Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/49

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

                                        

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сүххуяг,

Улсын яллагч Б.Ундармаа /цахим/,

Шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.У-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ө М холбогдох 2524000800067 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ИЕ02232815 регистрийн дугаартай, С овгийн Ө-н М,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц-г 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед Завхан аймгийн Улиастай сумд хүргэн ахындаа байхад нь “хамт явъя” гэх үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зодсон,

- 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н.Ц-н ажлын газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ..... ажил дээр нь шөнө 02 цагийн үед ирж “ажлын газрынх нь хүнтэй хардаж” биед нь халдаж зодсон,

- 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Задгайд гэртээ байхад нь “чи намайг хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц-тэй маргалдаж, түүний биед халдахдаа буюу 2025 оны 04 дүгээр сард ..... mini загварын гар утсыг төмөр паар руу хэд хэдэн удаа цохиж эвдэн хохирогч Н.Ц-д 443,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн цаг хугацаанд ....загварын зөөврийн Notebook-г газар шидэж дээрээс нь хөлөөрөө дэвсэж эвдэн 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ”Redmi note 13 рго” загварын гар утсыг байрны төмөр паар руу яасан эвдэрдэггүй юм гээд 2-3 удаа цохиж эвдэлж 50000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн,

Мөн О.М нь хохирогч Н.Ц-тэй маргалдахдаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед, 2025 оны 07 дугаар сарын 27, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдрүүдэд “ Надаас салвал ална шүү, чамайг Фейсбүүк сошиал орчинд тавина” гэж заналхийлэн Н.Ц-г өөрөөс нь салахыг хориглож, өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,

Мөн хуулийн тусгай агийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах”

Мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх” гэх гэмт хэргүүдэд хамаарч байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц-г 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед Завхан аймгийн Улиастай сумд хүргэн ахындаа байхад нь “хамт явъя” гэх үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зодсон,

- 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н.Ц-н ажлын газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Тэс” шатахуун түгээх станцад ажил дээр нь шөнө 02 цагийн үед ирж “ажлын газрынх нь хүнтэй хардаж” биед нь халдаж зодсон,

- 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Задгайд гэртээ байхад нь “чи намайг хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц-тэй маргалдаж, түүний биед халдахдаа буюу 2025 оны 04 дүгээр сард “І Phone-12” mini загварын гар утсыг төмөр паар руу хэд хэдэн удаа цохиж эвдэн хохирогч Н.Ц-д 443,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн цаг хугацаанд “НР” загварын зөөврийн Notebook-г газар шидэж дээрээс нь хөлөөрөө дэвсэж эвдэн 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ”Redmi note 13 рго” загварын гар утсыг байрны төмөр паар руу яасан эвдэрдэггүй юм гээд 2-3 удаа цохиж эвдэлж 50000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн,

Мөн О.М нь хохирогч Н.Ц-тэй маргалдахдаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед, 2025 оны 07 дугаар сарын 27, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдрүүдэд “ Надаас салвал ална шүү, чамайг Фейсбүүк сошиал орчинд тавина” гэж заналхийлэн Н.Ц-г өөрөөс нь салахыг хориглож, өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Ц-н   “...Би 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирж “ТЭС” шатахуун түгээх станцад ажилд ороод Тосонцэнгэл сумын Хайрхан багт байр түрээсэлж амьдарч байсан. Тэгсэн манай найз залуу болох Ө.М нь 07 дугаар сарын 24-ний өдөр Тосонцэнгэлд ирээд надтай хамт 7 хоносон. Тэгсэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би ажлаасаа бууж ирээд байрандаа 16 цаг хүртэл унтаж амарсан. Тэгээд манай найз залуу Ө.М нь “машин худалдаж авсан хүн аймгаас ирж байна цуг хот орж машинаа шилжүүлж өгнө” гээд явлаа гэхээр нь би унтаж байсан болохоор “тэгээд яваач” гээд хэлсэн чинь чи намайг хөөлөө гээд уурлахаар нь ядаргаатай юм бэ? унтмаар байна гэтэл уурлаад үглээд намайг татаад байхаар нь би босоод хувцсаа өмсөөд орон дээр сууж байсан чинь намайг орноос татаж унагаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж авсан. Тэгээд миний утсыг орон дээрээс аваад байрны төмөр паар руу яасан эвдэрдэггүй юм гээд 2-3 удаа цохиж эвдэлсэн. Тэгээд явлаа гээд гараад явахаар нь би яваа яв гэж хэлсэн. Тэгсэн шууд яваад өгсөн байсан. Тэнд өөр хүн байгаагүй. Эхлээд намайг орноос татаж унагасан. Тэгээд миний нуруу, хөлийн зузаан гуя хэсэг, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Мөн дараа нь намайг толгойгоор байрны хана нэг удаа мөргүүлсэн. Тэгээд би орон дээрээ цаашаа хараад хэвтээд өгсөн. Бид хоёр албан ёсны гэр бүл бол биш. Би Ө.М-тэй 2023 оны хавраас хойш үерхэж байна. Би 2023 оны 09 дүгээр сараас Говь-Алтай аймгийн АШУҮИС-д элсэж орсон. Тэгээд 2023-2024 он, 2024-2025 онд тэнд сурч байх үед Ө.М бид хоёр хамт нэг байранд амьдарч байсан. Сургуульд сурахаас бусад үед би гэртээ байдаг. Мөн 2025 оны 06 дугаар сард аймгийн төв Улиастай сумд аймгийн нэгдсэн эмнэлэгт дадлага хийсэн. Энэ үед болон Тосонцэнгэл сумд ирж ажил хийх үед бол М надтай хамт байгаагүй. Харин сүүлд ирээд 7 хоноод явахдаа намайг зодоод утас эвдлээд хот руу явсан. Мөн М 2025 оны 02 дугаар сараас эхлэн Говь- Алтай аймгийн Бигэр сумд “Хан-Алтай” гэх газарт ажилд орсон. Тэр ажил нь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажил хийж байгаа. М 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед Завхан аймаг Улиастай сумд манай хүргэн ахынд байхад намайг зодсон. Тэр үед намайг хот хамт явъя гэхээр нь би дадлагатай гэж маргахад намайг хүргэн ахын байшингийн гадаа хашаанд миний Samsung А10 маркийн гар утсыг байшингийн хана руу шидэж эвдэхээр нь би машины шилийг нь гараараа цохисон чинь шил цуурсан. Тэгсэн машинд хамт суусан чинь хүн машинаа зарах гэж ядаж байхад шил хагаллаа гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд чамайг ална гээд аймгийн төвийн Баазын тэр зүгт явж байхдаа гараараа миний баруун хөлийн гуя хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Мөн сая 07 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээр ирээд хамт байж байгаад шөнө 02 цагийн үед гадаа нойлын тэнд машин дотор сууж байхад намайг ажлын газрын нэг хүнтэй хардаад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд намайг ална гээд машины миний суусан талын хаалганд байсан хутгыг авах гээд дайраад байсан. Тэгээд аргадаад тэндээс явуулсан. Мөн 2025 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймагт сурч байхад утсаараа лудо гэдэг тоглоомыг баг болоод тоглож байхад М намайг багтаа авчхаач гэхэд баг бүрдсэн байна гэж хэлсэн чинь уурлаад чи намайг болохоор ингэлээ гээд миний утсыг булааж аваад байрны хана руу шидээд тэгээд барьж аваад байрны төмөр паар руу хэд хэдэн удаа цохиж эвдсэн. Мөн ширээн дээр байсан миний хичээлийн НР маркийн зөөврийн нөтбүүкийг газар шидээд дээрээс нь хөлөөрөө дэвслээд эвдсэн. Мөн 2025 оны 02 дугаар сард бас намайг зодоод миний хуучин DELL маркийн зөөврийн нөтбүүкийг бас эвдсэн. Мөн тэрнээс өмнө 2023 онд миний утсыг бас эвдэж байсан. Мөн 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Б Б” гэх фейсбүүк цахим хаягнаас миний зураг болон бичлэгийг байршуулан “ямар арчаагүй янхан бэ залуу хүн байж хүний нөхөртэй явахаас ичээч таньж мэддэг хүн байвал энэ янхандаа хэлээч” гэх утгатай нийтлэл оруулсан байсан. Тус нийтлэлийг үзээд “Б Б” хаяг руу орж харсан чинь мэдээлэл дээр нь М-н 88529310 гэсэн утасны дугаар болон [email protected] гэх өөрийн нь хаяг зэрэг нь бүртгэлтэй байсан. Тэгээд би М-д ийм нийтлэл оруулсан талаар хэлсэн чинь би тэгээгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хаягийг дахиад харсан чинь нүүр зургаа солиод бүртгэлтэй утасны дугаар, майл хаяг аа устгасан байсан. Одоо тухайн хаяг нь бол фейсбүүкт байгаа. Би энэ талаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. М 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед Завхан аймаг Улиастай сумд манай хүргэн ахынд байхад намайг зодож утас эвдсэн болон Тосонцэнгэлд болсон зүйлийн талаар мэдэх хүн байхгүй. 2025 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймагт сурч байхад миний утсыг булааж аваад байрны хана руу шидээд тэгээд барьж аваад байрны төмөр паар руу хэд хэдэн удаа цохиж эвдсэн. Мөн ширээн дээр байсан миний хичээлийн НР маркийн зөөврийн нөтбүүкийг газар шидээд дээрээс нь хөлөөрөө дэвслээд эвдсэн талаар манай ангийн охин М мэднэ. Мөн 2025 оны 02 дугаар сард бас намайг зодоод миний хуучин DELL маркийн зөөврийн нөтбүүкийг бас эвдсэн талаар М-тэй хамт ирсэн залуу мэднэ. Тэр залуу манай аймгийн залуу гэсэн нэрийг нь би санахгүй байна. Мөн Говь-Алтай аймагт намайг зодуулсан байхыг харсан манай ангийн хүүхдүүд мэдэх байх. М-н 2025 оны 02 дугаар сард эвдсэн гэх нөтбүүк нь DELL маркийн 14 инчийн үзүүлэлт бүхий нөтбүүк байсан. Тэр нөтбүүкийг манай эгч 2018 онд аваад хэрэглэж байгаад 2023 онд надад өгсөн нөтбүүк байгаа юм. Тухайн үед 2 сая орчим төгрөгөөр авч байсан. Мөн 04 дүгээр сард эвдсэн гэх НР маркийн 14 инчийн хуучин нөтбүүк 2025 оны 03 дугаар сард 650,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн 2025 оны 06 дугаар сард эвдсэн утас нь SAMSUNG A10 маркийн гар утас байгаа. Тэр утсыг би энэ оны 04 дүгээр сард Говь-Алтай аймгаас 320,000 төгрөгөөр авч байсан. Сая сүүлд эвдсэн гэх утас нь REDMI NOTE13 pro 59 маркийн утас байгаа. Энэ утсыг сая 07 дугаар сард Улаанбаатар хотоос 800,000 төгрөгөөр худалдаж адсан. Надад сүүлийн авсан REDMI NOTE13 pro 50 маркийн утасны хайрцаг нь байгаа. Өөр ямар нэг баримт байхгүй. М надтай маргалдахаараа чамайг би фейсбүүк сошиал орчинд тавина гэж сүрдүүлдэг. Мөн би чамаас салах бол чамайг ална шүү гэж хэлж сүрдүүлдэг. Мөн миний утас руу мессежээр болон чатаар байнга айлган сүрдүүлсэн болон доромжилсон зурвас болон зураг илгээдэг. Мөн намайг нэг удаа хардаад ална гээд ажлаасаа шөнө хүрээд ирсэн байсан. Тухайн зүйлүүд надад хадгалаатай байгаа тул би танд хэвлэж өгмөөр байна. Одоо миний толгой хөл хоёр ясандаа өвдөөд байгаа. Би сэтгэл санаанд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэмээр байна. Надад энэ асуудалтай холбоотой байгууллагад хандсан гэж мэдвэл Мөнгөншагай намайг ална гэх байх. Тиймээс энэ талаар өөрт нь мэдэгдмээр байна. Мөн энэ хүнээс салж харилцаагаа тасалмаар байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 56-59-р хуудас/,

- Хохирогч Н.Ц-н дахин мэдүүлэг  “...Ө.М 2025 оны 04 дүгээр сард эвдсэн гар утас нь iphone-12 mini маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2024 оны 05 сард 750,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Ө.М 2023 онд миний А-32 маркийн гар утсыг эвдэлж байсан. Би 2023 онд Ө.М эвдэлсэн гэх А-32 маркийн гар утсыг нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 61-р хуудас/,

- Хохирогч Н.Ц-н дахин өгсөн “...Ө.М нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед маргалдаад би өөрөөс чинь нь сална гэсэн чинь надаас салвал би чамайг ална гээд уул руу дагуулаад явсан. Мөн чамайг фейсбүүк сошиал орчинд зургийг чинь тавина гэж айлган сүрдүүлдэг. Ө.М нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр маргалдахдаа мөн адил чамайг надаас салвал ална шүү чамайг сошиал орчинд зургийг чинь тавина гэж сүрдүүлж байсан. Тухайн өдөр Ө.М фейсбүүк орсон чинь миний зургийг фейсбүүк сошиал орчинд тавьчихсан байсныг нь би мэдсэн. Ө.М нь 2025 оны 08 дугаар сарын 01-ны үед маргалдсан маргалдаад сална гэсэн чинь надаас чамайг ална хаа таарсан газарт чинь ална гээд намайг зодсон. Мөн чамаас надаас салчихвал фейсбүүк сошиал орчинд зургийг чинь тавина гэж айлгана сүрдүүлж байсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 63-р хуудас/,

- Хохирогч Н.Ц-н дахин өгсөн “...Ө.М 2025 оны 04 дүгээр  сард эвдсэн гар утас нь I Phone-12 mini маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг Завхан аймгаас 2024 оны 05 сард 750,000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утас худалдааны газраас худалдан авч байсан. Яг ямар газраас худалдан авч байснаа санахгүй байна. Тухайн баталгааны хуудас нь хаягдсан байсан. Одоо надад баталгааны хуудас байхгүй. Манай нөхөр Ө.М нь 2024 оны 05 сард миний гар утсыг эвдчихээд миний гар утасны  оронд надад авч өгч байсан гар утас байгаа юм. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 65-р хуудас/,

- Гэрч Г.М-н “...Би Ц-г танина. Оюутны нэг ангид сурдаг байсан. М-г Ц-н найз залуу болохоор танина. Ц М нар нийтийн байранд манай өрөөний хажуу өрөөнд байдаг байсан. 2025 оны 02 сард М Ц нар нь нийтийн байранд манай хажуу талын өрөөг түрээсэлж байдаг байсан юм. М нь 14 хоног ажилдаа яваад 14 хоног ирж байдаг байсан юм. Ажилдаа яваад ирэхээрээ  эхнэртэйгээ хэрэлдэж маргалддаг байсан. Тэр хоёрыг хэрэлдэж маргалдаад байхаар нь би өрөө рүү орохоор М нь Ц-нигар утас болон нөөтбүүк эвдчихсэн байдаг байсан. Миний хажууд М нь Ц-н биед гар хүрч байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 67-р хуудас/,

- Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гэх тэмдэглэл /хавтас хэргийн 26-28-р хуудас/,

- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Д.Д-н 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ...... дугаартай “Н.Ц-н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 73-74-р хуудас/,

- “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-н хөрөнгийн үнэлгээчин Ц.Х-н 2025 оны 08 дугаар сарын 27-ны СБД-51 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 81-87-р хуудас/,

- “Ашид Билгүүн” ХХК-н хөрөнгийн үнэлгээчин Б.Х-н 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ..... дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 90-92/ болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Н.Ц-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон, бусад бичгийн нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

 

Шүүгдэгч Ө.М-н уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, ...хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах”,

  мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  • Хохирлын талаар:

           Шүүгдэгч Ө.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Н.Ц-д 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,550,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь Н.Ц-н ХААН банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 51-р хуудас/

              Мөн шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ө.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх ял,

            мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох буюу торгох ял,

            мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

              Энэ хэрэгт шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Ө-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ө.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх ялаар, 

Мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусд нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-г 8 сарын зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд ........ сумын нутагт болон тус сумын Наран багт орших “Хан-Алтай” Ресурс ХХК-ний нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй бол түүнд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.  

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ