Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00829

 

Ө.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00679 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 9 300 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Э,

Хариуцагч: Д.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж авсан, явцын дунд хүүг нь өгье гэсэн мөртлөө өгч чадахгүй байсан. 2013 оны 11, 12 сарын хүү 600 000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр надад өгсөн. 2014 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл огт мөнгө өгөөгүй. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 760 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөгийг тус тус өгсөн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй, үндсэн зээл 3 000 000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй тул зээлийн хүү 2 984 400 төгрөг, алданги 4 340 000 төгрөг нийтдээ 7 324 400 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүний тухайд 2015 оноос 2016 оны хүүг л тооцсон, алдангийн хувьд хүүг нь нэмж тооцоо хийгээд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг сунгасан байгаа. Үүнээс гадна надаас 2012 оны 5 сараас эхлэн бараа авдаг байсан, би жимс, нарийн ногоонууд зардаг. Хариуцагч “Барс” зах дээр суудаг, надаас зээлээр жимс авч зардаг байсан. Энэ хугацаанд мөнгө өгдөг байсан, 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар хүртэл авсан нийт барааны үнийн дүн нь 9 525 600 төгрөг болсон. Төлсөн мөнгөнүүд нь 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1 290 000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 1 500 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн, нийт төлөгдсөн нь 7 540 000 төгрөгийг өгсөн үлдэгдэл нь 1 985 600 төгрөгийг төлөөгүй. Иймд зээлийн мөнгө болон барааны үнэ нийтдээ 9 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үедээ хугацаа сунгалт хийгээд л яваад байсан. Үндсэн мөнгөнөөсөө хасаад яв гэхээр барааны үнэ дуусаагүй гээд байдаг байсан. Би нарийн тооцоо хийдэггүй болохоор хэлсэн амаар нь л яваад байдаг байсан. Өдөр болгон мөнгө авдаг байсан. Барааны үнээсээ хасаад байгаа юм уу, зээлээсээ ч хасаад байгаа юм уу мэдэгддэггүй байсан. Энэ хүнд итгээд л яваад байсан. Сарын хугацаатай 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байсан. Би бүр мартчихсан, төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасуулсан гэж бодсон. Хамгийн сүүлийн сунгалтыг санахгүй байна. Барааны мөнгө аль хэдийн төлж дуусаад дахиад шинэ бараа авч байсан. Миний буруу байгаа учраас үндсэн зээлж авсан 3 000 000 төгрөгийн үлдэгдлийг өгье, харин барааны мөнгө төлөх төлбөр байхгүй. Би тухайн үедээ хүнээс хүүтэй зээл аваад 500 000 төгрөг, 1 000 000 төгрөг гэх мэтээр төлж байсан. Өөртөө ямар ч баримтгүй өгөөд байсан нь миний буруу болсон байна. Үндсэн зээлээсээ хасъя гэхээр “юу яриад байгаа юм, болоогүй” гээд загнаад байсан. 2012 оны барааны тооцоо аль эрт дуусчихсан, миний бүх бичиг баримт лангууны ард үлдсэн. 2016 онд лангуунаасаа гарсан. Тооцоо дууссан гэдгийг үзүүлэх зүйл юу ч байхгүй. Аль хэдийнээ зарагдаад дуусчихсан барааны үнийг яриад байна. Би мөнгө төлөхөөр бол үндсэн зээлж авсан 3 000 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг өгчихсөн, үлдсэнийг нь өгч болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-гээс гэрээний үүрэгт нийтдээ 9 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ө.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 22-ны өдрийн дугаар 183/ШШ2019/00679 шийдвэрт нэхэмжлэгч Ө.Э би гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 74.1, 75.2 заалтуудыг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, мөн хуулийн 75.2.1 заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Нэхэмжлэгч Ө.Э би Д.Д-д 3 000 000 төгрөг зээлдүүлсэн гэрээгээ 2015 онд шинэчилж хийсэн байдаг, шаардах эрх нь дуусаагүй байхад 2017 онд шүүхэд хандсан байдаг. Мөн би Д.Д-д жимс зээлдүүлэхдээ 2015 онд зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 4 сарын 05-нд өгч дуусгана гэсэн болзолтой байсан, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж, мөн хугацааг талууд тохиролцсон байхад Иргэний хуулийн 74.1, 75.2 заалтуудыг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 9 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ө.Э нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг хариуцагч Д.Д-д зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд зээлийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан байна. Уг гэрээнд 4 340 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч бодит байдалд 3 000 000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагч Д.Д-д зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон ба хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 2 600 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэвч шүүх Иргэний хуулийн есдүгээр бүлэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон буруу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан. Талууд хэдийгээр 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2012 онд бичгээр байгуулаагүй боловч хожим 2014 оны 8 сарын 11-ний өдөр зээлийн гэрээний үүргийг харилцан тохиролцсоноо бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч Ө.Э, хариуцагч Д.Д нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай, алданги тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан байх боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдлыг зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Д нь 2015 оны 1 сарын 20-ны өдрөөр зээлд 300 000 төгрөгийг төлсөн гэх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэх үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.             

Иймд нэхэмжлэгч нь бодитоор шилжүүлсэн 3 000 000 төгрөг, 1 сарын хүү 300 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг шаардах эрхтэй байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 2 600 000 төгрөгийг хасч тооцвол 700 000 төгрөгийг үндсэн зээлд, алдангид 350 000 төгрөгийн хамт нийт 1 050 000 төгрөгийг хариуцагч Д.Д-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 9 525 600 төгрөгийн бараа өгснөөс 7 540 000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн, үлдэгдэл 1 975 600 төгрөг төлөгдөөгүй гэх боловч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул барааны үнэ 1 975 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00679 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гээс 1 050 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 29 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                      ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                                                                                                                        Г.ДАВААДОРЖ