Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/42

 

         2026         06           02                                      2026/ШЦТ/42

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Ч.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Ц Эт холбогдох эрүүгийн 264...... дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар баг Д 6-600 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, СЩ91080835 регистрийн дугаартай У овогт Ц Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Д 6-600 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Агийн эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй.”  гэв.

 

 

264...... тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч М.Агийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2026 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай нөхөр Э биллиард тоглочхоод ирье гээд гараад явсан юм. Гарч яваад орой 23 цагийн үед гэрт ирээд намайг чи өөр хүнтэй харьцдаг юм биш үү гадуур хүн амьтан тэгж ярьж байна гэхээр нь би үгүй ээ тийм юм байхгүй, би ерөөсөө өөр хүн амьтантай харьцдаггүй гэсэн чинь намайг цохиж аваад миний нүдний шил хугараад шүд унасан юм. Тэгээд над руу чат бичсэн хүнтэй уулзана гээд залгаад утсаа авахгүй байсан чинь намайг буцаад толгой руу цохиод байсан. Тэгж байгаад манай ээж рүү залгаж яриад намайг хэл амаар доромжлоод хэсэг байж байгаад амарсан. Э бид 2 гэрлэлтийн баталгаатай… Би тухайн үед гар утасгүй байсан юм. Тэгсэн чинь манай таньдаг эрэгтэй хүн над pyy сайн yy найз юу байна. Хгээс сая ирлээ гээд чат биччихсэн байсан юм. Тэгсэн чинь миний чатаар ороод тэрийг харчихаад хардсан байна лээ. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, бас 1 шүд унасан. Урьд өмнө нь намайг зодож байсан. 2014 онд намайг хэл амаар доромжилдог байсан 2025 онд миний биед халдаж зодож байсан. Одоо бид 2 харьцахгүй байгаа. Би гомдолтой байгаа шүдээ янзлуулмаар байна. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно…” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/

Хохирогчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй. 2026 оны 01 дүгээр сард Э нь надад 1,000,000 төгрөг өгсөн тэрнээс хойш уулзаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдаан хойшлогдсон хугацаанд мөрдөгчид өгсөн “…2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Э нь миний биед халдахад миний шүд унаагүй. 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг зодохоор нь миний уур хүрээд шүд унагаасан гэж мэдүүлэг өгсөн юм. Миний шүд хэрэг болохоос өмнө авхуулсан байсан. Миний шүд 2025 оны 09 дүгээр сард өвдөөд байхаар нь авхуулсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй." гэх мэдүүлэг (хх-н 135 дугаар хуудас),

 

Х аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ХЭН-БОР0726/023 дугаартай “1.М.Агийн биед зүүн нүдний зовхины хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт (хх-н 20-21 дүгээр хуудас),

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас),

-Э ТӨҮГ-ын Б Уулын баяжуулах үйлдвэрийн Ц.Эын ажлын болон цалингийн тодорхойлолт, (хх-н 45, 99 дүгээр хуудас), шүүгдэгчийн Хаан, Хас банкны дансны хуулга (113-119 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

                Прокуророос шүүгдэгч Ц.Эыг эхнэр М.Агийн эрх чөлөөнд халдан зодож, биед нь зүүн нүдний зовхины хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г хамааруулахаар хуульчилсан ба энэхүү хэргийн шүүгдэгч Ц.Э, хохирогч М.А нар нь эхнэр, нөхөр тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар баг Д 6-600 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Агийн эрх чөлөөнд эр, эмийн хардалтын улмаас халдан зодож биед зүүн нүдний зовхины хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогч М.Агийн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

 

Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.А нь “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй. 2026 оны 01 дүгээр сард Э нь надад 1,000,000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн харилцаа, үүссэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж чадаагүй нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” талаарх дүгнэлтийг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...цалин орлого олдог байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.  

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцлоо.

 

   Шүүхээс шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Ц Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3  (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАТБАЯР