| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/0129/Э |
| Дугаар | 2026/ЦШТ/145 |
| Огноо | 2026-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.О |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2026/ЦШТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,
улсын яллагч хяналтын прокурор С.О,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..................................................
Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20***/ШЦТ/** шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20**ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт 20** оны 01 дүгээр сарын 09-өөс 10-ны шилжих шөнө “хэрүүл маргааны учир олоод салгаж чадахгүй” гэх шалтгаанаар А.С, С.Д нартай маргалдаж, улмаар С.Дн нүүр хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 3-р тал/,
Хохирогч С.Д 20** оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “… Би 20** оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн оройны 23 цагийн орчимд Д аймгийн төвд байдаг "Викториа" бааранд ажлынхаа Б, О, С, Б, Ц нарын хамт орсон. Бид нар баарны талбайн голын ширээн дээр суусан. Бид нар бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Баарны текний баруун талд /нойлын өрөө рүү явах хэсэгт/ танихгүй эрэгтэй хүмүүс надтай цуг явж байсан О цохихоор нь би О цохисон хүн дээр очоод яагаад манай дүүг цохиж байгаа юм гэж хэлээд салган, нүүрэн хэсэгт нь алгадаж, цохин хоёр тийш болоод салсан. Намайг текний хажууд байж байхад, нэг эрэгтэй хүн миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиход манарсан, хэд цохиулснаа мэдэхгүй байна. Намайг цохиулснаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа баарны ажилчид салгасан чинь цагдаа нар ирсэн…Намайг цохисон залуу бас надтай явж байсан Сыг унатал нь цохисон гэж байсан…С бид хоёр архи уусан байсан. Би өөрийгөө удирдах чадвартай байсан… Надтай цуг явж байсан О хүн цохихоор нь би салгасан, тэгэхээс яг юунаас болж зодоон эхэлснийг мэдэхгүй байна. Намайг цохисон залууг би бас цохисон, гэмт учруулахаар бол цохиогүй…” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 7-р тал/,
Хохирогч А.С 20** оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “…Баарнаас гарах үедээ бааранд байсан эмэгтэй хүмүүстэй танилцаад цуг гарах гэж байхад, тухайн эмэгтэйчүүд хажуу талынх нь ширээний эмэгтэйтэй муудан зууралцахаар нь би салган битгий муудаа гэж хэлсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй яаж салгаад байгаа юм гэхээр нь би хэлэх үг олдохгүй байж байгаад, өөр яаж салгах байсан юм одоо аваад гарах гэж байна хөгшөөн гэж хэлсэн чинь миний футболкноос зууран хаанахынх юм бэ гэж хэлээд нүүрэн хэсэгт нэг удаа цохихоор нь би, царайг нь харах гэхэд хажууд нь байсан эрэгтэй миний футболкийг татан толгойн дээр болгоод нойл руу чирээд толгой, цээж хэсэг рүү цохисон. Би салаад текний урд хэсэг руу явж байхад Д ахыг хэн нь мэдэгдэхгүй хүмүүс цохиж хамраас нь цус гарсан харагдсан.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч Т.Б 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “…Шөнийн 01 цаг 30 минутын хавьцаа ажлынхантайгаа баарнаас гарах гээд бэлдээд жолооч дуудчихсан машин халаалгаад, зарим нь баарны нойл руу яваад өгсөн байсан. Тэгтэл Д нойлын булангаас хамраас нь цус гарчихсан байдалтай хүрээд ирэхээр нь би чи яав аа гэтэл Д "С хүмүүс дээрэлхээд байхаар нь би өмөөрөөд тэгтэл зодуулчихлаа" гэж хэлсэн. Тэгтэл би баарны нойл руу очоод салгах гэтэл өндөр, цагаан футболктой залуу С нүүр лүү нь цохиод авсан. Би шууд тэрийг нь болиулаад салгацгаасан…Тухайн баарны текний тэнд маргаан болж байхад С дөрвөн охинтой юм ярьж зогсож байхад нь "ингэж салгадаг юм уу" тэ гээд цохиод авсан. Тэрнээс болоод маргаан үүссэн гэж бодож байна…С, Д хоёр байсан нөгөө өндөр залуу, тэгээд баарны хамгаалагч залуу Сыг боогоод шууд арагшаа аваад явсан… Би маргаанд оролцоогүй салгаал яваад байсан, миний биед гэмтэл учраагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч С.Д-н 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “…тэгтэл С салгачихсан байж байх шиг байсан тэгтэл хэсэг залуучууд тойроод бас зогсчихсон ажиглаад байж байхаар нь санаа зовоод очоод би салгаад туслаад байж байсан чинь нэг өндөр залуу ирэнгүүтээ "яаж салгаад байгаа юм" гээд С-г хэлсэн. Тэгэхээр нь С гайхсан маягтай хартал шууд нүүрэн тус газар луу нь цохиод авсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол нэг залуу намайг хойноос татаад авахаар нь би тэр залуутай зууралдаад байж байтал Д ах орж ирээд салгах гэтэл нөгөө С-г цохидог залуу шууд Д ахын хамар луу нь цохитол хамраас нь цус гарчихсан…Өөр хүмүүс оролцоогүй тэр өндөр залуу С, Д хоёрыг цохиж биед нь гэмтэл учруулсан…Би маргаанд оролцоогүй, миний биед гэмтэл учраагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Гэрч Э.Т 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “…Викториа бааранд хамгаалагчаар гарж байсан…тэр эмэгтэйчүүд хоорондоо "чи намайг үсдлээ" гээд маргалдаад байсан тэгтэл тэнд байсан залуучууд хориод байж байтал буцаад тек рүүгээ яваад эргээд хартал маргалдаан дунд орж ирсэн өндөр залуу, болон хүүхнүүдийн маргалдаанд ороод хориод байсан 2 залуу гээд тэр гурав баарны нойлын үүдэнд зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр өндөр залуу болон, тэр залууг нь сайн танихгүй сүүлд маргалдаанд ороод ирсэн харагдсан, тэгээд тэр хоёр нүүр нүдгүй зодолдоод байхаар нь очоод хартал хамраа цохиулчихсан, хамраас нь цус гарсан байдалтай, байж байсан… Хэдэн хүүхнүүд хоорондоо маргалдаад хажуугаар нь орж ирсэн залуучууд хоорондоо зодолдсон байх… Өндөр залууд цохиулсан залуу хамар нь хугарсан байх гэж бодож байна нэлээн их цус гарсан байдалтай байсан. Тэр өндөр залуу бэртээгүй гайгүй байсан, өөр хүн гэмтэл аваагүй, тэр хоёр л зодолдсон өөр хүмүүс хажуугаас нь салгах гээд оролдсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.А 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ********* дугаартай “...С.Д-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх боломжтой байна. Гэмтэл учруулахад үйлчилсэн зүйл хүчийг тогтоох боломжгүй. Учирсан гэмтлийг өөртөө учруулах боломжгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 31-32-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.А 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******** дугаартай “...А.С-н биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой эдгэрч буй хуучин гэмтэл байна. Гэмтэл учруулахад үйлчилсэн зүйл хүчийг тогтоох боломжгүй. Учирсан гэмтлийг өөртөө учруулах боломжгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 41-42-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Н 20** оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаартай “…М.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй…” гэсэн дүгнэлт / хх-ийн 50-р тал/,
20** оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай албан бичиг / хх-ийн 116-р тал/,
Эд мөрийн баримтаар хураан авсан Викториа баарны хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 68-73-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт 20** оны 01 дүгээр сарын 09-өөс 10-ны шилжих шөнө “хэрүүл маргааны учир олоод салгаж чадахгүй” гэх шалтгаанаар А.С, С.Д нартай маргалдаж, улмаар С.Д-н нүүр хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
М.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-н биед хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2.”Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус хуульчилсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.А 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *********** дугаартай “...С.Д-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх боломжтой байна. Гэмтэл учруулахад үйлчилсэн зүйл хүчийг тогтоох боломжгүй. Учирсан гэмтлийг өөртөө учруулах боломжгүй...” гэж дүгнэсэн.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-д 439,796 төгрөгийн хохирол учирсан мөн хохирогч С.Д нь энэ хохирлын улмаас эмнэлгийн тусламж авсан байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд 105,462 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, насны байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял дээр Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сар 24 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 28 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 19 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сар 28 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 19 хоног зорчих эрхийг хязгаарлаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Д аймгийн С сумаас гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х у овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял дээр Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сар 24 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 28 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 19 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сар 28 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 19 хоног зорчих эрхийг хязгаарлаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Д аймгийн С сумаас гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ