Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02015

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 182/ШШ2024/02015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух С овогт Сгийн Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Б овогт Ц ын Б /РД: /,

 

Хариуцагч: тоотод оршин суух Дгийн М /РД: /,

 

Хариуцагч:  тоотод байрлах АҮХЗХ /РД: /-д тус тус холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 17,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагч Ц.Б,

Хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч АҮХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.А,

Иргэдийн төлөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь Lexus 570 маркийн **** улсын дугаартай автомашиныг 2023 оны 05 сард Голомт банкны зээлээр худалдан авсан.

Уг тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21:20 цагийн үед .... замд ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цын Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, огцом ухарч Сгийн Г миний Lexus 570 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Түүнд хуульд заасан хариуцлага оногдуулж зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

ИЭ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар С.Г миний Lexus 570 маркийн **** улсын дугаартай автомашинд 24,897,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ИЭ ХХК-д автомашинд үнэлгээ хийлгэсэн 996,000 төгрөгийг төлсөн

Ц.Бгийн жолоодон явсан ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгасан даатгалын компаниас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,443,000 төгрөгийг иргэн С.Г надад шилжүүлсэн байдаг. ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь АҮ ХЗХ байх боловч тус ХЗХ нь Д.М нь тухайн автомашины эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч АҮХЗХ, Д.М, Ц.Б нараас автомашинд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр болох 16,454,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч Д.М, Ц.Б, АҮХЗХ нараас автомашинд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр болох 17,450,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орой 21 цагийн үед Моносын уулзварын Тэсийн колонк дээр *** улсын дугаартай Мон маркийн том тэрэгтэй ухрах хөдөлгөөн хийхдээ **** улсын дугаартай 570 маркийн машин мөргөж хохирол учруулсан. Уг *** том тэрэг нь 13 метрийн урттай, сүүл хэсэг нь замын 2 эгнээнд байсан. **** машин нь эгнээ байр буруу эзэлж, миний яг ард тулгаж тавьсан байсан учраас ухрах хөдөлгөөн хийхэд харагдаагүй. Уг осол болох үед Ц.Б би бичиг баримт бүрэн, даатгалтай байсан. Миний тэргийг журмын хашаанд хийсэн. Тэр орой нь *** машины эзэн болох Баяраа ах ирж, С.Гтай уулзаж, манай тэрэгний буруу хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн дүгнэлт гарч, *** буруу болж, машинаа журмын хашаанаас авахаар очсон. Тэгтэл журмын хашааны хүмүүс наад машиныг битгий гаргаарай гэсэн гээд гаргаагүй. Ямар хүн тэгсэн бэ гээд лавлатал Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн газрын ахмад Т гэсэн. Тэр хүнтэй холбогдоод асуутал та нар байцаагчид мөнгө өгч, машинаа авах гэлээ тэр байцаагч та нарыг Авлигатай тэмцэх газар өгнө гээд бөөн юм болсон. Тэгээд машинаа авч чадаагүй. Машины эзэн Баяраа аль болох хурдан шийдэж өгье гэж байхад хүнээр яриулж дарамталлаа гээд мөнгө өгөхөө больсон.

Дараа нь би Даатгалын компанитай холбогдож, хохирлыг 100 хувь барагдуулж болно гэж байна, ирээд Миг даатгалын хуулийн зөвлөхтэй уулзаад гэрээ байгуулаад болно гэж байна цуг очъё гэсэн. Гэтэл С.Г завгүй байна, надад цагдаа ах байгаа гээд очоогүй. Ингээд би Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн газарт очиж уулзахад, манайх хохирол барагдуулдаг байгууллага биш, зам тээврийн ослын буруу зөвийг шийднэ, та нарын мөнгөний асуудалд оролцохгүй гэсэн.

Ц.Б надад хохирол төлөх мөнгө байхгүй бөгөөд, өөрийн чадах бүх боломжоо хэлсэн. Би хүний машиныг цалинтай барьж, хөдөө орон нутагт явдаг тул сар бүрийн орлогоос сар сард нь өгч хохирлыг барагдуулна. Уг **** улсын дугаартай 570 маркийн машины эвдэрч солигдсон бүх сэлбэгийг авах хүсэлтэй байна. Үүнд: их гэрэл, гүпер, урд жааз төмөр болон бусад сольсон бүх юмыг авмаар байна. Эд нар нь засвар авах боломжтой маш өндөр үнэлгээтэй гарсан гэв.

 

3. Хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг АҮХЗХ-оос зээл авч, худалдан авч байсан. Жолооч Ц.Б нь тус тээврийн хэрэгслийг жолоодож байсныг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б нь тухайн тээврийн хэрэгслийг цалин авч, жолооддог байсан. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг хэт өндрөөр үнэлүүлсэн байна. Би зах зээлийн ханш судлахад ийм өндөр өртөгтэй байгаагүй. Хариуцагч Ц.Бтой адил саналтай байна. Нэхэмжлэгч нь солиулсан гэх хуучин сэлбэгүүдээ өгөх юм бол нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 орчим төгрөг төлөх боломжтой гэв.

 

4. Хариуцагч АҮХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гын нэхэмжлэлтэй Ц.Б, Д.М, АҮХЗХ-д холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлд АҮХЗХ-ны жолооч Ц.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******** маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад С.Гын Lexus 570 маркийн, **** улсын дугаартай автомашиныг ухрахдаа мөргөсөн бөгөөд үнэлгээний байгууллагаар 24,897,000 төгрөгийн хохирол учруулсныг Ц.Бгийн даатгалаас нөхөн олговорт 8,443,000 төгрөгийг олгож үлдэгдэл төлбөр болох 17,450,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан хоршооны гишүүн Д овогтой Мд зээл олгосон. Фидуцийн зүйл болох *** маркийн, *** улсын дугаартай, *** арлын дугаартай цагаан алаг өнгөтэй автомашиныг үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор АҮ ХЗХ-ны өмчлөлд түр шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу эзэмших ашиглах явцад зөрчил маргаан илэрсэн бол үүссэн хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцах учир үүрэг гүйцэтгэгч Д.М нь хариуцна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нар нь үнэн бодитой гарсан хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

6. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

6.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗХБ-22 дугаартай тэмдэглэл /хх-4/, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-5/, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-6/, Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 682 дугаартай тодорхойлолт /хх-8/, ИЭ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх9-10/, Ц.Бгийн өргөдөл /хх-11/, Голомт банк ХК дахь **** тоот дансны хуулга /хх-12/, Хаан банк ХК дахь 5021856697 тоот дансны хуулга /хх-13/, Төлбөрийн баримт /хх-14/, фото зураг /15-16/, С.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай ЗХБ-21 тоот тэмдэглэл /хх-18/, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0238715 дугаартай Шийтгэлийн хуудас /хх-19/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-20-21/, 2023 оны 12 дугаар сарын 26-н өдрийн Итгэмжлэл /хх-55/, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-69/, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ1245137725 дугаартай Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ болон мөн өдрийн БГ1245137725 дугаартай Барьцааны гэрээ /хх- 72-76/, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-93/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-110/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-111/, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Нэхэмжлэх /хх-134/, Зарлагын баримт /хх-135/, Мөнх ханги хужирт ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-136-137/,

 

6.2 Хариуцагч АҮХЗХ нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 17-нй өдрийн Итгэмжлэл /хх- 29/, АҮХЗХ-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-34/, хариу тайлбар /хх-35/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт /хх-36-38/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23114/11 дугаартай Нэмэлт зээлийн гэрээ /39-40/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2311/11 дугаартай Фидуцийн гэрээ /хх-41-42/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2311/11 дугаартай Баталгаа /хх-43/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн өргөдөл /хх45-46/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 дугаартай Зээлийн гэрээ /47-48/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 дугаартай Фидуцийн гэрээ /хх-49-50/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 дугаартай Баталгаа /хх-51/, АҮХЗХ-ны гишүүний анкет /хх-53-54/, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2403/01 дугаартай итгэмжлэл /хх-89/,

 

6.3 Хариуцагч Ц.Б нотлох баримтаар: хариу тайлбар /хх-57-59/,

 

6.4 Хариуцагч Д.М нотлох баримтаар: 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0379 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-103/ хариу тайлбар /хх-106/, хариу тайлбар /хх-108/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

6.5 Шүүхээс хариуцагч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус шүүхийн 182/ШТ2024/00127 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд Мөнх хада ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/22 дугаартай албан бичгээр хариу /хх-123-128/ ирүүлж, хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ц.Б, Д.М, АҮХЗХ-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 17,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... хариуцагч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Гын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. ИЭ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар С.Гын тээврийн хэрэгсэлд 24,897,000 төгрөгийн хохирол учирсан ба даатгалын компаниас 8,443,000 төлөгдсөн. Ц.Бгийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг Д.М нь АҮХЗХ-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан байх тул хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч АҮХЗХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тус хоршооны гишүүн Д.Мтэй 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан фидуцийн зүйл болох 76-86 улсны дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор АҮХЗХ-ны өмчлөлд түр шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу эзэмших, ашиглах явцад зөрчил маргаан илэрсэн бол үүссэн хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна гэж мэтгэлцэж байна.

 

3. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... Тухайн зам тээврийн ослыг гаргасан буруутай гэдгийг зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлүүлсэн, яг бодитой ийм зардал гарсан нь тодорхойгүй байна. Мөн солиулсан гэх сэлбэгүүдийг надад өгөх юм бол нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг төлөх боломжтой гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг хэт өндрөөр үнэлүүлсэн байна. Би зах зээлийн ханш судлахад ийм өндөр өртөгтэй байгаагүй. Хариуцагч Ц.Бтой адил саналтай байна. Нэхэмжлэгч нь солиулсан гэх хуучин сэлбэгүүдээ өгөх юм бол нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 орчим төгрөг төлөх боломжтой гэж тайлбарлан, маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Хариуцагч Ц.Б нь .... замд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 20 минутын үед ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийн зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээ чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс Лексус 570 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, С.Гын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 

5.2 Дээрх ослын улмаас С.Гын тээврийн хэрэгсэлд 24,897,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ИЭ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1376 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэхэд 996,000 төгрөгийн зардал гарсан болох нь төлбөрийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх хохирлоос Миг даатгал ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,443,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Гад төлжээ.

5.3 Талууд хэн аль нь .... замд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Б, Лексус 570 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Г нар жолоодож явсан талаар маргаагүй.

 

Тодруулбал, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Долгорсүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд: Ц.Б нь ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийн зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээ чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн, мөн Ц.Б нь ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дээрх зам тээврийн осол гаргасны улмаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 0238715 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байх ба энэхүү шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр болсон байна.

 

6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хариуцагч Ц.Б нь ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байна.

 

Хариуцагч Ц.Бгийн жолоодож явсан ******** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.Мийн эзэмшил бөгөөд хариуцагч Ц.Б нь хариуцагч Д.Мийн зөвшөөрлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгаж, жолоодож явсан үйл баримтад талууд маргаагүй.

 

7. Хариуцагч АҮХЗХ нь Д.Мтэй 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2307/02 дугаартай Зээлийн гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2311/11 дугаартай Нэмэлт зээлийн гэрээг тус тус байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2307/02 дугаартай Фидуцийн гэрээ буюу Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2311/11 дугаартай Нэмэлт Фидуцийн гэрээ буюу Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, *** улсын дугаартай Man.TGX 28.480 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хэдийгээр *** улсын дугаартай Man.TGX 28.480 маркийн тээврийн хэрэгсэл нь АҮХЗХ-ны нэр дээр бүртгэлтэй боловч шууд эзэмшигч нь Д.М бөгөөд осол гаргасан гуравдагч этгээд Ц.Бд тээврийн хэрэгслийг Д.М шилжүүлэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дах хэсэгт зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Тухайн тохиолдолд шууд эзэмшигч Д.М нь осол гаргасан гуравдагч этгээд буюу тээврийн хэрэгсэл ашиглагч Ц.Бд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн, зээл болон фидуцийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан бүртгэлд үндэслэж АҮХЗХ-нд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул АҮХЗХ-нд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

8. Иймд хариуцагч Д.М, Ц.Б нар нь нэхэмжлэгч С.Гад учирсан 17,450,000 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасныг үндэслэн хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

9. Хариуцагч Ц.Б, Д.М нар нь Лексус 570 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн сольсон гэх хуучин сэлбэгүүдийг авах хүсэлтэй байна гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардах эрх хэрэгжүүлээгүй болохыг дурдав.

 

10. Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хариуцагч нар нь бодит учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэх дүгнэлт гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзлээ.

 

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Д.М нараас 268,674 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бгоос 8,725,000 /найман сая долоон зуун хорин таван мянган/ төгрөг, хариуцагч Д.Мэс 8,725,000 /найман сая долоон зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгож, хариуцагч АҮХЗХ-нд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Д.М нараас 268,674 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА

 

шүүгч Ч.ДАВААСҮРЭН

 

шүүгч Н.НАРАНГЭРЭЛ