| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00495/И |
| Дугаар | 182/ШШ2024/01300 |
| Огноо | 2024-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/01300
2024 03 25 182/ШШ2024/01300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Е овогт Г.А /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Ө овогт Г.Ё /РД: /,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Т.У /РД: / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,803,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Ё, Т.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,803,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Г.А нь Г.Ё, Т.У нартай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэлийн 0449 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээ нь 9,000,000 төгрөгийг Г.Ё, Т.У нарт сарын 6,7 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, харилцан тохиролцсон. Мөн зээлдэгч нар нь зээлийн гэрээний баталгаа болгож, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 0450 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Г.Ёын өмчлөлийн Улаанбаатар хот, ************** тоотод байрлалтай, ** дугаар гэрчилгээтэй, 550 м.кв гэр орон сууцны хашааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.
Зээлийн гэрээний зүйл болох 9,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 3,000,000 төгрөгийг Зээлийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн.
Зээлийн гэрээний 3.6 дахь хэсэгт эргэн төлөх нөхцөлд сар бүрийн 05-ны өдөр хүүг төлнө. Зээлийг хугацааны төгсгөлд төлнө гэж заасны дагуу харилцан тохиролцож, бичгээр гэрээг байгуулсан.
Гэтэл Г.Ё, Т.У нар нь Зээлийн гэрээний төлбөр 2022 оны 12 дугаар сар хүртэл төлж барагдуулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас хойших хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбогдуулан удаа дараа холбогдсоны дараа үндсэн төлбөрийн 3,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. Зээлийн гэрээний 6,000,000 төгрөгийг төлөөгүй.
Г.Ё, Т.У нар нь Зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт сард 6,7 хувийн хүүтэй гэж заасны дагуу хүү нь 603,000 төгрөг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 11 сарын төлбөр болох 6,633,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Мөн хариуцагч нар нь Зээлийн гэрээний 3.5-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж заасны дагуу хүлээсэн үүргээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 195 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги 1,170,000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй.
Иймд Г.Ё, Т.У нараас зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хүү 6,633,000 төгрөг, алданги 1,170,000 төгрөг, нийт 13,803,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Г.А нь Т.У, Г.Ё нарт нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 0409 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба тус гэрээнд 9,000,000 төгрөгийг Г.Ё, Т.У нарт 6.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 сард 6,000,000 төгрөгийг бид авсан, анх авахдаа бидэнд тус болж байгаа гэж өгсөн, зээлийн хүү алдангийн тухай яриагүй. Бид 2021 оны 11 сараас 6,000,000 төгрөгийг аваад 2022 оны 09 дүгээр сар гэхэд бүрэн төлж дуусгасан байсан. Г.Ё, Т.У нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн хүүг нь төлж барагдуулсан.
2022 оны 09 сарын 05-ны өдөр зээл авсан шалтгаан нь дэлгүүр дампуурах гээд байсан юм. 2023 оны 09 сарын 05-ны өдөр гэхэд энэ дэлгүүр дампуурлын шатандаа орсон байсан. Энэ өдрөөс хойш бараа хүлээлцсэн зүйлийг ярьж байгаа болохоос биш 2023 оноос өмнө бараа өгч байсан эсэх хамааралгүй. Зээл авах гээд газраа барьцаанд тавих гээд явж байтал Г.А нь таараад би мөнгө зээлье, ББСБ руу яваад яах вэ, надаас зээлчих гэж хэлж байсан. 2021 оны 11 сараас хойш мөнгөө дор дор нь цувуулаад өгч байсан ба 3,000,000 төгрөгөө төлөөд дууссан байсан учир дахиад 3,000,000 төгрөг авсан.
Бид зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-6/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ /хх-7-9/, Т.У, Г.Ё нарын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт гаргах нь гэх гар бичмэл /хх-10/, Т.Уянгын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүсэлт гаргах нь гэх гар бичмэл /хх-11/, ХБ ХХК дахь **тоот дансны хуулга /хх 12-13/,
3.2 Хариуцагч нараас нотлох баримтаар: 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0155 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-37/, хариу тайлбар /хх-39/, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0236 дугаартай итгэмжлэл /хх-48/, ХБ ХХК дахь **** тоот дансны хуулга /хх-49/, ХБ ХХК дахь *** тоот дансны хуулга /хх 50-51/, ХБ ХХК дахь *** тоот дансны хуулга /хх 52-113/, 1 ширхэг сиди зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3 Шүүхээс хариуцагч Г.Ёын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сиди-нд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/04955 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-116-117/ зэргийг шүүхийн журмаар бүрдүүлж, хэрэгт авагдсан.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Ё, Т.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,803,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Г.А нь Г.Ё, Т.У нарт 2021 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөгийг зээлүүлсэн ба хожим 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэмж 3,000,000 төгрөгийг зээлүүлж, мөн өдрөө 9,000,000 төгрөгийг нэгтгэж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нар нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үндсэн зээл 6,000,000 төгрөг төлөгдөөгүй. Мөн зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу сард 6.7 хувь гэж зааснаар сарын хүү 603,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт хүү 6,633,000 төгрөг, мөн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой алданги тооцоод алдангийг нэмж шаардаж байгаа. Энэ алданги нь Иргэний хууль болон зээлийн гэрээнд зааснаар 1,170,000 төгрөг байгаа нийт 13,803,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулна. Барьцааны гэрээг бичгээр байгуулсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар, зарим тохиолдолд дэлгүүрийн бараа өгөх зэргээр бүхэлд нь төлж барагдуулсан одоо төлөх төлбөр байхгүй. Бид 2 удаа хүсэлт бичиж өгсөн нь Г.А охиндоо үзүүлэх хэрэгтэй байна бичээд өгчих гэж хэлсний дагуу л бичиж өгсөн. Зээлийн гэрээний хувьд мөн адил охиндоо үзүүлнэ гэсний дагуу л бичиж өгсөн хэмээн маргасан.
3. Зохигчдын хооронд 2021 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөг зээлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 6.7 хувийн хүүтэй байхаар тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлээс 3,000,000 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хариуцагч нар нь 2022 оны 09 дүгээр сард 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөн байгуулахад 6,000,000 төгрөгийг нь төлж барагдуулсан байсан, зээлийн гэрээг Г.Агийн охинд үзүүлэх зорилготой байгуулсан гэж маргасан бөгөөд энэ талаарх татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдах үед 6,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, заримдаа дэлгүүрийн бараанаас өгч, төлж барагдуулсан гэх тайлбар нь тэдгээрийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичиж өгсөн Хүсэлт гаргах нь гэх гар бичмэлүүдээр үгүйсгэгдэж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гар бичмэлүүдийг хариуцагч нар нь бичсэн үйл баримтад маргаагүй болно.
Зээлийн гэрээнд мөнгө зээлж байгаа, буцааж төлөх үүрэг хүлээж байгаа нөхцөлүүд ойлгомжтой, тодорхой тусгагдсан тул хариуцагч нарыг төөрөгдсөн, хуурч мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож, зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тохиролцсон байх бөгөөд зээлдэгч Г.Ё, Т.У нар нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүү төлөх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргажээ.
Иймд зээлдүүлэгч Г.А нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 11 сарын хүү 6,633,000 төгрөгийг шаарджээ.
Хариуцагч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 22 удаагийн гүйлгээгээр 5,090,000 төгрөг төлсөн гэх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүү төлөгдсөн эсэхэд маргаагүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зээлийн хүү: сард 6,7 хувийн хүүтэй байна тохиролцжээ.
Хариуцагч нар нь үндсэн зээлээс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн байх тул зээлийн хүүг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн зээл 9,000,000 төгрөгөөс /5 сар, 12 хоног*603,000 төгрөг/, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 6,000,000 /6 сар, 11 хоног*402,000 / төгрөгөөс тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч нараас зээлийн хүү 5,807,812 төгрөг гаргуулж, 825,188 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нар үүргийн зөрчил гаргасан гэж үзэн гэрээг цуцалж, шаардах эрхийг хэрэгжүүлсэн.
Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасанд хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д сар бүрийн 05-нд хүүг төлнө. Зээлийг хугацааны төгсгөлд төлнө гэж тохиролцжээ.
Иймд хариуцагч нар нь үүргийн зөрчил гаргасан хэдий ч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.
6. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 0450 дугаартай Барьцааны гэрээгээр ************** тоотод байрлах, 550 м.кв талбайтай, ** дүгээр гэрчилгээний дугаартай, *** дугаар нэгж талбарын дугаартай газрыг барьцаалахаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх..., мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.
Иймд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэн гэрээнээс үр дагавар үүсэхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч Г.Ё, Т.У нар нь зээлийн гэрээний үүргийг төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 11,807,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,995,188 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 203,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн хариуцагч Г.Ё, Т.У нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,807,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,995,188 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,166 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ё, Т.У нараас 203,875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА