Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 252

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х-ын О-д холбогдох эрүүгийн 1710000000006 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, ах, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Х-ын О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, оршин суух иргэн Б.О-гийн “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч “Samsung note-3” маркийн гар утас, “Чингис” архи 4 шил, “Парламент” тамхи 4 хайрцаг, бэлнээр 400.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 691.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Х.О мөрдөн байцаалтанд 2017.08.01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед би Т ахтай уулзаад дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй 5 сав пиво аваад Т ахын гэрийнх нь гадаа ирэхэд Т ахын найз Д ирчихсэн байсан. Бид гурав пивонуудаа хувааж уусан ба Д ах нилээд согтчихсон, гэртээ харьлаа гээд шөнийн 23 цаг болохоос өмнө гараад явсан. Т ах бид хоёр үлдсэн пивыг хувааж уусан. Т ах надаас илүү уусан учраас ухаанаа алдаад унтчихсан. Би тэдний гэрээс шөнийн 01 цагийн үед гэртээ харих гээд явах замдаа худгийн хажууд жаахан салхинд суусан. Тухайн үед би тамхи татмаар санагдаж, найз охинтойгоо уулзмаар санагдаад байсан. Тэгээд “Дэлгэрэх” нэртэй дэлгүүр дээр очтол хаачихсан байсан тул дэлгүүрийн худалдагчийг нь дуудах гээд хашааны завсраар нь хартал дэлгүүрийн урд талын цонх онгорхой байхаар нь хашааг давж, онгорхой цонхоор нь дэлгүүр рүү орж 4 шил архи, 4 хайрцаг тамхи, 1 гар утас, кассанд нь байсан мөнгийг аваад буцаад цонхоороо гарсан. Тэндээсээ би шууд Драгон төвийн автовокзал орж Сэлэнгэ явах машинд суугаад маргааш буюу 2017.09.20-ны өдрийн 13 цагт Сэлэнгэ аймагт очоод найз охинтойгоо очиж уулзчихаад буцаад замын унаанд суугаад хотод ирсэн. Би эхлээд дэлгүүр рүү тамхи авах гэж орсон, кассанд нь мөнгө байхыг хараад найз охиноо санаад байсан учир Сэлэнгэ явах гээд мөнгө авсан, архийг бол уух гэж авсан. Гар утсыг найз охинтойгоо ярих гэж авсан боловч гар утас нь асахгүй, ажиллахгүй байсан. Би хэдэн төгрөг байгааг нь тоолж үзээгүй, ойролцоогоор 400.000 төгрөг байсан байх. Би энэ хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,

 

2. Хохирогч Б.О 2017.07.20-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө дэлгүүрийн дотор байх амралтын өрөөний гадна хамгаалалтын төмөр торыг эвдэн вакум цонхоор хулгайч орж, дэлгүүрийн орлогын 400.000 төгрөг, 0.75 литрийн Чингис архи 4 ширхэг, хайрцагтай тамхи 4-5 ширхэг алдагдсан байсан. Архи нь тус бүр 18.500 төгрөг, парламент тамхи 4 хайрцаг алдсан ба тус бүр нь 4300 төгрөгийн үнэтэй. Дэлгүүрийн хяналтын камерт 20 орчим насны эрэгтэй орлогын мөнгө, тамхи, архи хулгайлж байгаа бичлэг тод бичигдсэн байсан учир цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

2017.08.23-ны өдөр: ...Би гар утасны хохирлоо О-р төлүүлчихсэн тул одоо гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

 

3. Гэрч Ү.Т 2017.07.20-ны өдөр мэдүүлэхдээ: “...Би тухайн үед дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан ба дэлгүүрийг 23 цаг өнгөрч байхад хаагаад арын өрөөнд унтсан. Өглөө найз О дэлгүүрээ нээгээд хүнд үйлчилж байхдаа гүйлгээний мөнгө алдагдсан байна гээд надаас “мөнгө далд хийсэн үү” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлсэн. Би дэлгүүрээ шалгатал лангуун дээр байсан архинууд байхгүй болж дэлгүүрийн амрах өрөөний цонх онгойрхой байсан. Ингээд дэлгүүрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Тэр орой орлогоо тоолж үзэхэд 380.000 төгрөг байсан ба намайг хаах үед 20.000 орчим төгрөг нэмэгдсэн. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт 20 орчим насны эрэгтэй хүүхэд хулгай хийж байгаа бичлэг байсан. Тус хүүхэд дэлгүүр хаахаас өмнө хэд хэдэн шил архи авсан хүүхэд мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №05/449 дугаартай дүгнэлтэнд:

1. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн илрүүлж бэхжүүлсэн №4 “Хулгайч орсон гэх цонхны дотор талын хүрээнээс”, №7 “лангуун дээрээс” дугаартай дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 3, 5, 6 дугаартай дакто хальсан дахь 5 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.О, Ү.Т нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Б.О, Ү.Т нарын гарын хээний дардас нь урьд нь санд бүртгэлгүй байна.

3. Шинжилгээнд тэнцэх №7 “лангуун дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн Ганхуягийн Чойдоржийн зүүн гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь “Адис-Папилон” системийн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй болон хохирогч нарын гарын хээний дардасуудтай тохирохгүй байна. /хх-ийн 28-30-р хуудас/,

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10-р хуудас/,

6. Эд зүйлийн үнэгээ /хх-ийн 14-р хуудас/,

7. Хохирол төлсөн баримт /хх-ийн 52-р хуудас/,

8. Шүүгдэгч Х.Огийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, оршин суух иргэн Б.Огийн “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч “Samsung note3” маркийн гар утас, “Чингис” архи 4 шил, “Парламент” тамхи 4 хайрцаг, бэлнээр 400.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 691.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Огийн “...Дэлгүүрийн дотор байх амралтын өрөөний гадна хамгаалалтын төмөр торыг эвдэн вакум цонхоор хулгайч орж, дэлгүүрийн орлогын 400.000 төгрөг, 0.75 литрийн Чингис архи 4 ширхэг, хайрцагтай тамхи 4-5 ширхэг алдагдсан байсан. Архи нь тус бүр 18.500 төгрөг, парламент тамхи 4 хайрцаг алдсан ба тус бүр нь 4300 төгрөгийн үнэтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

Гэрч Ү.Тийн “...Өглөө найз О дэлгүүрээ нээгээд хүнд үйлчилж байтал гүйлгээний мөнгө алдагдсан байна гэхээр нь би босоод очтол надаас “мөнгө далд хийсэн үү” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлээд дэлгүүрээ шалгатал лангуун дээр байсан архинууд байхгүй болсон байсан ба дэлгүүрийн амрах өрөөний цонх онгойрхой байсан. Тэр орой орлогоо тоолж үзэхэд 380.000 төгрөг байсан ба намайг хаах үед 20.000 орчим төгрөг нэмэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Ог дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,, оршин суух иргэн Б.Огийн “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч “Samsung note3” маркийн гар утас, “Чингис” архи 4 шил, “Парламент” тамхи 4 хайрцаг, бэлнээр 400.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 691.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/, гэрч Ү.Тийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, шүүгдэгч Х.Огийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Од ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хуульд заасан дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч Х.О нь хохирогч Б.Од 691.200 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол санал байхгүй /хх-ийн 73-74-р хуудас/ тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

                                       

ТОГТООХ НЬ:

1. Т овогт Х-ын О-г дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.О-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.О нь хохирогч Б.О-д 691.200 төгрөг төлсөн ба бусдад төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.О-д авсан хувийн баталаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР