Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/030

 

 

Л.*******, М.*******, Д.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч Л.*******, М.*******, Д.*******, тэдгээрийн өмгөөлөгч

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******, М.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.*******, М.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 2114000000324 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Жаа овогт *******гийн *******, ... урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******,

 Монгол улсын иргэн, Бандихүү овогт *******ын *******, .... урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 5-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнссэн, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******,

Монгол улсын иргэн, Цагаан овогт *******ын *******, .... улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******,

Шүүгдэгч М.*******, Л.*******, Д.******* нар нь бүлэглэж “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар болох Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг “Шомбон хөх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,66 м2 буюу 0,0001 га талбай бүхий 1 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 401.115 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан...” гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.*******, М.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жаа овогт *******гийн *******, Цагаан овогт *******ын *******, Бандихүү овогт *******ын ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жаа овогт *******гийн *******, Бандихүү овогт *******ын ******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Цагаан овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.*******, М.******* нарт оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******, М.******* нарын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.*******д зан үйл засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн зан үйлээ засах сургалтад хамрагдах хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Л.*******, М.*******, Д.******* нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан помп 1 ширхэг, пункер 1 ширхэг, сэгсрэгч 1 ширхэг, хүрз 3 ширхэг, зээтүү 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.*******, Л.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.*******, Л.******* нарын эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний хувьд найз ******* түүний гэр бүлийн хүнтэй хамтран гар аргаар алт олох гэж газар ухаад эхэлж байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдаж ухсан газраа дарж нөхөн сэргээлт хийсэн. Ухсан газрын хохирол 133.705 төгрөг болж түүнийг 3 дахин нэмэгдүүлж 401.115 төгрөгөөр төлж хохирлыг барагдуулсан. Миний хувьд ам бүл дөрвүүлээ, мал маллаж амьдардаг, алт шорооны ажил хийдэггүй, найз нар алт гардаг гэхээр нь хамтраад энэ хэрэгт орсон.

Миний хувьд гэм буруугаа бүрэн хүлээж байгаа, хохирлыг нөхөн төлсөн дахин хэзээ ч гэмт хэрэг хийхгүй нэг жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.******* гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхээс надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гарсан.

Миний хувьд эхнэр *******, найз ******* нартай газар ухаад эхэлж байтал цагдаа ирж, үйл ажиллагааг зогсоосон. Бид ямар нэгэн тээврийн хэрэгсэл, машин механизм хэрэглээгүй байсан. мэдүүлэг авахад нь ямар нэгэн албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээж, гэм буруугаа хүлээсэн. Ухсан газарт шинжээчийн үнэлгээ хийхэд 133.705 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол гарсан байсныг 3 дахин нэмэгдүүлж 401.115 төгрөгөөр төлж хохирлыг барагдуулсан. Ухсан газраа булж нөхөн сэргээлт хийсэн. Миний хувьд ам бүл 11-үүлээ, эхнэр, 6 хүүхэд, 4 ач нарын хамт амьдардаг, өрх тусгаарлан тусдаа гарсан үр хүүхэд байхгүй, эхнэр бид хоёрын олсон орлогоор амьдардаг.

Миний хувьд хүмүүсийн малыг хөлсөөр хариулах, хувийн цөөн тооны бог малаараа амьжиргаагаа авч явдаг. Алт олчих байх гэж хууль бус байгаль руу халдсан үйлдэл нэг удаа гаргаж, энэ нь саяын баригдсан хэрэг. Миний биеийн эрүүл мэнд муу, 2020 онд мотоциклиос унаж нуруундаа гэмтэл авсан, иймээс нуруу байнга өвдөж зовиурлаж зарим үед хэвтэрт ордог.

Одоо миний нуруу, бөөр байнга өвдөж, цагдан хорих байранд эмчид байнга үзүүлж байна, энэ эрүүл мэндийн байдал хорих ял эдлэхэд маш хүндрэлтэй байгаа, мөн ахуй амьдралын байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.*******, Л.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Л.*******, М.******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч М.*******, Л.*******, Д.******* нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар болох Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг “Шомбон хөх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,66 м2 буюу 0,0001 га талбай бүхий 1 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 401.115 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь

-хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , гэрч , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

-”...Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын 401115 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал нь 109007 төгрөг болж байна. Уг газар нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан байна... гэх дүгнэлт Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/74 дүгээр, “... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд зүйл нь нийт 290.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаар дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.*******, М.*******, Д.******* нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, уг хэрэгт шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээний аргачлалаар 3 дахин нэмэгдүүлэн 401.115 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөн нөхөн сэргээлт хийх зардал 109.007 төгрөгийг нэмж нийт 510122 төгрөгийг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Л.*******, М.******* нарт хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.*******, М.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 510.122 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болон 0.0001 га хэмжээтэй, урьд нь эвдэгдсэн газрыг ухсан зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.*******, М.******* нарын давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн...” гомдол болон саналыг хангаж шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4 -т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Цагаан овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Цагаан овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар,

Жаа овогт *******гийн *******, Бандихүү овогт *******ын ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус нэг /1/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 6, 7, 8 дугаар заалтууд “...Д.*******...” гэсний дараа “...Л.*******, М.*******...” гэж тус тус нэмж,

Тогтоох хэсгийн 2, 4, 5 заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын дугаарлалтыг 1-10 болгон дугаарлалтыг өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч М.*******, Л.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч М.*******, Л.******* нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

                    ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ