Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00828

 

“ЭСССК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00652 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭСССК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О” ХХК, Л.Т, Т.О нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 579 217 960 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жаргалсайхан,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Майцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Янжинхорлоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭСССК ХХК нь “О” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу хадгаламж барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай олгосон байдаг. ЭСССК ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан Л.Т, түүний хүү Т.О, тэдгээрийн компани болох “О” ХХК-д олгосон байдаг. Зээлийн зориулалт нь “О” ХХК-ний Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалттай барилгыг барьж дуусгах юм. Тэд байраа барьж дуусгаад зээлийг хүүгийн хамт төлж, хугацаа хоцроосон тохиолдолд алданги төлөхөөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцааны гэрээг тусгаагүй. Иргэний хуульд заасны дагуу барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар мэдээгүй байсан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний тодотгол гэж байгуулсан. Энэ гэрээний тодотголын дагуу зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, хүүгээс бодсон алдангийг нэхэмжилж байна. Анх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 327 000 000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээ байгуулахгүй сунгаж явж байгаад төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор өөрсдөө оруулж хэлэлцүүлж сунгаж явж байгаад сүүлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 445 174 967 төгрөгийн үндсэн зээл төлөхөөр тохиролцсон. 2017 оны 7 дугаар сарын 20-нд 445 174 967.2 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 3 дугаар сарын 05-ны байдлаар 187 000 304 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлж, 257 870 967 төгрөг үлдсэн. Хуримтлагдсан хүү буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн эргэн төлөлт 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хассан дүнгээс хүү бодож, хуримтлагдсан хүү 110 581 236 төгрөг болж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш алданги тооцож, 213 548 334 төгрөг болж байна. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 257 870 967 төгрөг, хуримтлагдсан хүү 110 581 236 төгрөг, алданги 128 935 483 төгрөг нийт 497 387 687 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 001/2017 тоот зээлийн гэрээгээр авсан 445 174 967 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл 315 174 967 төгрөг, зээлийн хүү 98 448 650 төгрөг, алданги 152 482 343 төгрөг болон гэрээнд заасан урамшуулал 13 112 000 төгрөг нийт 579 217 960 төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “О” ХХК болон “ЭСССК” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул уг нэхэмжлэлийн хариуцагч нь гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн этгээд болох “О” ХХК байна. Иргэний хуулийн 34 дугаар зүйлд заасны дагуу компани нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцдог, иргэний эрх зүйн бие даасан субъект төдийгүй Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж зохицуулсан байдаг. Тиймээс “О” ХХК-ийн ерөнхий захирал Л.Т болон тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Т.О нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан хариуцагч гэх тодорхойлолтод хамаарахгүй байна. Уг гэрээгээр Л.Т, Т.О нар нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч “О” ХХК-иас 445 174 967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭСССК” ХХК-д олгож, хариуцагч Л.Т, Т.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 054 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 383 825 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЭСССК” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Манай компани нь "О" ХХК болон Л.Т, Т.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 257 870 967 төгрөг, хүү 110 581 236 төгрөг, алданги 128 935 483 төгрөг нийт 497 387 686 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээний дагуу хүү, алданги авах эрхтэй тухай дурдаад 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт "О" ХХК-иас 445 174 967 төгрөг гаргуулж "ЭСССК" ХХК-д олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа манай компанийн нэхэмжилсэн 497 387 686 төгрөгөөс 52 212 719 төгрөгт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тайлбарлаагүй. Дан ганц "О" ХХК-иас гаргуулж, хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцоогүй этгээд гэж хариуцагч Л.Т, Т.О нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т "Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэж заасан байхад хариуцагчаар татан оролцуулах захирамж гаргасан байж Л.Т, Т.О нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. "О" ХХК нь хариуцагч Т.О-н 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй өөрийнх нь компани юм Л.Т нь дээрх компанийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд зээл авахад энэ 2 хүн гарын үсэг зурсан. Зээл түүний үр шимээр бий болсон эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан нь зээлийг төлөхгүй байх, эд хөрөнгөө нуун дарагдуулж байгаа үйлдэл юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 52 212 719 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Л.Т, Т.О нарыг үндсэн нэхэмжлэлийн хариуцагч болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь тодорхой бүтэцтэй байх ёстой ба 118.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ гэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт 445 174 967 төгрөгийг хариуцагч "О" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн аль хэсгийг ямар үндэслэлээ хангасан, аль хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон талаараа үндэслэх хэсэгтээ тусгаагүй байна. Нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 265 656 967 төгрөг, хүү 124 325 984 төгрөг, алданги 132 828 484 төгрөг, урамшуулал 13 112 000 төгрөг нийт 535 923 435 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудаас аль шаардлагыг нь ямар хэмжээгээр хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч компани 2019 оны 3 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт нийт 187 304 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уг үнийн дүнг хасаагүй байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 281.1, 282.3, 232.3 дах хэсгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ Иргэний хуулийн 282.3 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү тооцохдоо зөвхөн бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаанд тооцох эрхтэй. Талуудын хооронд 2015 онд байгуулагдсан зээлийн гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тодотгол хийж, гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна. Ийнхүү сунгахдаа зээлийн хүүг нэг сарын 1,9 хувь байхаар тогтоожээ. Харин 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш талуудын хооронд бичгээр байгуулагдсан аливаа гэрээ, хэлцэл байхгүй буюу гэрээний хугацааг сунгасан баримт байхгүй байна. Тиймээс зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 5 сар 5 хоногийн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна. Харин зээлдүүлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүү тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй тул зээлийн хүүд шаардсан 124 325 984 төгрөгөөс гэрээний хугацаан дах хүү болох 43 701 342.61 төгрөгийг Иргэний хуулийн 281.1, 282.3 дах хэсэгт заасны дагуу төлөх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 282.3 дах заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зээлийн хүүг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд бодсон дүнгээр хангасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч компани зээл төлөх нэмэлт хугацаа олгосон тул алданги төлөх үндэслэлгүй гэсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Төлбөрийн асуудлаар хариуцагчид олон удаа хандаж, нөхцөл байдал, хүндрэлтэй байдлыг харгалзан өөрсдийг нь байлцуулан шийдвэр, тэмдэглэл олон удаа гаргасан ... " гэж зааснаас харахад нэхэмжлэгч нь зээл төлөх нэмэлт хугацаа олгосон болохоо өөрийн тайлбараар зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд шүүх зохигчдын тайлбарыг үнэлэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч компанийг зээлээ төлөхийг шаардсан нэг ч баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосныг гэрчлэх нэг үйл баримт гэж үзэх боломжтой байна. Тиймээс зээлдэгчийн зүгээс Иргэний хуулийн 219.2-т заасны дагуу "О" ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон бөгөөд ийнхүү нэмэлт хугацаа олгохдоо тодорхойгүй хугацаа олгосон байна. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 208.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь шаардсан даруйд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч компаниас зээлдэгч буюу “О” ХХК-д үүргээ гүйцэтгэхийг шаардсан мэдэгдлийг ирүүлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан буюу үүрэг гүйцэтгэх ёстой хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэж үзэхээр байгаа юм. Гэтэл шүүх талуудын тайлбарыг үнэлэхгүйгээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ цуцлах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд ингэснээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд нэхэмжлэл гаргаснаас хойш талууд гэрээнд заасан үүргийн биелэлтийг нөгөө талаасаа шаардах эрхгүй болох үр дагавартай. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн хүү, алдангийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тооцсон байгаа нь хуульд нийцээгүй байна. Гэтэл шүүх энэ асуудлаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Шүүх ялимгүй зөрчлийн улмаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй ноцтой зөрчил болсон. "ЭСССК" ХХК-ийн нэхэмжлэлтэй "О" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагт зарлагдсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Д.Янжинхорлоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг нар 09 цаг 03 минутад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг ирэхэд шүүх хуралдаан нээж, хүсэлт хэлэлцээд завсарлаж байсан бөгөөд хэргийг хэлэлцэж эхлээгүй байсан. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Янжинхорлоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүгчийн туслахаар дамжуулан шүүгчид гаргасан боловч хүсэлтийг хангаагүй зөвхөн ажиглагчийн хувьд шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, талууд маргаантай, тооцооллын зөрүүтэй байхад шүүх ялимгүй зөрчилд үндэслэн хэргийн оролцогчийн үндсэн эрх болох мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2-т заасан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг хангаагүй байна. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд талуудыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой байсан төдийгүй хариуцагчийн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд ирж, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна. Түүнчлэн шүүх хэргийн оролцогчийн эрхийг илтэд зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулаагүй нь шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэх эсэхэд ч мөн үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох гэрээнд заасан урамшуулал 13 112 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг огт дүгнээгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүхэлд нь дүгнэлт өгч, шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5 дах хэсэгт заасны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЭСССК” ХХК нь хариуцагч “О” ХХК, Л.Т, Т.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 579 217 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 497 387 687 төгрөг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ЭСССК” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “О” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ЭСССК” ХХК нь 327 864 000 төгрөгийг, 1 сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хариуцагч “О” ХХК-д зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцож, хариуцагч “О” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 96 дугаар байрны 6 орон сууцыг барьцаалуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 16-20 дугаар тал/

Талууд дээрх  зээлийн болон барьцааны гэрээний үүргийн талаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний тодотголоор нэхэмжлэгч “ЭСССК” ХХК нь хариуцагч “О” ХХК-д 445 174 697 төгрөгийг, 1 сарын 1,9 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 21 дүгээр дугаар тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс тооцоололын алдаа гаргасан ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой байна.

Тодруулбал, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгчид нийт 187 304 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг үндсэн зээл 445 174 967 төгрөгөөс хасч, үлдэх 257 870 967 төгрөг, хуримтлагдсан хүү 110 581 236 төгрөг, алданги 128 935 483 төгрөг, нийт 497 387 687 төгрөгийг шаарджээ.

Хэрэгт авагдсан гэрээний тодотгол, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч “О” ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 445 174 697 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 187 304 000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл 257 870 967 төгрөг, 5 сарын хүү /257 870 967₮ х 1,9хувь х5сар/ 24 497 740 төгрөг, нийт гэрээний үндсэн үүрэгт /257 870 967₮ + 24 497 740хүү/ 282 368 707 төгрөг, 1 хоногийн алданги /282 368 707₮ х 0,1%/ 282 368 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл нийт 455 хоногоор тооцож /282 368₮ х 455хоног/  128 477 440 төгрөг, бүгд /282 368 707үндсэн үүрэг + 128 477 440алданги/ 410 846 147 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “ЭСССК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Харин нэхэмжлэгч “ЭСССК” ХХК нь хариуцагч Л.Т, Т.О нартай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагч Л.Т, Т.О нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Т, Т.О нар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэх боловч дээрх гомдол нь үндэслэлгүй болно. Учир нь: хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 9 сарын 17, 2018 оны 12 сарын 18, 2018 оны 12 сарын 21-ний өдрүүдэд гардуулж, хариуцагч нар 2018 оны 9 сарын 28, 2018 оны 12 сарын 07, 2019 оны 01 сарын 07-ны өдрүүдэд шүүхэд хариу тайлбар гаргажээ. /хх-ийн 49-51, 80-81, 110-111 дүгээр тал/

Түүнчлэн, 2019 оны 01 сарын 22, 2019 оны 02 сарын 13, 2019 оны 02 сарын 20, 2019 оны 02 сарын 22, 2019 оны 3 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 127, 133, 142, 148-149, 154, 155 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас 410 846 147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭСССК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86 541 540 төгрөг болон хариуцагч Л.Т, Т.О нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... 2 383 825 ...” гэснийг “2 212 180” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 013,6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 383 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                                                    ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                                                                                       Г.ДАВААДОРЖ