Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч А.Батмөнх нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Батмөнхөд холбогдох эрүүгийн 1725001220097 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аиугийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн 4б-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овгийн Алимаагийн Батмөнх, рөгистрийн дугаар /РЭ84120332/

Яллагдагч А.Батмөнхийг 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4а-6 тоотод нагац эгч  Л.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал:  А.Батмөнх нь 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4а-6 тоотод гэртээ хамт амьдардаг нагац эгч  Л.Оюунчимэгийг “зурагтаа унтраа унтмаар байна” гэснээс маргалдан зодож  биед нь хоёр нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       -Хохирогч Л.Оюунчимэгийн... “би төрсөн эгчийнхээ хүүхэд Апимаагийн Батмөнхийнд Дэнж багийн Баруун дэнжийн 4-6 тоотод амьдардаг юм. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01:00 цагийн үед Батмөнхийн гэрт унтах гээд хэвтэж байтал Батмөнх зурагтаа унтраахгүй зурагт үзээд байхаар нь би унтмаар байна, дандаа шөнөжингөө зурагтаа унтраахгүй зурагт үзэх юм гэж хэлээд Батмөнх бид 2 маргалдаж эхэлсэн юм. Тэгсэн чинь Батмөнх босч ирээд миний нүдрүү цохиод намайг гэрээсээ хөөж гаргасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

            -Гэрч Л.Мөнгөнзулын... “зурагтаа унтраа гээд хэрүүл маргаан хийж байгаад миний нөхөр Оюунчимэг эгчийн нүүр лүү нь алгадсан. Тэгээд Оюунчимэг эгчийг хөөгөөд явуулсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

            -Гэрч Ц.Отгондаваагийн... “намайг гэртээ нөхөр хүүхдийн хамт унтаж байсан чинь миний ээж Оюунчимэг уйлсан байдалтай хөл нүцгэн орж ирсэн. “Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь Батмөнх намайг зодоод гэрээсээ хөөсөн гэж ярьсан. Энэ хэргийн улмаас манай ээжийн нүд нь хөхөрч цус хурсан байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

            -Гэрч Ц.Даваадалайгийн... “энэ хэргийн улмаас миний ээжийн баруун талын нүд нь хөхөрч улайсан байсан"... гэх мэдүүлэг ХХ-ийн 14,

            -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 672 дугаартай:-Л.Оюунчимэгийн биед хоёр нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.-Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. -Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1,-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.-Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн /16-рхуудас/

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-22-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан,хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч А.Батмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ.

            Шүүгдэгч А.Батмөнх 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4а-6 тоотод нагац эгч  Л.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч А.Батмөнхийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Алимаагийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батмөнхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ