Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02135

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 182/ШШ2024/02135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Х овогт Бийн Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, М овогт Бы Ш /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч Б.Ш,

Гэрч З.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 12 сарын 17-ны өдөр ***** улсын дугаартай, ***арлын дугаар бүхий хар өнгөтэй, 2013 онд үйлдвэрлэсэн **** маркийн автомашиныг 30,800,000 төгрөгөөр иргэн Б.Штэй тээврийн хэрэгслийн худалдах худалдан авах гэрээ нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээ байгуулахын өмнө хоёр тал Доктор авто сервисийн 10 дугаар хорооллын салбарт явах эд ангийн оношилгоо хийлгэсэн бөгөөд тухайн үед инженер нь машиныг засварын багаж дээр гаргах явцдаа унаж үзсэн ба дугтраад байна гэсэн онош хэлсэн ба үүний дагуу автомат хропны тосыг шалгахад байх түвшнээс бага байна гэж хэлсэн ба автомат хроп угзарч, дугтарч байгаа нь тос бага байгаагаас нөлөөлж болно гэсэн тайлбар өгсөн. Үүний дараагаар гэрээ байгуулан төлбөр тооцоо дууссаны дараа би өөрийн биеэр тухайн өдрөө Пит авто центрт оношлуулан үзүүлэхэд автомат хропны тос маш бага хэмжээтэй байна гэж оношилсон ба үүний дагуу хуучин тосыг асган шинээр MPM маркийн CVT хропны зориулалтын 7 литр тос, доод шүүр хамт сольсон энэ нь нийт 603,500 төгрөгийн зардал гарсан. Тухайн автомат хропыг задлахад бохирдол ихтэй төмрийн үртэстэй байна гэж оношилсон ба энэ нь тухайн хроп муудсан доторх дамжуулагч гинж элэгдсэнээс үүссэн байна гэсэн онош засварын газрын инженер тайлбарлаж өгсөн. Тухайн үйлчилгээ хийгдэж дууссаны дараа автомат хропны дугтрал зүгээр болоогүй тул Б.Штэй утсаар холбогдож болсон процессын тайлбарлан хэлсэн хариу нь хропонд байх учиргүй тормозны системд байгаа гэж тайлбар хэлсэн ба чи дахиад өөр газраар оношлуулаад үзээч гэсэн хүсэлтийн дагуу 2023 оны 12 сарын 22-нд Subaru world rally team засвар буюу Б.Н рүү очиж оношилгоо хийлгэснээр автомат хроп муудсан оноштой ба засвар хийхэд 7-8 сая төгрөг, орж ирсэн автомат хроп солиход 8-9 сая төгрөг болно гэсэн. Дахин Б.Штэй холбогдож үйл явдлыг тайлбарлан хэлэхэд GD Garage дугаартай Субару засвараар дагнасан газрыг санал болгосон ба тухайн газар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оношилгоо хийлгэсэн ба мөн л автомат хроп эвдэрсэн онош тогтоосон. Тухайн газар орж ирсэн автомат хроп нь 4,5 сая төгрөгөөр сольж өгсөн гэсэн. Дээрх процессыг Б.Шт утсаар холбогдон тайлбарлан хэлэхэд хүлээж аваагүй наад асуудал чинь өөр зүйлд байгаа байх гэж тайлбарласан. Миний судалж үзсэнээр 2013-2014 оны загвар нь компьютер алдаанаас үүсдэг байна гэсний дагуу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр GA Mongolia chip tunning service гэсэн пэйж хаягтай 88005621 утасны дугаараар холбогдон очиж компьютер оношлуулсан ба тухайн автомат хроп нь эвдэрсэн оноштой нь тогтоогдсон. Энэ бүхний эцэст 12-р сарын 26-нд Б.Штэй дахин холбогдон автомат хроп эвдрэлтэй нь тодорхой байна. Хийсэн наймаагаа буцаая /өмнө нь ярих болгондоо хэлж байсан болно/, эсвэл арай хямдаар нь GD Garage дээр байгаа 4,5 сая төгрөгийн автомат хропны мөнгийг гаргаад өгөөч гэж санал тавьсан. Би өөр машин авсан, үлдсэн мөнгөө байрны урьдчилгаанд хийсэн чамд өгөх мөнгө байхгүй, цагдаа, шүүхээрээ яваарай гэж хэлсэн. Үүнээс хойш утасны дуудлага авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байгаа болно. Иймд миний бие иргэний анхан шатны шүүхэд хандахаас өөр аргагүй болсон тул та бүхэнд хүсэлт гарган автомашины автомат хропны хохирлыг засварын газруудаас хямд үнэ санал болгосон 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүх шатны явцад өөрийн биеэр автомашины автомат хропны эвдрэл, гэмтлийг 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн З.Г эзэмшигчтэй GD Garage засварын газар 4,000,000 төгрөгөөр засварлуулсан тул 500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Этай 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан ***** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг худалдсан. Би тус тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сарын 31-нд худалдаж авсан бөгөөд намайг унаж байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл, техникийн саатал гарч байгаагүй. Гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа Доктор авто сервис дээр явах эд ангийн оношилгоог хийлгэсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн эвдрэл байхгүй, доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Доктор авто сервис зөвлөсний дагуу явах эд ангийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан зүйлсийг хийсэн зардал болох 1,200,000 төгрөгийг бууруулан 30,800,000 төгрөгөөр худалдсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т тээврийн хэрэгслийн чанар, иж бүрдэл: хэвийн гэж талууд харилцан тохиролцсон. Миний бие эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч тал гэмтэл учруулсан байх боломжтой учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2023 оны 12 сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, бүртгэлийн хуудас /хх-5-11/, Доктор авто сервисийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Явах эд ангийн оношилгооны хуудас /хх-13/, Авто пит центрийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн хуудас /хх-16/, Б.Эын эзэмшдэг Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-47-48/, 24520055 дугаартай шилжүүлгийн мэдээлэл /хх-85/

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-42/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

3.3 Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/06746 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-87-90/ хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчид Б.Шт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...Б.Штэй 2023 оны 12 сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **** арлын дугаартай, ***** улсын дугаартай, **** маркийн автомашиныг 30,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээ байгуулахаас өмнө автомашины явах эд ангийн оношилгоог Доктор авто сервисийн 10 дугаар хорооллын салбарт хийлгэсэн бөгөөд хропны тос багассан, унаж үзэх үед дугтраад байна гэсэн онош хэлсэн. Ингээд гэрээ байгуулан төлбөр тооцоо дууссаны дараа Пит авто центр, Subaru world rally team, GD garage, GA Mongolia chip tuning service зэрэг газруудаар оношлуулахад автомашины хроп эвдэрсэн болохыг мэдсэн бөгөөд GD Garage засварын газар хропыг 4,500,000 төгрөгөөр сольж өгнө гэсэн тул 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх шатны явцад автомашины хропыг GD Garage засварын газраар 4,000,000 төгрөгөөр засварлуулсан тул 500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Б.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ...Би тус тээврийн хэрэгслийг 2023 оны 06 сарын 31-ний өдөр худалдаж авсан бөгөөд намайг унаж байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл, техникийн саатал гарч байгаагүй. Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2023 оны 12 сарын 17-ны өдөр Доктор авто сервис дээр явах эд ангийн оношилгоог хийлгэсэн бөгөөд эд ангийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан зүйлсийн зардал болох 1,200,000 төгрөгийг бууруулан 30,800,000 төгрөгөөр худалдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд тээврийн хэрэгслийн чанар, иж бүрдэл хэвийн гэж тохиролцсон. Тээврийн хэрэгслийг шилжүүлж өгснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч тал гэмтэл учруулсан байх боломжтой учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

3. Талуудын хооронд 2023 оны 12 сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч Б.Ш нь **** арлын дугаартай, ***** улсын дугаартай, **** маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.Эын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.Э нь хэлэлцэн тохирсон үнэ болох 30,800,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зохигчид 2023 оны 12 сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн болон нэхэмжлэгч автомашины үнэ болох 30,800,000 төгрөгийг хариуцагчид төлсөн эсэх талаар маргаагүй.

 

4. Талуудын хооронд автомашиныг хүлээлгэж өгөх үед автомашин нь биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Талууд гэрээ байгуулах үед автомашины явах эд ангийг оношлуулсан байх бөгөөд Доктор авто сервисийн 10 дугаар хорооллын салбарын инженер засварын багаж дээр оношилгоо хийж, унаж үзээд хроп угзарч, дугтарч байгаа нь хропны тос бага байгаагаас шалтгаалж болно гэсэн тул хропны тосыг худалдан авагч Б.Э солиулахаар тохиролцож, талууд гэрээг байгуулан төлбөрийг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь автомашины хропны тосыг солиулсан боловч хроп дугтрах нь хэвийн болоогүй талаар хариуцагч Б.Шт мэдэгдэж байсан байна. /хх-87-90/

 

Гэрч З.Ггийн ...Тосны даралт унасан, мөн тос нь дутуу байсны улмаас эвдрэл үүссэн. Механизмын хувьд нэлээн эвдрэлтэй байсан, ... Тосны савыг харахад төмрийн үртэс гарч ирсэн юм. Төмрийн үртэс орно гэдэг нь дотроо ямар нэгэн элэгдэл гэмтэл үүссэн гэсэн үг. Унаад явахад дугтраад байсан учир хроп эвдэрсэн гэдэг нь ойлгомжтой байсан гэх мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд ***** улсын дугаартай, **** маркийн автомашины хроп нь эвдрэл, гэмтэлтэй буюу биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь ... автомашиныг нэхэмжлэгчид талд шилжүүлж өгснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч тал гэмтэл учруулсан байх боломжтой гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д ...Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан хугацаанд автомашины доголдлыг илрүүлж, тухайн доголдлыг арилгасан байх тул доголдлыг арилгахад гарсан зардлыг төлүүлэхээр шаарджээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д Худалдсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж тус тус тохиролцсон байна.

 

Иймд хариуцагч Б.Шээс автомашины доголдлыг арилгахад гарсан зардал болох 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Шээс 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,738 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Шээс 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА