Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/01318

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27 182/ШШ2024/01318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ж овогт А.Д /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Л.Т /РД: /-д холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Л.Тд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Анх 2009 онд А.Дын том хүү Д.Т нь .....тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориуалалттай 0,7 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Нэхэмжлэгч А.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ____ дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр .....тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориуалалттай 0,7 га газрыг өмчилдөг болсон. Гэтэл хариуцагч Л.Т нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчлөлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан гэр барьж олон жил амьдарч байна. Миний бие тухайн амины газарт орон сууц барих зорилготой байгаа бөгөөд одоогоор тухайн газартаа амьдардаггүй. Би хариуцагч Л.Ттэй биечлэн уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өдийг хүрсэн.

Миний бие нэхэмжлгчийн шаардлагатай хамааралтайгаар Дүүргийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, улсын байцаагчаас хариуцагч Л.Тд газар чөлөөлөх тухай шаардах хуудас, акт удаа дараа хүргүүлж байсан ч үл тоон, биелүүлээгүй, миний өмчлөлийн газарт амьдарсаар байна.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн газрын алба руу удаа дараа очиж нотлох баримтууд цуглуулсан. Эдгээр баримтуудаас үзэхэд Улаанбаатар хот, ........ тоотод байрлах ____ дугаарт бүртгэлтэй энэ газрыг албадан чөлөөлж өгнө үү гэх агуулгаар тодруулж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан өмчлөлийн гэрчилгээ дээр Чингэлтэй дүүргийн 7 хороо гэсэн байдаг. Нэхэмжлэл дээрээ 7 дугаар хороо гээд бичсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд дээр 7 дугаар хороо нь 2 хуваагдаад Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08 дугаартай тогтоолыг үндэслэн маргаан бүхий хаяг нь 20 дугаар хороонд харьяалагдаж байгаа гэдгийг шийдвэрт тусгаж өгөөч гэж хүсч байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг тус тус үндэслэж, ........ тоотод байрлах ____ дугаарт бүртгэлтэй газрыг Л.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Газрын маргаанаар А.Дын гаргасан өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд 2019 оны 10 дугаар сард нүүж ирж одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн. Миний бие нь газрын зөвшөөрлөө авах гэж хорооны дарга болон Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч нарт хүсэлт болон зөвөлгөө авахаар очиход нэгдсэн журмаар өгнө, номер дугаарыг нь шинэчилж өгнө. Харин та тухайн цаг үед нь гэртээ өөрийн биеэр заавал байж бай гэж хэлдэг байсан. Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Сайнбаяр нь 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох хурал дээр өөрийн биеэр ирэхэд нь би уулзаж учир байдлаа хэлэхэд таны газрыг би мэдэж байгаа, таньд газрыг чинь өгнө, нэгдсэн журмаар өгнө. Харин та кадастрын зургийн мөнгө бэлэн байлгаж, өөрөө гэртээ байж байгаарай, надад утасны дугаараа, регистрийн дугаараа цаасан дээр бичээд өгчих би тань руу залгаж дуудна гэж хэлэхэд нь би баярлаад регистрийн дугаар болон утасны дугаараа бичиж өгсөн.

Миний хүүхдүүд Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуульд одоог хүртэл суралцаж байна. Мөн гэрэл тогны асуудлаа чүй ай шийдэж байхад газрыг маань луйвардаж дээрэмдэж авах гээд байгаад нь гомдолтой байна.

Өрх толгойлсон надад энэ олон жил амьдарахад өгөөгүй байж яагаад А.Д гэж энэ хүн өгсөн бэ. А.Д нь анх 2023 оны 11 дүгээр сард энэ миний газар танайх нүү гэж ирж уулзаж газрын маргаан үүссэн. Энэ олон жил амьдарч байхад нэг ч удаа ирж уулзаагүй байж гэнэт гарч ирэн хууль бусаар бичиг баримт бүрдүүлэн, мөн эмнэлэг барина гэж эхнэртэйгээ худлаа ярьсан. Биднийг 2023 оны 11 дүгээр сард гэхэд чөлөөлж өгөхгүй бол шүүхэд хандаж, албадан нүүлгэнэ, шүүхийн өрөөнөөс чирж гаргана гэж дарамталж байсан.

Та нар энэ олон жил өнгөрөхөд яагаад ирж уулзаагүй бэ гэхэд А.Дын эхнэр нь түгдэрч байснаа ийм газар байдгаа мартсан байна гэсэн. Миний бие эмнэлэг барих гэж байгаа юм бол газраа чөлөөлж өгье, харин үлдсэн жоохон хэсгийг таньж мэддэг хүнээр яриулаад аваад өгөөч гэж хэлсэн. Гэтэл ах нь дүүдээ тус болно буян болоод үлдсэн газрыг чинь хөөцөлдөөд өгье гэсэн. Харин чи кадастрын зургийн мөнгийг 2024 оны 03 дугаар сард бэлэн байлгаж байгаарай гэсэн. Ах нь өрх толгойлсон хүнд тус болно гэж хэлсэн. Тэгээд надаар өргөдөл бичүүлж, гарын үсэг зуруулсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй нь үнэн.

Үүнээс хойш утсаар ойр ойрхон залгаж ахынхаа данс руу мөнгө хийчих гэдэг байсан. Би өрх толгойлж, ганцаараа ажилладаг болохоор цалин маань илүү гардаггүй учир мөнгө шилжүүлж чадаагүй. А.Д утсаар залгах болгондоо чи тайван ажлаа хий, чиний газрын асуудлыг шийдээд өгнө гэж хэлэхэд баярладаг байсан.

Гэтэл нэг өдөр 2-3 машинтай гадаад, дотоодын хүмүүс ирсэн ба гадаадын хүмүүст миний амьдарч буй газрыг зарахаар үзүүлж байсан байна лээ. Яагаад ингэж бодов гэхээр миний амьдарч буй энэ газрыг үнэгүй.мн сайт дээр зарна гэсэн зар оруулсан байсан.

Надад удаа дараа худал хэлж, хууран мэхэлж байсан нь тодорхой байна. А.Д гэдэг энэ хүн танил талаараа дамжуулан Л.Т миний одоо амьдарч буй газрыг авах гэж байна. Иймд нэхэмжлэгч А.Дын хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0004 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-3/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Кадастрын зураг /хх-4/, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/1220 дугаартай албан бичиг /хх-5/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, 24/003 дугаартай Хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-19-20/, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт /хх-29/, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09/219 дугаартай албан бичиг /хх-40/, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-41/

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-13/, Монголын Хуульчдын холбооны 2024 оны 03 дугар сарын 18-ны өдрийн 2/242 дугаартай албан бичиг /хх-36/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

1. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Л.Тд холбогдуулан нэгж талбарын 18639315168344 дугаартай, ............тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ____ дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ... Иргэн А.Д нь ............тоот хаяг байрлах газрыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн. Л.Т нь хууль бусаар тус газарт амьдарч хууль ёсны өмчлөгч миний эрх ашгийг хохироож байх тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, миний бие хүүхдүүдийн хамт 2009 оноос хойш тус хаягт амьдарч байна. Тус газрыг өөрийн өмчлөлдөө авахын тулд хорооны Засаг дарга болон газрын албаны байцаагч нарт удаа дараа хандсан боловч хаягжилт нэгдсэн журмаар хийж, гэрчилгээ гаргаж өгнө гэх хариу өгдөг байсан. А.Д нь хууль бусаар бичиг баримт бүрдүүлж, гэрчилгээ гаргуулж авсан тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч А.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ............тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдэж, ........... дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

 

Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Т нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээгээр эзэмших, өмчлөх эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч А.Дын шаардах эрх үүснэ.

 

Хариуцагч Л.Т нь маргаан бүхий газарт 2009 оноос эхлэн амьдарч байгаа, тус газрыг өмчилж авахын тулд хорооны Засаг дарга болон газрын албаны байцаагч нарт удаа дараа хандсан боловч нэгдсэн журмаар хаягжилт хийж, газрыг өмчлүүлнэ гэсэн хариу авсан гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Улсын бүртгэлд өмчлөгчөөр А.Д бүртгэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх тул хариуцагчийн А.Д нь хууль бусаар бичиг баримт бүрдүүлж, гэрчилгээ гаргуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. Иймд нэхэмжлэгч А.Д нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар ............тоот хаяг байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хариуцагч Л.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18 гудамж, 453 тоот хаяг байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо нь бүтэц зохион байгуулалт, өөрчлөлт орсонтой холбогдуулан 2 хуваагдсан ба дээрх хаяг нь 20 дугаар хороо болсон болох нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болохыг дурдав.

 

8. Хариуцагч Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Дын өмчлөлийн нэгж талбарын 18639315168344 дугаартай, ............тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ____ дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хариуцагч Л.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Тгөөс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Дад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА