Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ЦШТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,

улсын яллагч хяналтын прокурор С.О,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .....................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Э.Д нь Д аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М зочид буудалд 20** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Ц хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ  үл ялих зүйлийн улмаас маргалдаж, улмаар Д.Ц нүүрэн тус хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нулимсны сувгийн тасрал, хамар ясны хугарал, зовхинд шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт “...Ц бид хоёр 20** оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Ц нэг шил архи аваад ирсэн. Тэрийг нь уугаад унтсан. Маргааш нь Ц М буудал орьё гэхэд эхнэр нь буудалд цэвэрлэгч хийдэг өмнө нь буудалд зодоон хийсэн учраас буудлын ресепшн оруулахгүй байсан. Бид хоёр гуйсаар байгаад орсон. Гэтэл буудалд эхнэртэйгээ маргаан үүсгээд байсан. Бид хоёрын муудах шалтгаан нь үүнээс л болсон. Ц би өмнө нь хүн алаад шоронд орсныг мэдэж байгаа биздээ гээд босоод ирэхээр нь би хутга шөвөг гаргаад ирэх вий гэж айсандаа шанааны дээд хэсэгт цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, (хавтаст хэргийн 1-р тал),

Хохирогч Д.Ц 20** оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “…Би 20** оны 01 дүгээр сарын 29 ний өдөр гэртээ байж байсан чинь 12 цагийн орчимд Д гэх залуу намайг гараад ир уулзъя гэсэн тэгэхээр би гарч очиж уулзаад М зочид буудал руу явсан. Тэнд очоод нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад юм яриад сууж байтал Д гэх залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гараад нүдээ үзүүлэх гээд эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь хот явж үзүүл гээд би Улаанбаатар хотоор явж үзүүлж ирээд цагдаад хандаж байна… Намайг Д уулзах гээд яваад очиход Ч гэх эмэгтэй байсан. Өөр хүн байгаагүй… Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээд их согтуу байсан болохоор цагдаад хандаж чадаагүй шууд эмнэлэгт очиж үзүүлсэн… Би сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй. Эмчилгээнд гаргасан зардлаа нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг, ( хавтаст хэргийн 05-06-р тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Н 20** оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *********** дугаартай “...Д.Ц биед нулимсны сувгийн тасрал, хамар ясны хугарал, зовхинд шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүсгэгдсэн байх боломжтой. Д.Ц биед учирсан нулимсны сувгийн тасрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Д.Ц биед учирсан хамар ясны хугарал, зовхинд шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 10-11-р тал), зэрэг нотлох баримтууд цугларчээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь Д аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М зочид буудалд 20** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Ц хамт  согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ үл ялих зүйлийн улмаас маргалдаж, улмаар Д.Ц нүүрэн тус хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд  нулимсны сувгийн тасрал бүхий хүндэвтэр хохирол, хамар ясны хугарал, зовхинд шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Э.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар,

505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан тул хохирогч Д.Ц эрүүл мэндэд учирсан хохиролд 923,112 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байх тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Ц олгох нь зүйтэй байна.

Үүнээс гадна Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасныг баримтлан хохирогч Д.Ц нь энэ хохирлын улмаас эмнэлгийн тусламж авсан байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд 148,142 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Д-г  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар Г аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоох ял оногдуулах” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Э.Д-д нь эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ. 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар шүүгдэгч Э.Д-с 923,112 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-д, 148,142 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.    

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.АРИУНЗУЛ