Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/031

 

 

Б.*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.*******

 Нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох эрүүгийн 2114002730355 дугаар хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Зуун богд овогт *******гийн *******, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ВЮ92052232/

Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 5 удаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 9-13 тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч дайлан 2 ширхэг, мана хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн суурь 1 ширхэг, эмээл 1 ширхэг, хусуур 1 ширхэг, борц 1 кг, хөлсний сойтог 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.087.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Зуун Богд овогт *******гийн Төмөр-Уянгыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөр-Уянгыг 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч би давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ гэсний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2114002730355 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаас хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар нотлох баримтыг хангалттай хэмжээнд цуглуулаагүй гэж үзэж байгаа болно.

Шүүгдэгч Б.******* нь 16 наснаасаа эхлэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 70%-иар эмчийн байнгын хяналтад байдаг иргэн юм.

Тодруулбал Б.******* нь ахуйн гэмтлээс үүдсэн мэдрэлийн саажилттай болсон бөгөөд түүнийхээ улмаас 2 хөл нь хатингаршиж саажсан. Энэ өвчнийх нь уг шалтгаан үндэс нь тархи сэтгэцийн гаралтай өвчнөөс үүдсэн байдаг байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлын талаар хангалттай тогтоосон баримт сэлт хэрэгт авагдаагүй буюу Б.******* нь сэтгэцийн эмгэг эсхүл оюун ухааны хомсдолтой байж болзошгүй нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах, сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Б.******* нь сэтгэцийн эмгэг эсхүл оюун ухааны хомсдолтой байж болзошгүй нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах, сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 5 удаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 9-13 тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч дайлан 2 ширхэг, мана хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн суурь 1 ширхэг, эмээл 1 ширхэг, хусуур 1 ширхэг, борц 1 кг, хөлсний сойтог 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.087.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 43-51 дүгээр талуудад авагдсан

“... манай гэрийн цоожийг юмаар цохиж онгойлгосон байдалтай байж байсан, ...ногоон гөлөмтэй эмээл 1 ширхэг, түүний дээд талд уньнад зүүлдээстэй байсан бор хүрэн өнгийн жаргалын найман морины сийлбэртэй хусуур нэг ширхэг, хөлсний сойтог 1 ширхэг алга болсон, эхнэрийн цүнхэнд байсан бор шаргал өнгийн найман шаргал морьтой дайлан дотор байсан шүрэн толгойтой алтан нуухтай шинэ цагийн тархи манан хөөрөг нэг ширхэг, улбар шар өнгийн зүү ороосон очиртой дайланд байсан хятад хуванцар толгойтой халтар манан хөөрөг нэг ширхэг тус тус алга болсон, ... ууттай борцноос 1 кг орчим алга болсон...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлсэн мэдүүлэг

хавтаст хэргийн 55-56 дугаар талд авагдсан “... хөөрөг авах уу гэж надад хэлсэн тэгэхээр нь би тус хөөргийг хараад наадах чинь хулгайн хөөрөг юм бишүү би  авахгүй гэхэд миний хөөрөг байгаа юм би хөдөө явах гэсэн юм бензиний мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь чи тэгээд хэдэд өгөх гээд байгаа юм гэсэн чинь 150000 төгрөгөөр өгий гэхээр нь хулгайн юм биш биз гэж дахиж асуухад үгүй ээ минийх гэхээр нь тус 1 хөөргийг 150000 төгрөгөөр, 2 дайланг 150000 төгрөгөөр худалдаж аваад хулгайн юм байж болзошгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх гэрч *******ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан ...ногоон гөлөмтэй эмээл 1 ширхэг, түүний дээд талд уньнад зүүлдээстэй байсан бор хүрэн өнгийн жаргалын найман морины сийлбэртэй хусуур нэг ширхэг, хөлсний сойтог 1 ширхэг алга болсон, ...миний цүнхэнд байсан бор шаргал өнгийн найман шаргал морьтой дайлан дотор байсан шүрэн толгойтой алтан нуухтай шинэ цагийн тархи манан хөөрөг нэг ширхэг, улбар шар өнгийн зүү ороосон очиртой дайланд байсан хятад хуванцар толгойтой халтар манан хөөрөг нэг ширхэг тус тус алга болсон ...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

хавтаст хэргийн 87-89 дүгээр талд авагдсан “...******* ахын гэрийн хаалгыг нугасаар нь хутгаар салгаад тэднийд орж эхний өдөр борц авч хоол хийж идсэн. Тэгээд дараа өдөр нь гэрт нь орж хурдан морины хусуурыг авч зах дээр аваачиж эртний эдлэл зардаг хүнд 50.000 төгрөгөөр өгсөн. Дараа өдөр нь мөн орж эмээлийг нь авч Баруун бүсийн худалдааны төв дээр аваачиж танихгүй хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Дараа өдөр нь эмээлийн суурийг авч хурдан морины хусуур өгсөн хүнд аваачиж 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөн дараагийн өдөр нь авдарнаас нь 2 ширхэг хөөргийг дайлангийнх нь хамт авч нэг хөөргийг нь 150.000 төгрөгөөр зараад арай жижиг хүүхдийн хөөргийг нь зараагүй байж байгаад цагдаад баригдсан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Төмөр-Уянгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаар дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Төмөрхуягийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөр-Уянгыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Б.Төмөр-Уянгын сэтгэцийн хувьд эрүүл, мөн хөлний саажилтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгосон талаар түүний аав, ах, эгч нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүд өгсөн, давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал нь Б.Төмөр-Уянгын хувийн байдалд хамаарах тул нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд өгөх эрх нь өмгөөлөгчид нээлттэй байсан, энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул өмгөөлөгчийн “...Б.******* нь ахуйн гэмтлээс үүдсэн мэдрэлийн саажилттай болсон бөгөөд түүнийхээ улмаас 2 хөл нь хатингаршиж саажсан. Энэ өвчнийх нь уг шалтгаан үндэс нь тархи сэтгэцийн гаралтай өвчнөөс үүдсэн байдаг байна...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 

22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөр-Уянгын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ