Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 117/ШШ2021/0021

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай А.Дд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ ... улсын ахлах байцаагч Т.С нь “... А.Д нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах журам зөрчсөн ...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч А.Дд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянахад:

1. ... шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт  “... зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, нэр, регистрийг бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ... “, 4.14 дүгээр зүйл “... Нотлох баримт ...”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ...”, 3.5 дугаар зүйл “ Хууль ёсны төлөөлөгч”, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн.

2. Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Дд “... зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан ...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч А.Дд ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл А.Д нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон .... Т.Сийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Дд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2021.02.08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлэхдээ:  “... улсын ахлах байцаагч Т.Ст холбогдох, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай А.Дд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Хариуцагч Т.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие хуулиар хүлээсэн хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 08 сарын 23-ны өдөр баталсан “Хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 2020 оны 08 сарын 24-нөөс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг дэвсгэрт хүнд даацын нүүрс ачсан автомашинууд олон салаа зам гаргаж малын бэлчээр, газрын хөрсийг эвдэн тоосжилт үүсгэж байгаа байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх явцдаа “зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж, олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчиж байгаа” зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар иргэн А.Дд 50000 төгрөгийн торгууль ногдуулсан. Зөрчил гаргагч А.Д нь 2020 оны 08 сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Таван толгойгоос нүүрс тээвэрлэж яваа” гэдгээ мэдүүлсэн бөгөөд зөрчил үйлдсэн, түүнийгээ хүлээн зөвшөөрч оногдуулсан шийтгэлийг сайн дураараа биелүүлсэн тул зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Уг зөрчлийг Сайнцагаан сумын Далай багийн засаг даргаас ирүүлсэн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 61 дугаартай гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоосон бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдогчийн мэдүүлэг, хүн, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, газрын хөрс доройтуулсан, олон салаа зам гаргасан байдлыг харуулсан гэрэл зураг нь зөрчлийн нотлох баримт тул уг зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

2. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасан эрх хэмжээнийхээ дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйл “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчсөн” зөрчил үйлдсэн А.Дд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

3.Эрх  бүхий  албан  тушаалтан болох миний бие А.Дд холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэсний дагуу 2020 оны 09 сарын 01-ний өдөр Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Улсын ерөнхий Прокурорын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 5.3 дугаар зүйлийн 5.3.2-т “Прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулж, шийдвэрлэсэн хэрэг материалыг ажлын 5 хоногийн дотор хянаж” дүгнэлт бичих ёстой бөгөөд миний бие хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн даруйд буюу 2020.09.01-ний өдөр Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байхад прокурор нь шийтгэл ногдуулснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа “Прокурорын дүгнэлт” бичиж шүүхэд хүргүүлсэн нь дээрх зааврын 5.3.2-ыг зөрчсөн, шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна. Тухайн үед 2020.09.01-ний өдөр Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх зорилгоор Прокурорын туслах ажилтан А.Э авч үлдээд 10 гаруй хоногийн дараа буцааж өгөхдөө ямар нэгэн зөрчил байсан, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт, даалгавар өгөөгүй бөгөөд прокурорын газрын тэмдэг дарж баталгаажуулж өгсөн мөртлөө яагаад 3 сарын дараа дүгнэлт бичсэнд гайхаж байна. Иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

  Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “... Т.С миний бие 2020 оны 12 сарын 28-ны өдөр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөх хариу тайлбарыг хүргүүлж байсан.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2020 оны 08 сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Дд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна бичгийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай А.Дд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн  ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд холбогдогч А.Д нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай актыг биелүүлж, 50 нэгжтэй тэнцэх буюу 50000 төгрөгийн торгуулийг төлсөн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх талаар 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 21 тоот албан бичгээр тодруулсантай холбоотой болно.

Хариуцагч улсын ахлах байцаагч Т.С нь өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, уг шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Т.С нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 Тодруулбал шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хүлээн авснаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол хамгаалагдах нөгөө талаас зөрчилд холбогдогч А.Д нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг бүрэн төлсөн, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв. 

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай А.Дд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоохшаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч улсын ахлах байцаагч Т.Сийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц