| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00152/И |
| Дугаар | 156/ШШ2024/00189 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00189
2024 04 11 156/ШШ2024/00189
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
156/2024/00152/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: П Д ХХК
Хариуцагч: А Б
Нэхэмжлэлийн шаардлага: 24 101 201,92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.Б нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүрний урд замд hubei ЕНҮ маркийн ... УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх заалтыг зөрчиж, Ч.Э ын жолоодож явсан Hyundai Porter маркийн ... УЛУ улсын дугаартай автомашин болон Mersedes Benz маркийн 00-03 УБӨ улсын дугаартай автомашиныг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 442902 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоогдсон. ББТ Санхүүгийн нэгдэл ХХК нь П Д ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, 00-03 УБО улсын дугаартай, Mersedes Benz маркийн автомашиныг даатгуулсан ба Б Хас ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар 64,552,180 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох материалыг ирүүлсэн. П Д ХХК нь нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч танилцаад тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөлийн дагуу учирсан хохирлоос 24 101 201,92 төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2023/8580 дугаар тушаалын дагуу олгосон. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжсэн. Даатгалын нөхөн төлбөрт олгосон мөнгөн дүнгээс А.Б нь төлж барагдуулаагүй тул зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох А.Б аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 24 101 201,92 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие П Д ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 24 101 201,92 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П Д ХХК нь хариуцагч А.Б д холбогдуулан 24 101 201,92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 24 101 201,92 төгрөгийг төлөхийг хариуцагч А.Б нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч А.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч П Д ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 24 101 201,92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 457 төгрөгөөс 139 228,5 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 139 228,5 төгрөгийг, хариуцагч нараас 139 228,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ