торгох ял биелүүлэх хугацааг шүүх тодорхой тогтоогоогүй мөртлөө “шүүхээс тогтоосон хугацаанд” гэж ямар хугацааг заагаад байгаа нь ойлгомжгүй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т ” ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, харин хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй торгох ял биелэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу үүсэж болох үр дагаврыг тооцоход ч ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болно”, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц хэрэв гомдол,эсэргүүцэл бичсэн бол давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ба анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ” гэж тус тус заасан зохицуулалтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш торгох ялыг хэрхэн, яаж төлөх нь тодорхойгүй орхигдуулсан зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурорын “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан болон тогтоох хэсгийн 3 дахь заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан..., ...шүүхээс хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...,... ялтны эрхийг зөрчсөн... , ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн...” гэх агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.******* нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай” гэснийг

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 125000 төгрөг төлөхөөр тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР